Анх удаа Монгол Улс Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуультай боллоо

 

        УИХ-ын нэгдсэн чуулганаар Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийн талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Учрал танилцуулсан юм.  Энэхүү хуулийн төсөл нь 15-34 насны залуучуудын нийгмийн хөгжилд оролцох оролцоог тодорхойлж, төрөөс залуучуудад дэмжлэг үзүүлэх болон эдгээртэй холбогдсон бусад харилцааг зохицуулах зорилготой 7 бүлэг, 24 зүйлтэй. Хуульд нийгмийн хөгжилд оролцох залуучуудын оролцоо, эрх, үүрэг, төрөөс залуучуудад дэмжлэг үзүүлэх чиглэл, хэлбэр, арга зам, залуучуудын хөгжлийг дэмжих төрийн байгууллага, залуучуудын байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахаар тусгасан аж. Монгол улс хэдийгээр залуучуудын орон хэмээн яригддаг хэдий өдий хүртэл залуустаа чиглэсэн бодлогогүй явж ирсэн. Ингээд олон олон залуу хүний эрхийг хамгаалах хуультай боллоо.

 

 Үүнд:

  • Залуучуудыг түүх, соёлоо мэддэг, эх оронч үзэлтэй, бие даан амьдрах чадвартай, хариуцлагатай иргэн болж төлөвшихөд дэмжлэг үзүүлэх цэргийн мэргэжил олгох сургалтад хамруулах, /эрэгтэй заавал, эмэгтэй сайн дурын үндсэн дээр/
  • Цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдсан бөгөөд их, дээд сургуульд суралцах болзол хангасан залуучуудыг Боловсролын зээлийн сангаас олгож буй оюутны хөгжлийн зээлд хөнгөлөлттэй нөхцөлөөр хамруулах,
  • Залуучуудын оролцоог бүхий л түвшинд хангах, залуучуудын төлөөллөөс бүрдсэн үндэсний болон салбар зөвлөл байгуулах,
  • Оюутан, суралцагчид харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамрагдах, эрүүл мэндийн даатгалд нэгдсэн журмаар хамруулах,
  • Залуучуудыг хөгжих орчин нөхцөлөөр хангах, залуучуудын хөгжлийн төвүүдийг байгуулах,
  • Хувийн хэвшлийн байгууллагад оюутны цагийн ажлын орон тоо гаргах/
  • Залуучуудыг хүмүүнлэгийн болон сайн дурын ажилд хамруулах, үнэлэх тогтолцоо бий болгох,
  • Сайн дурын ажил, цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдсан бөгөөд төрийн албанд орон шалгаруулалтад тэнцсэн залуучуудыг төрийн албаны сонгон шалгаруулалтад давуу тал болгох
  • Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн хөтөлбөрт залуучуудын хөгжлийг дэмжсэн хөтөлбөртэй болох,
  • Залуучуудын орлоготой нийцсэн уян хатан төлбөрийн нөхцөлөөр орон сууц худалдан авах, түрээслэх, залуу гэр бүлийг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэх зэрэг залуустаа чиглэсэн хөгжлийн хөтөлбөртэй боллоо.

 

С.Наран

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)