Анх удаа Залуучууд хөгжлийг дэмжих хуультай болж, Лхамжав гуай 2 өрөө байртай болсон 7 хоног

 

Энэ долоо хоногт үйл явдал ихтэй, сайн бас таагүйхэн мэдээлэл олонтой болж өндөрлөлөө. Ингээд онцлох тоймоо хүргэж байна.. 

 

Манлай баатарын зээ охинд Д.Дагвадорж аварга 2 өрөө байр бэлэглэв 

 

        Олны хайр хүндлэлийг хүлээсэн Асашёорюү Д.Дагвадорж эх үрсийн баярыг тохиолдуулан Манлай баатарын зээ охинд хоёр өрөө байр бэлэглэхээр болсон билээ.   Түүний талаарх хөрөг нэвтрүүлэг нийтлэгдсэнээр ийнхүү туслах болсон аж. 

 

 Их аварга Д.Дагвадорж Манлай баатар Ж.Дамдинсүрэнгийн хүү Долсон вангийн охин Должингийн охин Лхамжавд Дархан хотод хоёр өрөө байр бэлэглэж буйгаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлж байгаа юм байна. 

 

 Д.Лхамжав нь өдгөө Дархан хотод нийтийн байранд аж төрж байна. Их аварга Д.Дагвадорж "Сэтгэл эмтэрч зүрх шимшрэв. Миний шүтээн хүний үр сад ингэж явааг дөнгөж сая харлаа.Энэ эрхэм түүхэн хүний хөрөг зургийг хүсэн байж зуруулж ажлынхаа үүдэнд залсан билээ. Агуу эх орончдын үр сад ингэж явах учиргүй. Эвий минь миний эмээгээс ялгаа юу байх вэ. Эх оронч миний шүтээний сүнс амирлах болтугай" хэмээжээ. Ингээд Лхамжав гуай хоёр өрөө байртай болсон мэдээлэл олны анхаарлыг ихэд татаж, аваргадаа талархах сэтгэлийг монголчууд түүнд илгээж байсан юм. 

 

 Анх удаа Залуучуудын хөгжлийг дэмжих хуультай боллоо 

 

        Монгол Улс анх удаа залуустаа чиглэсэн, тэдний хөгжлийг хангасан эрх зүйн орчныг бий болгосон хуультай боллоо. Хэдийгээр бодлого байсан ч гэсэн эрх зүйн орчингүй 20 гаруй жилийг үджээ. Тиймээс анх удаагаа УИХ-ын нэгдсэн чуулганаар Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталсан. Төслийн талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Учрал танилцуулсан юм.  Энэхүү хуулийн төсөл нь 15-34 насны залуучуудын нийгмийн хөгжилд оролцох оролцоог тодорхойлж, төрөөс залуучуудад дэмжлэг үзүүлэх болон эдгээртэй холбогдсон бусад харилцааг зохицуулах зорилготой 7 бүлэг, 24 зүйлтэй. Хуульд нийгмийн хөгжилд оролцох залуучуудын оролцоо, эрх, үүрэг, төрөөс залуучуудад дэмжлэг үзүүлэх чиглэл, хэлбэр, арга зам, залуучуудын хөгжлийг дэмжих төрийн байгууллага, залуучуудын байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахаар тусгасан аж. 

 

Эхийгээ зодсон эмэгтэйг саатуулав

 

         Олон нийтийг зочирдуулсан жигшүүрт явдал бол төрүүлсэн ээжийгээ байрныхаа тагтан дээр хөөн гаргаж, улмаар хараан зүхэж буй бичлэг байлаа. Бичлэгээс үзвэл 80 орчим насны эмэгтэйг 40 орчим насны эмэгтэй тагтан дээр зогсч байхад нь “Үхэхгүй яагаад амьдраад байгаа юм бэ. Аав үхчихээд байхад та яагаад амьд байгаа юм. Үхээд өгөөч” зэргээр харааж, юм шидэлж байв.

 

Эх сурвалжуудын мэдээлснээр тухайн эмэгтэй төрүүлсэн охин нь бөгөөд ээжийгээ байнга загнаж, зандардаг гэнэ. Энэ асуудлын мөрөөр цагдаагийн байгууллагынхан шалгалтын ажиллагаа явуулж, эхдээ зүй бусаар хандсан эмэгтэйг саатуулжээ. Төрсөн эхий зодох бүү хэл бурханы оронд алдсан эхийгээ босоод ирэх юм шиг санадаг, бурханаас  алга хавсран гуйдаг хүмүүс энэ дэлхийгээр нэг байна шүү дээ. Байгаад нь баярлаж, талархаж амьдармаар юм даа. 

 

Өөрийгөө доромжилсон “дунд хуруу” Д.Энхзаяа 

 

        Төрийн ордонд өнгөрөгч долоо хоногт  Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар парламентад суудалтай болон суудалгүй улс төрийн намуудын дарга нар оролцсон хэлэлцүүлэг болж байгаа билээ. Энэхүү хэлэлцүүлгийг Үндсэн хуулийг өөрчлөх ажлын хэсгээс зохион байгуулж байгаа. Тэгвэл энэхүү хуралдааны үеэр Монголын социал, демократ намын дэд дарга Д.Энхзаяа Төрийн ордонд дунд хуруугаа гаргаж танхайрсан бичлэг мөн л олны гайхах, айхад зэрэгцүүлэв.

 

 Монголын Социал Демократ намын дэд даргын алба хашдаг энэ бүсгүй Нийслэлийн 10 жилийн 1-р дунд сургуулийг төгсчээ. Мөн МУИС-ийн БУФ, МУИС-ийн ОУХДС –ийн англи хэлний ангийг тус тус төгссөн.

Биофизикч, англи хэлний орчуулагч мэргэжилтэй аж.

         ШУА-ын Биофизикийн секторт, эрдэм шинжилгээний ажилтан, Монгол-Английн хамтарсан “Тэмүүжин Менч” ХХК-д орчуулагч, Йигл –ТВ-д орчуулагч, Биотехнологийн “Беоженомикс” ХХК-д менежер, ХБНГУ-д гэрээт орчуулагчаар ажиллаж байсан. 2006 оноос “Мөнх Ногоон Амьдрал” ТББ-д захирал, 2010 оноос “МААЭУМТ” төслийн удирдагчаар ажиллаж байсан туршлагатай. Хэдийгээр ажил мэргэжлийн туршлагатай боловч хүний өөдөөс дунд хуруу өгөх ийм ёс зүйтэй эмэгтэй гэдгээ харуулаад авлаа. Тэр угтаа бол өөрийгөө доромжчихлоо. 

 

Б.Батаа
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)