Э.Отгонбаяр: Өнгөөр тоглодог хүн өнгөнд дурлаж болохгүй

 

        Арав гаруй жил Герман улсад уран бүтээлээ туурвин, үндэсний урлагаа дэлхийд сурталчилж яваа зураач, урлаг судлаач Э.ОТГОНБАЯРТАЙ цахимаар ярилцсанаа хүргэе. Тэрбээр Германы Урлагийн их сургуулийг Урлагийн менежментийн чиглэлээр суралцаж дүүргээд, 2010 онд тус улсад “Зураг” хэмээх галерейгаа нээжээ. Ярилцлагын маань эзэн Голланд, Швед, Швейцарь, Франц, Япон, Чех, Энэтхэг зэрэг гаднын 60 гаруй орнын үзэсгэлэнд оролцож, уран бүтээлээ танилцуулж байжээ.

 

-Юуны өмнө Барут хотод уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргасанд баяр хүргэе. Үзэсгэлэнд ямар бүтээлүүдээ дэлгэв?

 

-Баярлалалаа. Барут хотын музейд Германы уран хайчилбарч Б.Каролинатай хамтран “Байгаль хувьсах нь” үзэсгэлэнд бүтээлүүдээ танилцуулж байна. Үзэсгэлэнд 2016- 2017 онд хийсэн шинэ бүтээлээ дэлгэсэн. Үзэсгэлэн ирэх сарын 18- ныг хүртэл үргэлжилж, сүүлийн өдөр Монголын соёлын өдрийг зохион байгуулахаар төлөвлөж байна.

 

-Молдавын нийслэл Кишиневт болох “Biennale Chisinau”-д “Судалт тахь” зургаараа оролцож байгаа гэж сонссон?

 

-Тийм. Орчин үеийн уран зургийн төрлөөр болдог энэхүү биеннальд 2013 онд оролцож тусгай шагнал, 2015 онд “Grand Prix” шагнал авч байсан. Энэ удаа урилгаар оролцож байна. Үзэсгэлэнг өмнө нь Молдавын урчуудын эвлэлийн хорооны танхимд зохион байгуулдаг байсан бол одоо шинэчилсэн “National Art Museum Moldova”-д болно. Энэхүү биенналь жил ирэх тутам хүрээгээ тэлж байна.

 

-Сүүлийн үед ямар бүтээл туурвиж байна. Уран бүтээлийн сонин сайхнаасаа сонирхуулна уу?

 

-Ойрын үед том хэмжээтэй бүтээл урлаж байна. Зарим ажлыг маань хүмүүс их сонирхож байна. Саяхан Басел хотод танилцуулсан 180х250 см хэмжээтэй бүтээлийг минь нэг хүн хувийн цуглуулгадаа авсан.

 

-Дүрслэх урлагийн салбар сонин содон урсгал чиглэлээр баяжиж байна. Сүүлийн үед манай уран бүтээлчид инстоляц, поп болон видео арт, перформанс зэрэг төрөлд хүч үзэх боллоо. Монгол зургийн уламжлалт аргыг орчин цагийн урлах дэгтэй хослуулан уран бүтээлээ туурвидаг зураач, бас урлаг судлаач хүний хувьд энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

 

-Орчин цагийн урлагт урлах дэг байхгүй. Тиймээс уран бүтээлчид ямар нэг баригдмал хэмээс зугтааж өөрийн гэсэн илэрхийлэлийг олохын төлөө зүтгэж байна. Миний хувьд монгол зургийн уламжлалт хэлбэрийг компьютерын кодны хэл рүү хөрвүүлж уран бүтээлээ туурвидаг. Хүмүүс янз бүрээр хүлээж авч байна. Харин урлагийн шүүмжлэгчид “Монгол зургийн уламжлалт хэв маягийг орчин үеийн компьютер кодны хэл рүү хийсвэр байдлаар хувируулж уран бүтээлээ шинэчилж байгаа нь их амьтай, сүнслэг болж байна” гэж хэлсэн. Компьютерын кодны хэл нь уран бүтээлчээс маш их хийсвэрлэл, фантастик сэтгэлгээ, тооцоолон бодох чадварыг шаарддаг. Хэдийгээр миний бүтээл монгол зургийн хавтгай шийдлээр бичигддэг ч үзэгчид бүтээлийг маань “3D зураг шиг, өнгө нь хүний нүдэнд хөдөлгөөнтэй, ер зогсолтгүй урсаад байна” гэдэг. Зарим хүн стерео зураг уу ч гэж асуудаг.

 

-Орчин үеийн урлагийн хөгжлийн хурдыг үзэгчид гүйцэхгүй байна гэж нэг зураач хэлсэн байдаг. Та үүнтэй санал нийлэх үү?

 

-Хүн төрөлхтөн урлаг бүтээж эхэлснээр амьтнаас ялгарах дээд хөгжил нь эхэлсэн гэдэг. Ер нь бүх шинжлэх ухаан, орчин үеийн технологи урлагаас эхтэй гэж хэлж болно. Даяарчлалын энэ үед урлаг хил хязгааргүй, улс үндэстэнд хамааралгүйгээр өөрчлөгдөж, хүрээгээ тэлж байна. Үүнийг дагаад үзэгчдийн урлагт хандах хандлага ч өөрчлөгдсөн. Үзэгчдийн урлагийн мэдлэг мэдрэмж зарим уран бүтээлчээс илүү болсон. Уран бүтээлч, үзэгчид хамтдаа хөгжиж байна. Зарим уран бүтээлч үзэгчдийн урлагт хандах хандлага мэдрэмжийг дутуу үнэлж, үгүйсгэж ирсэн. Ингэж болохгүй. Орчин цагт урлагийг ганц уран бүтээлч биш үзэгчид бий болгож байна.

 

-Зарим уран бүтээлч өөрийнх нь бүтээлийг бусад хүн ойлгох, эсэхийг чухалчилдаггүй. Таны хувьд зургуудаа хэнд зориулан зурдаг вэ?

 

-Энэ цаг үед уран бүтээлийг ойлгоно гэсэн ухагдахуун мөн л алга болсон. Ойлголт гэдэг ухагдахуун өөрөө өөрчлөгдөж байна. Тогтсон ухагдахуун нь хүний сэтгэхүйг хязгаарлаж, зөн билгийн үүдийг хааж гацаанд оруулдаг. Миний хувьд хийсвэрлэл, зөн билиг хоёрт хязгаар байх ёсгүй гэж боддог. Хүн төрөлхтөн бүх зүйлийг тайлбарлах гэж оролддог ч тайлбарлаж болохгүй зүйл ертөнцөд олон бий. Ер нь урлаг ойлгодоггүй хүн гэж байхгүй. Харин хэрхэн хүлээж авах нь адилгүй юм.

 

-Уран бүтээлч хүн ямар нэгэн урсгал чиглэлд баригдах нь зөв үү?

 

- Жинхэнэ уран бүтээл хийх гэж зүтгэж байгаа хүн бол ямар замаар явах нь хамаагүй байх. Гэхдээ уран бүтээлч хүн ямар нэг хайрцганд баригдаж болохгүй. Урсгал чиглэлд баригдах нь хэн нэгний явсан замаар “туучихаж” байна гэсэн үг. “Урлагт байгаа өөрийгөө биш өөрт байгаа урлагаа хөгжүүл” гэсэн үг байдаг.

 

-Туурвихуйн шалтгаан, зорилгыг уран бүтээлч, урлаг судлаачид янз бүрээр тайлсан байдаг. Харин таны хувьд энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

 

-Миний хувьд үгээр илэрхийлж чадахгүй зүйлээ өнгө будгаар дамжуулан харуулдаг. Энэ нь ч амар байдаг. Санаагаа үгээр илэрхийлэхийн тулд ямар нэгэн хэлийг сонгох хэрэгтэй. Харин уран бүтээлийг уншихын тулд хэлний мэдлэг шаардахгүй.

 

-Шинэ бүтээлийн санаа олох, түүнийгээ амьдруулах хоёрын аль нь хэцүү вэ?

 

-Бүтээл төрөх цаг нь болсон бол ямар ч зовлонгүйгээр л амилдаг. Төрөх цаг нь болсон бол аяндаа л надаас урсаад гарчихдаг. Зарим үед ямар ч амралтгүй нэг амьсгаагаар өдөр, шөнөгүй хийх тохиолдол гардаг. Энэ нь бүтээл төрөх цаг болсны гэрч байх.

 

-Та ямар өнгөнд дуртай вэ. Дуртай өнгөө бүтээлдээ хэр их ашигладаг бол?

 

-Би хийх ёстой гэж бодож зурдаггүй. Зураад сууж байх нь надад таатай сайхан мэдрэмж төрүүлдэг. Энэ нь надад ямар нэгэн ээдрээтэй тоглоом шиг санагддаг. Тиймээс өнгөөр тоглодог хүн ямар нэгэн өнгөнд дурлаж болохгүй. Тоглоом хэтэрхий уйтгартай болчихно. Хувийн сонирхол уран бүтээлчийг буруу тийш хөтөлж мэдэх юм.

 

-Та юунаас эрч хүч авч, өөрийгөө цэнэглэдэг вэ?

 

-Хүн бүр л өөр байх. Зарим уран бүтээлч музейд үзэсгэлэн үзэж шинэ санаа олдог. Би бол аль болох бага юм үзэхийг хичээдэг. Өөрийгөө алдчих гээд байдаг юм. Миний хувьд тэнгэрийг харж эрч хүчээ авдаг.

 

-Таны бусад зураачаас ялгарах гол онцлог юу вэ?

 

-Ихэнх уран бүтээлч өөртөө тохирсон ажлаа олчихвол түүнийгээ л нухаад байдаг. Миний хувьд арай өөр. Ямар нэг зүйл хийчихээд түүндээ сэтгэл хандаггүй. Энэ нь л миний онцлог байх.

 

-Таны бүтээлийг судлаач, шүүмжлэгчид үнэн зөвөөр үнэлж дүгнэж байна уу. Зарим хүн урлагийн бүхий л салбарт шүүмж дутагдаж байгаа гэж ярьдаг. Монголын дүрслэх урлагийн шүүмж судлал хэрхэн хөгжиж байна гэж боддог вэ?

 

-Урлагийн шүүмж Монголд хөгжихөд хугацаа хэрэгтэй. Манайд шүүмж бичихээр шүүмжлүүлж байгаа нь хувийн чанартай авч үзээд, маргаан үйл ойлголцол маягтай болчихдог тохиолдол элбэг. Урлаг судлалд, шүүмжлүүлж байгаа уран бүтээлч ямар нэг байдлаар хүмүүст хүлээн зөвшөөрөгдөж байгаагийн илэрхийлэл юм. Шүүмж нь уран бүтээлчийг муулах биш улам ирлэж хөгжүүлэх учиртай зүйл. Үүнийг бид зөвөөр ойлгохгүй л явна. Бас сонин содон бүтээл гарахгүй бол сайн шүүмж гарахгүй. Овоо босгоогүй бол шаазгай хаана суух билээ.

 

Б.Мөнх-Эрдэнэ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)