Ж.Эрдэнэбат: Манай улсын төсөл, хөтөлбөрүүдэд хамтран ажиллахыг Бүс нутгийн Засгийн газрууд, байгууллага, компаниудад уриалж байна

 

        “БҮС БА ЗАМ” ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЧУУЛГА УУЛЗАЛТЫН “ХАРИЛЦАН УЯЛДААТАЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ХАМТЫН АЖИЛЛАГАА” СЭДЭВТ ХУРАЛДААНД ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТЫН ХЭЛСЭН ҮГ ​ 

 

Эрхэм хүндэт дарга аа,

Эрхэм хүндэт төлөөлөгчид өө,

Хатагтай, ноёд оо,

 

“Уялдаа холбоог” буй болгохын төлөөх хүн төрөлхтний хүчин чармайлтад 2200 гаруй жилийн төр улсын түүхтэй, дэлхийн эртний соёл иргэншилтэй монголчууд бидний өвөг дээдэс түүхэн хувь нэмрээ оруулж байсан билээ.

 

Монголын их гүрэн эртний худалдааны аян замыг дэмжин хөгжүүлж байсан нь Евро-Азийг хамарсан чөлөөт худалдааны асар өргөн уудам бүсийг тухайн үедээ бүрдүүлж, дэлхий дахины эдийн засгийн амьдралд хүчирхэг түлхэц үзүүлсэн юм. Энэхүү бахдам түүх, уламжлалыг тээгч монголчууд бид XXI зуунд “уялдаа холбоо”-г өргөтгөн хөгжүүлэхэд чиглэсэн улс түмнүүдийн шинэ хүчин чармайлтад дуу хоолойгоо нэгтгэж, өөрийн хувь нэмрээ оруулах эрмэлзэл төгс байгааг илэрхийлэхэд нэн таатай байна.

 

Монгол Улс нь Евразийн төвд оршдог бөгөөд манай улсын нутаг дэвсгэрийг дайруулан ОХУ, Европ болон БНХАУ, Азийг холбосон хамгийн дөт, хамгийн аюулгүй, хамгийн хялбар, хамгийн хямд дэд бүтцийг барьж байгуулах бүрэн боломжтой гэж бид үздэг. Газрын тос, хийн хоолой, төмөр зам ба авто зам, эрчим хүч, Европ, Азийг холбосон мэдээллийн транзит урсгал зэргийг манай улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэх асуудалд манай Засгийн газар онцгой анхаарал хандуулж байна. Ялангуяа, манай улсын хөгжилд нэн тэргүүний ач холбогдол бүхий төмөр зам ба авто замын төслүүдийг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалт татах, улс орны дамжин өнгөрүүлэх чадавхийг дээшлүүлэх, хил дамнасан тээврийг хөгжүүлэн олон улсын худалдаа тээврийн сүлжээнд идэвхтэй оролцох зорилтуудыг бид тавьж буй. Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн манай төсөл, хөтөлбөрүүдэд анхаарал хандуулж, хамтран ажиллахыг Бүс нутгийн Засгийн газрууд, байгууллага, компаниудад хандан уриалж байна.

 

Манай улс Европ, Азийг холбосон чухал зангилаа дээр байршилтай хэдий ч далайд гарцгүй, дэлхийн хөгжиж байгаа 32 орны нэг юм. Уялдаа холбоог өргөжүүлэн хөгжүүлэх асуудалд бид онцгой ач холбогдол өгч буйн нэгэн учир шалтгаан нь манай улсын газарзүйн энэхүү байршил юм. Бүс нутгийн хөгжил цэцэглэлд эрчим хүчний уялдаа холбоог хангах явдал нэн чухал билээ.

 

Монгол Улс анхдагч эрчим хүчний нөөц ихтэй орны хувьд хөрш орнуудтай эрчим хүчний дэд бүтцийн холбоог хөгжүүлж, харилцан ашигтай хамтран ажиллах бодлого баримталж байна. Манай улс БНХАУ-ын эрчим хүчний хэрэглээ өндөртэй бүсүүдтэй ойр тул эрчим хүчний хангамжийг сайжруулахад хамтран ажиллах бүрэн боломж байна. Монгол Улс жилд 13000 тераваттын сэргээгдэх эрчим хүчний нөөцтэй гэсэн судалгаа байна. Тийм учраас манай төр, засаг сэргээгдэх эрчим хүчийг улс орны хөгжлийн чухал түлхүүр хэмээн үзэж байна.

 

Сэргээгдэх эрчим хүчний энэ арвин их нөөцөө эдийн засгийн хөгжлөө эрчимжүүлэхэд ашиглаад зогсохгүй Ази, Номхон далайн бүс нутгийн эрчим хүчний системийн амин чухал ундарга болгох эрмэлзэл бидэнд бий. Бидний санаачилгад бүс нутгийн улс орнууд, хөрөнгө оруулагчид өргөнөөр нэгдэж, өндөр үр ашигтай, байгаль дэлхийд ээлтэй, “сайн” төслүүд хамтран хэрэгжүүлэхийг Та бүхэнд уриалж байна.

 

Түүнчлэн Монгол Улсын хувьд чухал ач холбогдол бүхий усан цахилгаан станцуудыг барьж байгуулах талаар хамтарсан судалгаа хийх зэргээр хөрш орнуудтайгаа хамтран ажиллахад бид бэлэн байна. Эдгээр төслийг гурван талт хамтын ажиллагааны хүрээнд авч хэлэлцэж, гурван талын хамтын хүчээр хэрэгжүүлэх боломжтой гэж бид үзэж байна.

 

Хатагтай, ноёд оо,

 

"Бүс ба Зам" санаачилга улс хоорондын уялдаа холбоог жинхэнэ утгаар цогцлуулан байгуулахын амжилттай жишээ болж чадна гэдэгт итгэлтэй байна. Монгол Улс дэлхийн ард түмнүүдийн хоорондын уялдаа холбоог сайжруулан хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, Та бүхэнтэй идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байна. “Бүс ба Зам” чуулга уулзалтыг өндөр түвшинд амжилттай зохион байгуулсан БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон Хятадын удирдлага, ард түмэнд талархал илэрхийлье. ​​Анхаарал тавьсанд баярлалаа.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • Nergui (202.9.43.157)

    2017-05-17

    enhertee bish tusgaar uls gej iim shn unendee bol Chinagiin jijig tosgonii l zindaa shuu dee

  • w (103.23.51.4)

    2017-05-17

    ehner n saihan emegtei bna

  • ww (103.23.51.4)

    2017-05-17

    ehner n saihan emegtei bna