Т.Хулан: “ТҮЦ-ийн охин” кинонд ямар ч гоёчлол, халил ороогүй

 

        “Түц-ийн охин” хэмээх өвөрмөц нэртэй уран сайхны кино энэ сарын 8-нд нээлтээ хийнэ. Киноны найруулагчаар “Миний нууц” киног бүтээж багагүй шуугиан тарьсан найруулагч, соёлын тэргүүний ажилтан Д.Галбаяр ажиллажээ. Киноны талаар түүний гэргий, жүжигчинТ.ХУЛАНТАЙ цөөн хором ярилцлаа.Тэрбээр энэхүү киноны продюсерээр ажилласан юм.

 

-Киног ханьтайгаа хамтран бүтээх болсон тухайгаа яриач. Бодит амьдралаас сэдэвлэсэн гэдэг?

 

-Ханийн маань найруулсан долоо дахь уран бүтээл. Би энэхүү бүтээлийн тавд тоглож, хоёрыг нь продюсерлэсэн. “Түц-ийн охин” киног бодит амьдралаас сэдэвлэсэн нь үнэн. Гэхдээ нэг хүний амьдралыг хуулаагүй. Бидний амьдарч буй нийгэмд өдөр бүр нүдэнд харагддаг эгэл амьдралаас санаа авсан. Өөрөөр хэлбэл, “Түц-ийн охин” кинонд ямар ч гоёчлол, халил ороогүй. Өнөөгийн нийгэмд өрх толгойлон, амьдралын төлөө зүтгэж яваа эмэгтэйчүүддээ зориулсан юм. Тэд гаднаа инээж, дотроо уйлж амьдралыг нуруундаа үүрч явдаг нь үнэн. Тиймээс киноны үйл явдал, өрнөлийг кинотеатрт ирж заавал үзээрэй. Миний хань киног бүтээх гэж чин сэтгэлээсээ зүтгэж, бас зорьсондоо хүрлээ.

 

-Киноны гол дүрд та тоглосон. Танаас гадна оролцсон уран бүтээлчдийн талаар сонирхуулаач?

 

-Гавьяат жүжигчин С.Сарантуяа, залуу жүжигчин Т.Бадамжав нарын чадварлаг уран бүтээлч тоглосон. Киноны дууны хөгжмийн ая данг П.Отгонцэцэг тааруулж, шүлгийг Х.Соёмбо бичсэн. Харин дууг Б.Маралжингоо дуулж өдгөө зурагт, радиогоор эгшиглэж байгаа. Өнөөдөр гэхэд бид бүх кинотеатраар орж, бүтээлээ үзэгчдэд хүргэх эрх авч гэрээгээ байгууллаа. Ханьтайгаа хамтран хийсэн энэхүү кино маань хүмүүсийн сэтгэлд хүрэх болов уу гэж найдаж байна.

 

 

-Дараагийн уран бүтээлийн санаагаа олсон уу. Цаашдаа ханьтайгаа хамтран ямар сэдвийг хөндөж уран бүтээл хийх вэ?

 

-Өдөр болгон бид шинэ уран бүтээлийн тухай ярьдаг. Цаашид хийх уран бүтээлийнхээ санааг ч олсон. Гэхдээ одоогоор нууцалъя. Хийе, бүтээе гэвэл боломж олон байна шүү дээ.

 

Б.Даариймаа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • hmmmmmm (73.172.181.44)

    2017-05-08

    nohor zohioogood abgai toglood l. hairan Mongoliin kino urlag chaa*****