Б.Цэрэннадмид: Элсэлтийн шалгалтад сонсч ойлгох сорил нэмсэн

 

        Монгол хэл, бичгийн болон Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл дуусч 40388 хүн мэдлэгээ сорихоор болов. Үүний 87 хувь нь энэ оны, үлдсэн нь өмнөх оны төгсөгч аж. Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн Хэвлэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Б.ЦЭРЭННАДМИДААС тодрууллаа.

 

-Элсэлтийн ерөнхий шалгалт хэзээ эхлэх, даалгавар гүйцэтгэх хугацааны талаар мэдээлэл өгнө үү?

 

-Энэ жил зургаадугаар сарын 14-18-ны хооронд шалгалт авна. Хүүхдүүдэд шалгалтаас хоцрохгүй, нэг цагийн өмнө ирсэн байх шаардлага тавина. Мөн өнөөдөр суудлын хуваарь бодож дууссан. Тиймээс шалгалт өгөх сурагчид интернэт дэх өөрийн шалгуулагчийн булангаар дамжуулан нууц үгээ хийж суудлын хуваариа хэвлэж аваарай. Шалгалтад ирэхдээ бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, иргэний үнэмлэхээ авч ирэх ёстой. Тестээ хар өнгийн үзгэн болон тосон балаар бөглөхийг зөвлөе.

 

-Шалгалтын тест алдсан, тараасан гэх гомдол тасардаггүй. Үүнд хэн хяналт тавих вэ?

 

-Шалгалтын сэдэв, даалгаврыг тусгайлан бэлтгэсэн постод бэлтгэнэ. ТЕГ, ЦЕГ- ынхын хяналт дор тухайн хичээлд мэргэшсэн багш нар шалгалтын сэдэв, тестийг боловсруулдаг. Сэдэв даалгаврыг шалгалт эхлэхээс нэг хоногийн өмнө ТЕГ-т хүлээлгэн өгдөг. ТЕГ өглөө эрт шалгалтын ангиудад хүргэж өгөх юм. Шалгалтын тест задрах боломжгүй. Тагнуул, цагдаагийнхан 24 цагийн камертай суурилуулан сэдэв бэлтгэх постыг хянаж байдаг. Шалгалтын тест бэлтгэх постод гар утас, интернэт ашиглах боломжийг хязгаарласан. Мөн шалгалтын анги танхимыг камержуулан нэг нэгнээсээ хуулах боломжийг хаасан. Шалгалт авах ангид камераас гадна сүлжээ унагаагч, металл илрүүлэгч зэрэг сүүлийн үеийн техник технологийг суурилуулдаг.

 

-Энэ жилийн шалгалтад шинээр даалгавар орсон уу?

 

-Монгол, англи, орос хэлний сонсч ойлгох чадварын сорилыг шалгалтад шинээр оруулсан. Мэргэжилтнүүд судалж, туршсаны эцэст боломжтой даалгавар гэж үзээд уг сорилыг шалгалтад нэмсэн. Манай EEC.MN сайтад орж сонсч ойлгох чадварын жишиг даалгаврыг хийж өөрийгөө сориорой.

 

Д.МЯГМАРЖАРГАЛ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)