Г.Батмөнх: Исламын бүлэглэл шиг л хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулж байна

Т.БАЯРХҮҮ

Монголын чөлөөт бөхийн холбооны үйл ажиллагааг хууль бус гэж үзэж байгаагаа зарим багш дасгалжуулагчид удаа дараа хэвлэлийнхэнд хандаж, мэдэгдэл хийсэн удаатай. Хэсэг шуугиад өнгөрсөн энэ мэдээлэл хэд хоногийн өмнөөс дахин сэргэв бололтой. Тиймээс тус холбооны хуульч Г.Батмөнхтэй уулзаж, энэ талаар ярилцлаа.
 

-Хэсэг бүлэг хүмүүс МЧБХ-г хууль бус холбоо гэж олон жил хэрүүлийн алим шидсэн. Өмнө нь энэ талаар тайлбарлаж, хэлж байсан ч мэдээлэлгүй хүмүүс байна. Тэгэхээр та энэ талаар тайлбар өгөхгүй юу.

 

-ТББ-ын хуулинд эрхзүйн хоёр хэлбэр байдаг юм. Нэг нь гишүүнчлэлтэй, нөгөө нь гишүүнчлэлгүй гэж. Тэгэхээр манай Монголын чөлөөт бөхийн холбоо бол ТББ шүү дээ. Гэхдээ гишүүнчлэлгүй, олон нийтийн төлөө буюу спортын дэмжигч, сонирхогч, багш, дасгалжуулагч тамирчин гээд энэ бүгдийн төлөө нэгдсэн нэг удирдлагатай байгууллага гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, МЧБХ дүрмэндээ “нийгэмд үйлчилдэг гишүүнчлэлгүй ТББ” гэдэг статустай явдаг. Ийм статустай төрийн бус байгууллага нь Удирдах зөвлөлийн хурлаараа Ерөнхийлөгчөө сонгох болон бусад асуудлаа шийдэх эрхтэй. Товчхондоо бүх асуудлыг УЗ-ийн хурлаар шийдэж болдог. Ингэхээр холбооны дотоод дүрэмд дур мэдэн өөрчлөлт оруулсан, Их хурлаа хуралдуулаагүй, хууль бусаар Ерөнхийлөгчийг сонгосон зэргээр яриад байгаа асуудал нь хууль зөрсөн гэх үндэслэлгүй. Энэ асуудлыг мөн ч олон удаа тайлбарлаж хэлсэн. Гэвч ойлголтгүй хүмүүс нь Их хурал гэж байх ёстой, хуралдсангүй гэж ташаа ойлгоод байна. Зарчмын хувьд бол гишүүнчлэлтэй нөхөрлөл ч юм уу, олон нийтийн байгууллага их хуралтай байж болдог. Мөн  гишүүдийнхээ татвараар санхүүгийн асуудлаа шийдвэрлэж, өөрсдийгөө дэмжиж ажилладаг.  
Харин гишүүнчлэлгүй ТББ нь нийтийн төлөө төрөөс, эсвэл хандиваар, удирдлагын гишүүд нь өөрсдөө сайн дурын үндсэн дээр мөнгө нийлүүлээд, тамирчдынхаа ахуй байдал, тэмцээнд оролцох зардал зэрэг бүх асуудлаа шийдэж явдаг юм. Тэгэхээр нэг хэсэг бүлэг хүмүүсийн хуучин үзлээр ташаа ойлгоод яваад байж болохгүй.
 

-Тэгвэл яагаад өнгөрсөн жил бүх гишүүдээ цуглуулж хурал хийх болсон юм бэ. Чамгүй хөрөнгө мөнгө зарцуулсан байдаг ч ямар ч үр дүн гараагүй?

 

-ТББ-ын хуулийн дагуу энэ холбооны дүрмийн асуудлыг 2009 онд цэгцэнд оруулсан. Хүмүүс хурал хийе гээд байсан болохоор нь массаа хүндэтгээд дөрвөн жилд хийсэн ажлаа олон түмэндээ ойлгуулъя гэсэн үүднээс хурал зарласан. Гэвч хурлаа хий гээд байсан хүмүүс маань хурлыг нь хийлгээгүй. Тэр хурлыг хийх гэж чамгүй хөрөнгө, мөнгө зарсан. Орон нутгаас 170 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирсэн байлаа. Энэ хурлыг нөгөө дөрвөн багш, Алдар нийгэмлэгийн тамирчид хийлгээгүй гэдгийг олон түмэн мэдэж байгаа. Миний ойлгож байгаагаар дөрвөн жилд хийж бүтээсэн асар их бүтээн байгуулалт, арвин их амжилтаас нь айсан байх. Хурлын үеэр тамга тэмдгээ өгчих, холбоогоо өгчих гэх мэт эрээ цээргүй бүдүүлэг авирлаж байсан нь тэнд цугласан хүмүүсийн дургүйцлийг маш их хүргэж  байсныг санаж байна.  Ер нь багш, дасгалжуулагчид, тамирчдын ёс суртахуун доод цэгтээ хүрснийг тэгэхэд би ойлгосон.  Өнөөдөр Монголын чөлөөт бөхийн хамт олонд сахилга бат, дэг журам, ёс суртахуун ус агаар шиг хэрэгтэй байгааг хэлье. Алт, мөнгөн үеийнхэн ямар хатуу чанд сахилга баттай байж, ахмад үеэ хүндэлж байж алдар нэрт хүрснийг өнөө цагийн багш нар суралцах хэрэгтэй.
 

 

-Хэрүүл тэмцэл хийх болсон шалтгааныг нь холбооны удирдлагын төлөөх улайрлын нэг хэлбэр гэж харж байна. Энэ олон жил тэмцээд байхыг бодвол олон улсаас чамгүй их хөрөнгө мөнгө холбоонд орж ирдэг бололтой юм?

 

-Үнэндээ улсаас тэр болгон мөнгө гаргаж өгөөд байж чаддаггүй болохоор энэ холбоо чинь хэдхэн бөхөд сэтгэл, зүрхтэй хүмүүсийн нуруун дээр л явдаг. Энэ хүмүүс хөрөнгө, мөнгө гаргаж байгаа болохоор л өдий зэрэгтэй яваа юм. Тэрнээс овоож, оцойтлоо мөнгө олоод байдаг байгууллага биш. Уг нь, МЧБХ 2009 оноос хойш амжилт арвинтай ажиллаж байна. Үүнд багш, дасгалжуулагчдын үүрэг, ач гавьяа их бий. Гэвч нураах хүсэл эрмэлзэлтэй цөөн хэдэн хүмүүс байна. Хамгийн гол нь яагаад мөрөөрөө ажлаа хийгээд явж буй хүмүүсийн ажлыг үгүйсгээд байдгийг ойлгохгүй юм. Хамгийн сүүлд гэхэд “Монголиа опен-2017” тэмцээний нээлтийг нөгөө л хэсэг хүмүүс хүн нураах гэж оролдож, өөрсдийн амбицаар улс төржүүлж, лоозон барьж зогслоо. Энэ чинь улсын аваргын тэмцээн биш шүү дээ. Бүхэл бүтэн А зэрэглэлийн олон улсын тэмцээн. Дээрээс нь гадаадаас олон тамирчин, дасгалжуулагч ирсэн. Гэтэл улс эх орныхоо нэр нүүрийг бодохгүй байгаа хүмүүс цаанаасаа тодорхой хэмжээний явуулгатай л байгаа болов уу. Энэ бол зохион байгуулалттай арга хэмжээ. Тэгэхээр хатуухан арга хэмжээ авах ёстой гэж бодож байна. Цаана нь хэн байгааг ч гадарлаж байна.
 

 

-Хэн хийсэн гэдгийг нь гадарлаж байна гэлээ. Нэр цохож хэлж болохгүй юу. Ер нь ийм үйлдэл гаргасан хүмүүст хуулиар ямар шийтгэл ногдуулдаг юм бол?

 

-Энэ бол цэвэр ёс зүй, сахилга баттай холбоотой асуудал. Нэг лоозон нь М.Энхболд Улсын аваргад түрүүлсэн тамирчдыг Азийн аварга шалгаруулах тэмцээнд явуулаачээ гэсэн утга агуулгатай байсан. Үүний цаана А.Басхүү тэргүүтэй БХЯ-ны “Алдар” нийгэмлэгийн Цогоо, Хосбаяр гэж хоёр багш байсан болов уу. Гэхдээ энэ үйлдлийг нь “Алдар” нийгэмлэг, БХЯ-ны байр суурь ч гэж бодохгүй байна. Энэ олон жилийн баялаг түүх намтартай, алдартай нийгэмлэгийн нэрийг барьж хэдхэн багш, тамирчид нийлээд болчимгүй үйлдэл хийгээд байх юм. Эдний эцсийн зорилго нь холбоог хууль бусаар авах л юм шиг байна билээ. Зорилгодоо хүрэхийн тулд янз бүрийн арга саам хэрэглэж байна. Тэд олон асуудлаар шүүхэд хандаж байсан ч олонхи дээр нь өөрсдөө унасан. Ямар ч гэсэн болж өнгөрсөн асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулна. Мөн  эрхзүйн актаа судлах хэрэгтэй. Одоо бол чи тэгсэн, энэ ингэсэн гэж хэлэх хэцүү. Хамгийн гол нь МЧБХ-г гутаах гэсэн оролдлого нь давхар Монгол Улсын нэр хүндийг уландаа гишгэсэн үйл явдал боллоо. Энэ тэмцээнийг зохион байгуулах гэж манай холбооны ерөнхий нарийн бичгийн дарга маш их цаг хугацаа, хөлс хүчээ зарцуулсан. Гэтэл Төрийн дууллыг хүртэл эгшиглүүлэхийг болиулах гэж оролдсон. Бүхэл бүтэн хоёр минут Төрийн дуулал эгшиглэхийг хүмүүс хүлээж зогслоо. Энэ бол цэвэр доромжлол. Энэ мэт өдөөн хатгалга явуулж л байна даа. Тэмцээн зохион байгуулахад төрөөс тодорхой хэмжээний санхүүжилт өгсөн. Энэ тэмцээн өөрөө их өндөр зардалтай. Гэвч бүх санхүүжилтийн асуудлаа шийдээд зохион байгуулж байхад нөгөө талаас нь хорлон сүйтгэх, бусниулах гэж оролдож байх гэж дээ. Үнэндээ Исламын бүлэглэл шиг л хорлон сүйтгэх үйл ажиллагаа явууллаа гэж харж, дүгнэж байна.
 

 

-Бас нэг лоозон дээр ах, дүү нарын холбоо болсон гэж шүүмжилсэн байсан санагдана?

 

-Үүнийг зөвхөн тэмцээний үеэр гаргаж ирж тавьсан асуудал биш. Ярилцлага өгөх болгондоо тэд гэр бүлийн холбоо болсон гэж ярьдаг. Тэр битгий хэл Дамдиншарав гуайг хөөцөлдөж байгаад дүүгээ ҮШБА-нд томилуулсан гэж ярьдаг юм билээ. Жүдо бөхөөр олимпын аварга төрүүлчихсэн, дэлхийн хэд хэдэн удаагийн аварга төрүүлсэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш Насантогтох гуай ахаараа хөөцөлдүүлээд ҮШБА-нд томилогдох хүн мөн үү. Ийм л утгагүй зүйл ярьдаг юм. Үүнийг л ах дүүгийн холбоо, нэг нэгнээ томиллоо гээд байгаа юм. Мөн дээрээс нь манай холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Батбаярыг Болд ах нь зүтгүүлээд тавьчихлаа гэдэг.
Уг нь Батбаяр чинь дэлхийн топ арван сургагч, зөвлөхөөр шалгарсан хүн. Дэлхийн бөхийн холбоо олон зуун мянган багшаас шалгаруулаад арван хүнийг топ зөвлөх тренер болгосон байдаг юм. Дээрээс нь англи, орос хэлтэй. Бүх талаараа шалгагдаад тэнцсэн энэ залуу ямар ур чадвартай болохоо өнгөрсөн хугацаанд хангалттай харууллаа. Өөрийгөө хэн бэ гэдгийг хийж байгаа ажлаараа харуулж чадсан мундаг залуу. Үнэндээ манай бөхөд ийм л оюунлаг залуус дутаад байсан. Гэхдээ чөлөөт бөхийнхний 90 гаруй хувь нь бодит мөн чанарыг ойлгоод холбоогоо дэмжээд явж байна. 5, 10 хувь нь л хорхой шиг гозогноод байна. Энд нэг зүйлийг зориуд онцолж хэлмээр байна. Чөлөөт бөхийнхөн дунд төрсөн ах, дүүс олон бий. Тэдний нэг нь Хосбаяр, Цогтбаяр хоёр өөрсдөө. Тэд хоёулаа л “Алдар” нийгэмлэгт ажилладаг. Басхүү, Баасанхүү хоёр ч гэсэн төрсөн ах, дүүс. 20, 30 жил Монголын чөлөөт бөхийн холбоонд ажиллаж завсраараа нэг ч хүн оруулахгүйгээр өөрсдөө л олимп, дэлхийн аваргын тэмцээнийг шүүсэн. Гэвч чөлөөтийнхөн юу ч хэлдэггүй байсан шүү дээ.
 

 

-Зарим хүн энэ зүй зохисгүй үйлдлүүдийг нь өнгөрсөн олимпын наадмаар болсон үйл явдалтай холбон тайлбарлаж байсан?

 

-Өнгөрсөн олимпын наадмаар юу боллоо доо. Гэвч ёс зүйгүй авирласан багш нар холбооноос шийтгэл ногдуулсан гэж ойлгоод байдаг юм шиг санагддаг. Дэлхийн бөхийн холбооны спортын шүүхээс албан ёсоор шийтгэл өгсөн. Уг нь, манай багш нарын эрхийг насаар нь хасах байсан юм. Тэгэхээр нь бид холбоон дотроо ярилцаад хоёр жилээр эрхийг нь хассан. Энэ шийтгэлийг  маань дэлхийн бөхийн холбооныхон хүлээж авахдаа анх удаагийн тохиолдол болохоор ингээд өнгөрөөе гэсэн. Харамсалтай нь гаргасан үйлдлийг нь масс дэмжиж байна гэж тэд ташаа ойлгосон. Дэмжээд байсан юм байхгүй шүү дээ. Тэрний үр дагавар л одоо яваад байгаа нь энэ. Үүнд их харамсч байна.
 

 

-Ярилцлагынхаа төгсгөлд Б.Болд гэдэг хүний талаар асуумаар байна. МЧБХ-нд үеийн үед байсаар л ирсэн гэж их яригдах юм. Энэ хүн ер нь холбоонд ямар дэмжлэг, туслалцаа үзүүлсэн байдаг юм бэ?

 

-Холбоонд оруулсан хөрөнгө оруулалтыг нь мөнгөөр тооцвол багагүй юм гарна шүү. Мөн хувиасаа Ойдов аваргад байр өгч байсныг нь мэдэх юм байна. Жил бүр л холбоонд 20-30 сая төгрөгийн бодит дэмжлэг үзүүлээд явдаг. Манай холбооны дэд ерөнхийлөгч хүн. Нарийн яривал дэлхийн бөхийн зөвлөлийн ерөнхийлөгч. Энэ хүнтэй ОХУ-ын домогт бөх,  дэлхийн олимпын найман удаагийн аварга  Арсен Фазаев, Болгар улсын Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч, дэлхийн олимпын есөн удаагийн аварга Валентин Иорданов нар Монгол Улсад ирж уулзаж байхыг нь би мэдэх юм байна. Үүнийг нь хүмүүс тэр бүр мэддэггүй байж магадгүй юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)