Mobile хувилбар

Улс төрийн шинэхэн “поп”-ын хаан

2017 оны 5 сарын 19

                   

 

Нийтийн дууны нэрт мастер С.Жавхлан урлагийн ажлаа улстөрөөр солиод  багагүй хугацааг үдэв. Анх 2008 онд УИХ-д нэр дэвшээд өвдөг шороодож байсан,  С.Жавхлан 2016 онд Баянзүрх  дүүргийн 54 дүгээр тойрогт бие даан нэр дэвшиж, ялалт байгуулсан. Тэрбээр 10723 хүний саналаар бусад өрсөлдөгчдөөсөө тасархай ялалт байгуулж, УИХ-д сонгогдсон юм. Түүний үндэсний үзэл монголоо гэсэн сэтгэл Баянхзүрхчүүдийн сэтгэлийг хөдөлгөөд авсан. Түүний хариу нь ч УИХ-ын гишүүний суудалд залж, төрд төлөөллөөрөө илгээсэн байх. 

 

Гэтэл сүүлийн үед олны хайр хүндлэлийг хүлээсэн Увс нутгийн хүү улстөрд орохдоо хэт туйлшрах, олны анхаарлыг өөртөө татах, зөвхөн өөрийнхөө үзэл бодлыг тулгах гэх зэргээр нялх хүүхдээс ч долоон дор авирлах янз ажиглагдаад буй. Та ч би ч анзаарч байгаа. Анзаарсаар ч байгаа. Гэтэл С.Жавхлан өөрөө анзаараагүй бололтой. Бүхэл бүтэн тойрог төлөөлж, олон мянган хүний дуу хоолой болж  түшээгээр сонгогдсон гэдгээ умартжээ. 

 

Тухайлбал, Тэрбээр дөрөвдүгээр сарын 19-нд Монгол Улсын төрийн гурван өндөрлөг, УИХ-д суудалтай улс төрийн намуудын дарга нарт шаардлага хүргүүлсэн байна. Тус шаардлагад хилийн чандад данстай Их хурлын гишүүдийн нэрийг зарлаж татуулах, татварын асуудлыг эргэн харж, ард түмнээс уучлалт гуйх талаар тусгажээ.

 

 Шаардлагын хариуг дөрөвдүгээр сарын 25-ны дотор өгөх ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй байна. Тус шаардлагын хариуг өгтөл УИХ-ын гишүүн С.Жавхлан ажил хаялт зарлаж байгаагаа мэдэгдсэн. 

 

Тэрбээр шаардлагын хариу өгөхгүй бол ажил хаялтаа үргэлжлүүлж, тэмцлийн хэлбэрт шилжинэ гэлээ. Эрх баригчид үнэхээр хүчтэй юм байна, намайг хуралд суухгүй болохоор тэд нар их баярлаж байх шиг байна. Намайг үл тоож байна гэлээ. Монгол орноо сайхан болгох гэж Их хуралд орж ирсэн түүний тэмцэл шантарч байна гэх мэтээр хэвлэлээр өөрийгөө ярьж, зарлаж сууна. 

 

Түүнчлэн байгаль дэлхий сүйдлээ, газар нутгаа зарж идлээ, үндэсний гэсэн зүйлээ дээдэлсэнгүй, хэрэглэсэнгүй, өмссөнгүй, шүтсэнгүй гэх зэргээр олон нийтэд ташуур өгч ярьж байж л сонгогдсон. Гэтэл гишүүн болчихоод тойргийнхоо төлөө ажиллах бүү хэл чихрээ голсон хүүхэд шиг авирлаж, хаана юу болоод ч байгааг мэдэхгүй намар, хаврын чуулганыг үдэх нь ээ. Чуулганы хуралдаанд бараг суухгүй, өрөө нь ихэвчлэн хаалттай байдаг С.Жавхлан төрийн ордонд чухам юу өрнөж байгаа талаар ямар ч мэдээлэлгүй л тууж явна гэхэд хилсдэхгүй. 

 

Уул хад, морь, тэрэг ярьж явах байсан юм бол яах гэж нэр дэвшдэг юм бэ. Тойрогтоо юу хийв. Юу бүтээв. Худлаа ярих хүнд бараг ганц хуулийн төсөл ч гүйцэт эргүүлж хараагүй байх гээд хэлчихвэл хүн доромжилсон болохгүй байх. Төрд түмнээ төлөөлж чадахгүй, төрийн ажлыг зохицуулаад явж чадахгүй юм бол дуугаа дуулахгүй яах гэж УИХ –ын гишүүн болсон юм бэ. Өнөөдөр уул хаданд авираад, элдэв үг эвлүүлж хэлээд, ташуур морь болоод яв гэвэл захын монгол хүн энэ үйлдлийг хийж чадна. УИХ –ын гишүүн гэдэг бол дан ганц үндэсний үзэл бус мэдлэг боловсрол чухал байдаг гэдгийг С.Жавхлан гишүүн утгаар нь харуулж явна даа. Ингэж попдоод байлгүй үүрэгт ажлаа, төрийн ажлаа, тойргийнхоо иргэдийн төлөө амласан, ярьсан зүйлээ хий, бүтээ. Амлалтаа биелүүл. Хүнд бус өөртөө ташуур өг, С.Жавхлан гишүүн ээ. 
 

Б.Бат
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Сэтгэгдлийг ачааллаж байна ...