Тереза Мэй: Ээлжит бус сонгууль явуулах нь хамгийн зөв шийдвэр

 

        Их Британийн Ерөнхий сайд ТЕРЕЗА МЭЙ өнгөрсөн долоо хоногт “ITV” агентлагт ярилцлага өгчээ. Түүний ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.

 

-Ерөнхий сайд аа, одоогоор дэлхий нийт тогтворгүй байна. Хойд Солонгос болон Сирийн асуудал хурцдаж байна. Гэтэл та ээлжит бус сонгууль зарлаж, намын болон хувийн эрх ашгаа нэгдүгээрт тавих юм. Энэ зөв гэж үү? -Ээлжит бус сонгууль бол үндэсний ашиг сонирхлыг хамгаалахын төлөө хийж буй зүйл. Миний бодлоор одоо ээлжит бус сонгуулт явуулах нь хамгийн зөв. Ингэснээр бид Засгийн газраа бэхжүүлж, “Brexit”-ийг давж гарах боломжтой болно.

 

-Та өнөөдрийг хүртэл ээлжит бус сонгуулийг эрт явуулж болохгүй гэж байсан. Гэтэл гэнэт яагаад ээлжит бус сонгуулт зарлах болов?

 

-Өнгөрсөн жил намайг Ерөнхий сайд болоход улс төрийн байдал харьцангуй тогтвортой, ард түмэн ч Европын холбоог орхих шийдвэр гаргачихсан байсан. Европын холбоог орхих шийдвэр гаргаснаар сөрөг үр дагаврууд гарах эрсдэлтэй ч бид үүнийг давж гарч чадсан. Одоо бидэнд буцах зам байхгүй. Европын холбоог орхих үйл явц аль хэдийн эхэлсэн. Гэхдээ сөрөг хүчин Европын холбооноос гарах үйл явцыг сунжруулах, хууль тогтоомжийн эсрэг санал өгнө гэж сүрдүүлж байна. Харин энэ удаагийн ээлжил бус сонгуулиар ард түмний дэмжлэгийг авбал ард түмний Европын холбоог орхих зорилго богино хугацаанд биеллээ олох боломжтой болох юм.

 

-Шотландын тэргүүн сайд Никола Старжен таныг сөрөг хүчин болох Хөдөлмөрийн намын нэр хүнд буурч байгааг боломж гэж харж байгаа нь тодорхой байна. Энэ бол өөрийг нь эсэргүүцэгчдийг замаасаа холдуулж, санал зөрөлдөж байгаа хүмүүсээс салах боломж юм. Ингэснээр Их Британийг өөрийнхөөрөө удирдах болно гэж мэдэгдсэн. Харин та түүнд улс төр тоглоом биш гэж хэлсэн удаатай?

 

-Улс төр гэдэг тоглоом биш. Харин зарим намынхан улс төрөөр тоглолт хийж байна. Би “Brexit”-ийг амжилттай дуусгахыг хүсч байгаа. Европын холбооноос гарах үйл явцыг Их Британийн талд ашигтай байхаар шийдэх учиртай. Учир нь, энэ хэлэлцээ амжилттай болсон цагт британичуудын хийсэн сонголт зөв байсныг батална.

 

-Танд Европын холбооноос гарах шийдвэр гаргасандаа эргэлзэж байсан удаа бий юү?

 

-Европын холбооноос гарах 50 дугаар заалт хэрэгжиж байхад сөрөг хүчний зүгээс ихээхэн эсэргүүцэлтэй тулгарч байсан. Амралтын өдөр нөхөртэйгөө алхаж байхдаа урт, шалгууртай замыг туулах ч ирээдүйн улс орныхоо тогтвортой байдлын төлөө үүнийг зайлшгүй хийх шаардлагатай гэж бодсон. Би британичуудын сонголтод итгэж байна.

 

-Та аливаа шийдвэрийг хэрхэн гаргадаг вэ, нэг шийдвэр гаргахад хэр хугацаа шаардлагатай байдаг бол?

 

-Шийдвэр гаргахад процесс маш чухал. Байж болох бүхий л мэдээллийг авч, түүний цаана юу байна, үзүүлэх үр нөлөө нь юу байх вэ гэдгийг харьцуулж, бусдын саналыг сонсч байж шийдвэр гаргадаг.

 

-Их Британид тулгамдаж асуудлын нэг нь Шотланд. Тус улсын тэргүүн сайд Никола Старжен Шотландыг Их Британиас салан тусгаарлах асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулна гэж мэдэгдсэн. Их Британи болон Шотландын харилцаа ямар байгаа вэ?

 

-Умард Ирланд, Англи, Шотланд, Уэльсийн холбоо нь эрхэм, нандин холбоо. Энэ холбоог хадгалж үлдэх хэрэгтэй. Би Никола Старженд хандан энэ талаар нухацтай бодож үзэхийг зөвлөсөн.

 

-БНАСАУ болон АНУ мөн Сирийн асуудлаас болоод ОХУ, АНУ-ын харилцаа тийм ч таатай бус байгаа. Энэ үед улсынхаа аюулгүй байдлыг хэрхэн яаж хамгаалах талаар бодож үзсэн үү?

 

-Их Британи Европын холбооноос гарах шийдвэр гаргаснаас эхлээд дэлхий ертөнц дээр маш олон зүйл болж байна. Яг энэ үед Их Британи тогтвортой дотроо эв найрамдалтай байх хэрэгтэй. Би британичуудаас надад итгэдэг үү гэж асуумаар байна. Хэрэв надад итгэж байгаа бол би ард иргэдийнхээ итгэлийг алдахгүй.

 

-Мэдээж итгэл гэдэг маш чухал зүйл. Та өмнө ард иргэдийн улстөрчдөд итгэх итгэлийг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж байсан. Ээлжит сонгууль явуулах нь хамгийн зөв гарц гэдгээ ард түмэнд хэрхэн ойлгуулж, тэднийг ятгах гэж байна даа?

 

-Ард түмэн биднийг юу хийж байгааг болон юу хийхээр төлөвлөж буйг бүгдийг мэдэж байгаа. Европын холбооноос гарах 50 дугаар заалтыг хэрэгжүүлээд эхэлсэн. Хэрэв Их Британи Европын холбооноос товлосон хугацаанд бүрэн гарч чадвал ажлын байр нэмэгдэнэ. Манай улс улам хүчирхэгжих боломжтой.

 

-Их Британи яг хэзээ Европын холбоог бүрэн орхих вэ?

 

-Европын холбооны тухай гэрээнд нэмэлт оруулсан Лиссабоны тохиролцооны 50 дахь заалтын дагуу ямар ч улс тус холбооноос гарах шийдвэр гаргах эрхтэй. Энэ тухайгаа албан ёсоор мэдэгдээд, шийдвэр гаргаснаас хойш гарах ажиллагаа хоёр жил үргэлжилж болно гэсэн байдаг. Тэгэхээр 2017 онд Европын холбоог орхиж байгаагаа албан ёсоор мэдэгдээд 2019 оны сүүлээр Их Британи болон Умард Ирландын нэгдсэн вант улс нь Европын холбооны гишүүн байхаа болино.

 

-Таны оруулсан саналыг парламентаар дэмжиж Их Британийн парламентын сонгууль ирэх зургаадугаар сард болохоор тогтсон?

 

-Сонгуулийн хугацааг урагшлуулснаар улс орны ирээдүйг тогтвортой байлгах, “Brexit”-тэй холбоотой эдийн засгийн эрсдэлээс зайлсхийх нөхцөлийг бүрдүүлнэ. Үндэсний ашиг сонирхлын хувьд энэ бол зөв шийдвэр. Учир нь энэ нь манай улсыг Европын холбооноос гарах асуудалд шаардлагатай байгаа хүчтэй, тогтвортой удирдлагаар хангах нөхцөлийг бүрдүүлэх юм. Тиймээс энэ бол хүчирхэг Британийг бий болгох, урт хугацаанд тогтвортой, аюулгүй байдлыг хангахад нөлөөлөх, ирээдүйгээ харсан зөв шийдвэр. Уг сонгуулиар хүчирхэг, тогтвортой удирдлага бүхий Консерватив нам болон Жереми Корбиноор тэргүүлүүлсэн тогтворгүй эвслээс сонголтоо хийх болж байна. Хэдий тийм боловч Либерал демократ нам, Никола Старжений Шотландын Үндэсний нам болон бусад эвслүүд Жереми Корбинд дэмжлэг үзүүлж байгаа. Тэд Их Британийн ард иргэдэд эрсдэл учруулж, тодорхой бус байдал бий болгохыг хүсч байна. Энэ нь Британийн ашиг сонирхол биш.

 

-Британи төдийгүй Европын холбоо, цаашилбал дэлхий дахинаа чухал үр дагавартай BREXIT-ийн процессыг өөрийн гараар удирдах хүний хувьд санаагаа чилээх олон зүйл байдаг болов уу?

 

-Ерөнхий сайдын албан тушаалыг хүлээн авснаасаа хойш нэлээд завгүй болсон шүү. Чөлөөт цагаараа хоолны ном харж байгаад олон янзын хоол туршиж үздэг байсан. Харин сүүлийн үед хоолны номоо ч нээж үзэхгүй завгүй байгаа.

 

Ц.Даваасамбуу

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)