“Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн нээлт өнөөдөр болно

 

        Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн нээлт өнөөдөр болно. Энэ жилийн лигийн тэмцээнд арван баг оролцож байгаа бөгөөд ерөнхий ивээн тэтгэгчээр “Арвайн үндэс” ХК ажиллаж байна.

 

120 сая төгрөгийн шагналын сантай лигийн нээлтийн үеэр “Оддын хөлбөмбөг” нөхөрсөг тоглолт болно. Уг тоглолтод урлаг, спортын алдартнууд багтсан. Энэхүү тоглолтыг Монголын хөлбөмбөгийн холбооны маркетингийн хэлтсээс зохион байгуулж байгаа юм.

 

 Нөхөрсөг тоглолтод оролцох одод “Хөх чононууд”, “Цагаан барс” багт хуваагдсан бөгөөд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Соёлын гавьяатууд болон спорт, урлагийн алдартнууд оролцох юм. Тодруулбал, Олимпийн медальтнуудаас Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган, Х.Цагаанбаатар, Д.Отгондалай нар багтсан бол улсын арслан Р.Пүрэвдагва тэргүүтэй хүчтэнүүд ч ур чадвараа сорино. Урлаг соёлын оддоос “Хурд”, Guys хамтлагийнхан болон Г.Ганхүү, П.Баярцэнгэл, яруу найрагчдаас Ш.Гүрбазар бий.

 

“Оддын хөлбөмбөг” тоглолтын тасалбар 3000 төгрөг бөгөөд 1000 төгрөг нь Аутизмыг таниулах сарын аянд зориулах юм. “Цагаан барс” багийг Олимпийн алт, мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, “Хөх чононууд”-ийг яруу найрагч, хөтлөгч Соёлын Гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар дасгалжуулна. Багууд хоёр үе тоглох бөгөөд үе бүр 20 минутаар тоглох аж.

 

 

С.Наран

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)