”Сервис центр” буюу “Дэд бүтцийн төв”-ийн ажлыг танилцууллаа

 

Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар өнөөдөр Чингэлтэй дүүргийн 7, 8 дугаар хорооны Засаг дарга, ИТХ-ын дарга болон хэсгийн ахлагч нарыг хүлээн авч уулзан хэсэгчилсэн инженерийн хангамж "Сервис центр" буюу “Дэд бүтцийн төв”-ийн ажлыг танилцуулах уулзалтыг зохион байгууллаа.

Тус уулзалтад нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар, НИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэл, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны Засаг дарга Ц.Дуламжав, тус дүүргийн 8 дугаар хорооны Засаг дарга Д.Баярсайхан болон бусад албаныхан оролцсон  юм. Уулзалтыг нээж нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар хэлсэн үгэндээ “Нийслэлийн өмнө тулгамдаж буй гол асуудлын нэг бол  иргэдийг орон сууцжуулах  ажил юм.  Үүнээс гадна бид иргэдийг өөрсдийн оршин суугаа газартаа тав тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх  үүднээс  Гэр хорооллын нутаг дэвсгэрийг иргэдийн оролцоонд тулгуурлан төрийн болон нийгмийн үйлчилгээтэй, инженерийн дэд бүтцээр хангагдсан тохилог амины орон сууц давамгайлсан хороолол болгон хөгжүүлэх бодит санаачилгыг гаргаад "Сервис центр" буюу "Дэд бүтцийн төв"-ийг барих ажлыг эхлүүлээд зургаан сар болж байна. Эхний ээлжид уг төсөл хэрэгжих боломжтой 10 байршлыг тодорхойлсон бөгөөд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо энэ байршлын тоонд багтсан байгаа. Тиймээс хорооны Засаг дарга нар болон хэсгийн ахлагч нар иргэдтэйгээ  уулзаж,  үнэн, зөв мэдээллийг түгээх нь чухал юм. Энэ ажил урагшлах хамгийн том хөдөлгүүр нь иргэд өөрсдөө юм шүү” хэмээлээ.

Энэхүү төслийг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын гүний усны нөөц, эх үүсвэрүүдийг хамгаалж, бохирдох эрсдэлийг бууруулна, агаар, хөрс, усны бохирдол үүсгэгч эх үүсвэрүүдийг арилгаснаар халдварт өвчлөл бодитойгоор буурна, гэр хорооллын айл өрхүүдийг инженерийн хэсэгчилсэн болон төвлөрсөн хангамжид холбосноор ядуурал, нийгмийн ялгаа арилж, тэнцвэрт байдал бүрдэнэ, гэр хорооллын нутаг дэвсгэр тэлэхгүй гэж үзвэл Улаанбаатар хотын нийт агаарын бохирдол 48.75 хувиар буурна, 11508 га газрын хөрсийг бохирдуулагч эх үүсвэрийг устгаж, 1,567.944 м3 хөрсийг нөхөн сэргээнэ гэх зэрэг эерэг талтай аж. Түүнчлэн “Сервис центр”-ийг дагасан жижиг дунд үйлдвэрлэл хөгжсөнөөр 24274 ажлын байр нэмэгдэж, өмчлөлийн газартай инженерийн дэд бүтцээр хангагдах бөгөөд иргэд эрүүл аюулгүй тав тухтай тохилог орчинд амьдрах боломж бүрдэнэ.

Энэ үеэр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны Засаг дарга Ц.Дуламжав, тус дүүргийн 8 дугаар хорооны Засаг дарга Д.Баярсайхан нар тус ажлыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ гэж нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газраас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)