“Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээ” уриатай өдөрлөг болно

 

        Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг, байгууллагуудын “Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээ” уриатай “Нээлттэй өдөрлөг” энэ сарын 18-нд Д.Сүхбаатарын  талбайд болох аж.   

 

“Нээлттэй өдөрлөг”-ийн үеэр Цагдаагийн ерөнхий газраас иргэд, олон нийтэд зориулан дараах үйл ажиллагаануудыг зохион байгуулан ажиллана.

 

 

Цагдаагийн тодорхойлолтыг олгоно

 

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын Статистикийн хэлтсийн Лавлагааны сангаас ял шийтгэлтэй эсэх лавлагааг олгох юм байна.     

 

Мөн цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагааны талаар иргэд, олон нийтээс гаргасан санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авах, Шинээр батлагдсан хууль тогтоомж, журмын талаар иргэд, олон нийтэд мэдээлэл, зөвлөгөө өгч, сурталчлан ажиллах аж.

 

Цагдаагийн байгууллагад ажиллах хүсэл, сонирхолтой залуус, иргэд цагдаагийн албанд анх орох иргэнд тавигдах шаардлага, шалгуур, үзүүлэлтийн талаар зөвлөгөө, мэдээллийг ч нээлттэй авах боломжтой юм.

 

 Жолооны үнэмлэх олгоно

 

“Нээлттэй өдөрлөг”-ийн үеэр иргэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа, үнэмлэх авч болох аж.  ЦЕГ-ын Иргэдэд үйлчлэх төвөөс иргэдэд сургалт явуулж, шалгалт авч, эрх сэргээх үйлчилгээг үзүүлэх юм. Тухайлбал, жолоочийн бүртгэлийн болон жолоодох эрхийн лавлагаа олгох, жолоодох эрх сэргээх болон ангилал ахиулах сургалт явуулж, шалгалт авах, хуучирсан болон хүчинтэй хугацаа дууссан жолооны үнэмлэхийг солих, шинээр олгох ажлыг зохион байгуулж байгуулах юм.

 

 Мөн хаясан, гээсэн, үрэгдүүлсэн жолооны үнэмлэх нөхөн олгох, олон улсын жолооны үнэмлэх олгох, гадаад иргэдийн жолоодох эрхийн үнэмлэхийг үндэслэн Монгол Улсын жолооны үнэмлэх олгоно.

 

Тусгай дуут дохио болон гэрлэн дохионы талаар мэдээлэл өгнө

 

Түүнчлэн цагдаагийн байгууллагаас олгодог тусгай зөвшөөрөл, лавлагаа /галт зэвсэг, сум, тусгай хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис, аюултай ачаа тээвэрлэх, тусгай дуут дохио болон гэрлэн дохио... гэх мэт/-ны талаарх мэдээллийг өгч, үйлчилгээ үзүүлэх гэнэ.

 

Б.Бат

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)