Дэлхийд тэрбумаар үнэлэгдсэн туйванч М.Анхцэцэгийн дүүд тусалцгаая

 

Эх орноо мөнгөөр солиогүй эгч нь дүүгээ эмчлүүлэх итгэл дүүрэн явна
-Дэлхийд тэрбумаар үнэлэгдсэн туйванч М.Анхцэцэгийн дүүд тусалцгаая-

 


2016.07.20-нд Рио Де Жанейрогийн зуны олимпод оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргах арга хэмжээн дээр "М.Анхцэцэг эгч шигээ хүндийг өргөлтийн мундаг тамирчин болоод, олимпод оролцох юм сан" хэмээн битүүхэн мөрөөдөж, эгчээрээ бахархан зогсож байсан М.Номин-Эрдэнэ ердөө хоёр сарын дараа сургууль дээрээ түлэгджээ. Есдүгээр сарын 1 дөхөх тусам ангийнхантайгаа уулзах гэж, сургуульдаа очихоор яаран цүнх дүүрэн дэвтэр, хичээлийн хэрэгсэл зэхүүлсэн охин хичээл дөнгөж эхлээд байхад ангийнхныхаа хоолыг (20-ын кострюльтай хоол) өргөж яваад өөр дээрээ алдаж айхтар түлэгдсэнээр энэ жил хичээлдээ яваагүйгээс гадна сая төгсөлтийн зургийн цомогтоо ч зургаа авахуулж чадаагүй юм.

 

Гэхдээ багш нар нь боломжоороо гэрээр нь ирж түүнд хичээл зааж байсан учраас охин удахгүй есдүгээр анги төгсөх улсын шалгалтаа өгөх гэж байгаа. Тухайн үед монгол эмч нар эхний арга хэмжээг авч, арьс нөхөх хагалгаа хийсэн ч өнгөрсөн найман сарын турш М.Номин-Эрдэнэ "Хүйтэнд даарч, халуунд халж болохгүй" гэсэн эмчийн захиасыг ягштал биелүүлж, 21 хоног тутамд ургаж төлжсөн арьсаа зөөллөх 10 өдрийн курс эмчилгээнд орсоор өнөөг хүрчээ. Түлэгдсэнээсээ хойш охин уургаа маш ихээр алдах болсон тул амархан ядарч сульдан, юм л бол ямар нэг өвчинд өртчих гээд байнга эмнэлэгт хэвтэх болжээ.

 

"Охин минь урьд нь тариа гэхээс үнхэлцгээ хагартал айдаг байв. Шүдний эмнэлэгт очоод, өвчин намдаах тариа хийлгэх гэж бөөн юм болоод, шүдээ ч авахуулж чадалгүй ааваараа үүрүүлэн гэртээ ирж байсан хүн шүү дээ. Гэтэл одоо тариа байтугай, олон зүйлийн ард гарч чадахаар их тэвчээр хатуужилтай болсон. Охиноо яаж тэвчээр гаргаж байгааг нь харахаар хурдхан мэс засал хийлгээд, цоо эрүүл болгох юмсан гэж яардаг" хэмээн ээж Д.Мөнхчимэг нь ярилаа. БНСУ-ын "Ханган сү" эмнэлгийнхэн охины түлэгдлийн шарх сорвийг ор мөргүй эмчлэхэд 65 сая төгрөг шаардлагатай гэсэн хариу өгчээ. Түлэгдсэнийх нь дараахан нэг өнжөөд л 150 мянган төгрөгийн боолт хэрэгсэл сольдог, байсхийгээд 300 мянган төгрөгийн үнэтэй дусал хийлгэдэг амаргүй цаг хугацааг туулсан ар гэрийнхнийх нь хувьд бол бүр ч ярвигтай байсан нь лавтай. Аав Ч.Мөнхжанцан нь Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн захирагчийн орлогч, ерөнхий инженерээр ажилладаг бөгөөд охиныхоо эмчилгээний зардлын хагас хугасыг ч болсон бүтээхээр Афганистаныг зорьж, энхийг дэмжих ажиллагаанд оролцож буй.

 

Гэвч Солонгосын эмнэлгээс нь саяхан "Зургадугаар сарын 15-ны дотор хагалгаандаа орох хэрэгтэй" гэсэн албан бичиг ирүүлснээр цаг хугацаа улам давчуу болов. Охиныхоо эрүүл мэндийг бодоод, сарын 400 мянган төгрөгөөр байр түрээслэн амьдарч буй тэд хашаа, байшингаа зарах тухай хүртэл бодож амжсан ч "Тэгээд зургуулаа хаачдаг билээ" гэсэн бодолд ээрэгдээд, одоохондоо шийдвэр гаргаагүй байгаа аж.
Төрөлжсөн сургалттай Биеийн тамир, спортын дунд сургуулийн зүгээс хариуцлагаа хүлээж, дөрөвдүгээр сарын 20 гэхэд М.Номин-Эрдэнийн эмчилгээний зардлын тал хагасыг ч болов олж өгөхөөр амлажээ. Тэд Сүхбаатар дүүргийн Боловсролын газартай хамтран, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хандсан бөгөөд өнгөрсөн хугацаанд зургаа орчим сая төгрөг цуглажээ. Гэвч энэ нь Солонгост түлэгдсэн арьсыг нөхөн засах хагалгааны зардлынх нь 10 орчим хувьтай дүйх мөнгө юм. Өгье гэвэл ганцаасаа, уйлъя гэвэл сохроосоо гэдэг шиг Сүхбаатар дүүргийн 25 дугаар тусгай сургуулийн сурагчид хүртэл халуун сэтгэлээр охинд 74 мянган төгрөг цуглуулж өгсөн нь одоо түрхэж буй сорвины нэг тосоо авах мөнгө гээд бодохоор ямархуу зардал гардаг нь ойлгомжтой.

 

Хүндийг өргөлтийн залуучуудын болон оюутны дэлхийн аварга М.Анхцэцэгийг өнгөрсөн жил гадаадын орнууд тэрбумаар үнэлэн, өөрийн улсын тамирчин болох санал тавьж байсныг манайхан санаж буй биз. Зөвхөн БНСУ л гэхэд сар бүр 12 мянган ам.доллар, гэрээний төлбөрт 500 сая вон амласан. Хэрэв солонгосчуудын тавьсан тэр саналыг М.Анхцэцэг хүлээн авсан бол магадгүй өнөөдөр М.Номин-Эрдэнэ аль хэдийнэ эмчлүүлчих байв. Гэхдээ тэр үүнд харамсаагүй, харин ч дүүгийнхээ хагалгааны зардлыг бүтнэ гэдэгт итгэл дүүрэн яваа.

 

Эх орноо мөнгөөр солиогүй гайхамшигт охиныг өдий зэрэгт хүргэхийн тулд 2012 оноос хойш аав, ээж нь мөн ч олон удаа цалингийн зээл авч, гадаадын томоохон тэмцээн уралдаанд орох зардлыг нь босгож байсан гэдэг. 2013 онд М.Анхцэцэг хүнд бэртэхэд эмч нар түүнийг суумгай болно гэж байсан ч аав, ээж нь зургаан сая төгрөгийн цалингийн зээл авч, Хайлаар луу эмчилгээнд явснаар охиноо хөл дээр нь босгосон түүх ч бий. Харин одоо монголчууд бид 15 настай дүүд нь халуун сэтгэлээр тусалж, цэцэг цэврүү шиг охинд хиргүй цагаахан, гэрэлтсэн инээмсэглэлийг нь дахин бэлэглэвэл ямар вэ. Нэгэн цагт тэр харин мөрөөдлөө биелүүлж, Анхаа эгч шигээ хүндийг өргөлтийн шилдэг тамирчин болох болтугай.

 

Туслахыг хүссэн хүмүүс ЭЭЖ Д.Мөнхчимэгийнх нь нэр дээр нээлгэсэн (ХААН банк 5071320523), (Худалдаа хөгжлийн банк 451038475) тоот хандивын дансанд хандив өргөх боломжтой.
Холбоо барих утас: 88063018

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)