Mobile хувилбар

Босго өндөр Cонгууль

2017 оны 5 сарын 16

 

         Ерөнхийлөгчийн сонгуулийн цаг хугацааны тоолуур гүйж эхэллээ. Ердөө 40 хоногийн дараа төрийн тэргүүнээ сонгох ээл­жит сонгууль болно. Энэ бол УИХ-ын болон орон нутгийн сонгуультай харьцуулах юм бол хамгийн босго өндөр сонгууль. Яагаад гэдгийг тайлбарлах шаардлагагүй.

 

  Ирэх дөрвөн жилд Монгол төрийн жолоог атгах хүнийг сонгоно гэдэг зүгээр нэг саналын хуудсан дээрх нэрийг дугуйлахын нэр биш ээ. Үүгээрээ УИХ болон орон нутгийн сонгуулийг ач холбогдол бага гэж байгаа юм биш. Ер нь хариуцлагагүй сонгууль гэж  үгүй. Сонгууль үгийн язгуур нь сонго гэдэг үйл үг. Энэ утгаар бодсон ч сонгууль бол хамгийн хариуцлагатай сонголт гэдэг нь ойлгогдоно. Шат шатны сонгуулиудад тавих шалгуур өөр өөр байдаг. УИХ-ын сонгуульд бол 25 нас хүрсэн, Монгол Улсын иргэн нэр дэвших эрхтэй гэдэг ч юм уу. Харин Ерөнхийлөгчийн сонгуульд 45 нас хүрсэн, сүүлийн таван жил эх орондоо тасралтгүй оршин суусан, Монгол Улсын харьяат эцэг, эхээс төрсөн хүн байх ёстой гэх мэт шалгуур, босго бий. Энэ бүхэн Сонгуулийн хуульд туссан заалт, шалгуур юм.

 

 

Харин хуульд заагаагүй ч амьдралд хэрэгждэг хэм хэмжээ, үнэлэмж, босго гэж бий. Түүнийг сонгогчид дотоод үнэлэмж, мэдрэмж, өөрийн үзэл бодол, итгэл үнэмшлээрээ бий болгодог. Түүнд хэн ч халдах эрхгүй. Монголчуудын хувьд ийм үнэлэмж, итгэл үнэмшил, нийгмийн үнэт зүйлсийн талаарх мэдрэмж, ойлголт өндөртэй ард түмэн. Тиймээс аливаа сонгуулийн үр дүнд сурталчилгаа, пиар тун бага хувьтай нөлөөлдөг. Аливааг бодитоор харж, мэдэрч байж түүндээ үндэслэн шийдвэрээ гаргадаг нь манай сонгогчдын нэг давуу тал.

 

Өнгөрсөн жил болсон УИХ-ын болон орон нутгийн ээлжит сонгууль үүний нэг жишээ юм. Сонгуулийн сурталчилгаа, пиар ажиллагаагаараа бол АН ялах магадлалтай мэт харагдаж байсан ч байж мэдэх. Гэхдээ энэ бол зүгээр л сонгуулийн өмнөх “хөөс” байсан нь удалгүй харагдсан. Амьдралд, жинхэнэ хөрсөн дээрх үнэн нь тэдний эсрэг байжээ. Сонгогчид үүнийг мэдэж, мэдэрч байсан болохоор АН-ынханд дүнг нь тавьсан. Хуулиар заасан шалгуураас гадна сонгогчдын босго гэж ийм өндөр хэмжүүр, чанд хатуу үнэлэмж байдаг гэдгийг олон удаагийн сонгууль харууллаа.

 

Нөгөө талаар монголчууд аливааг шинжихдээ гярхай ард түмэн. Энэ бол нүүдэлчдийн ахуй амьдралаас урган гарсан онцгой чадвар, гоц мэдрэмж гэж болно. Байгаль дэлхийн өнгө аяс, цаг агаарын төлөв байдлыг шинжин танихаас эхлээд мал, амьтныг хүртэл ажин шинжиж дүгнэлт хийж чаддаг. Хурдан морь, хүчит бөхөө шинжихдээ бүр ч гарамгай. Хүнийг танихдаа ч гаргууд. Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа гэдэг үг ийм л утга учиртай. Хаан хүний 35 эрдэм, хатан хүний 15 эрдэм, түшмэл хүний есөн эрдэм гэх мэтээр ярилцаж, тэр эрдэм дотроос чухаг эрхэм нь юу вэ гэдгийг онцлон үздэг байв. Энэ бол төрийн тэргүүн хийгээд төр түших эрдэмт мэргэдээ ямар нарийн чанд шалгуураар шинжин сонгодог байсны илрэл юм.

 

 

Ийм ард түмэн төрийн тэргүүнээ сонгохдоо өндөр босго тавих нь мэдээж. Хүлэг морио хэдэн арван шинжээр шинждэг атлаа төрийн тэргүүн болох хүнээ тэр дайны шинжихгүй бол эцсийн үр дүнд сонголт нь ухвар мөчид, хуудуу хагас болох нь дамжиггүй. Ерөнхийлөгч бол Монгол Улсын нүүр царай болж гадаадад улс эх орноо төлөөлөх хүн. Түүнчлэн Монголын ард түмний эв нэгдлийн бэлгэдэл. Энэ талаас нь харж, ирэх дөрвөн жилд төрийн алтан жолоог атгуулах хүнээ нарийн шинжин сонгоно гэдэгт эргэлзэх юм алга. Төрийн албаны туршлага, боловсрол мэдлэгээс гадна эр хүний зангараг, хувийн төлөвшил, хүмүүжил, ёс суртахуун гээд олон шалгуураар сонгогчдын дотоод үнэлэмжийн дэнсэн дээр жин дарах нэр дэвшигч л дараагийн төрийн тэргүүн болно. Монгол төрийн босго өндөр, тотго ээлтэй байг ээ.   

 

Г.Ууганбаатар

"Монголын үнэн"

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Санал болгох