Д.Ганбат: Барих-шилжүүлэх нөхцөлтэй концессын гэрээ нэгийг ч байгуулахгүй

 

        Зам, тээврийн хөгжлийн сайд Д.ГАНБАТТАЙ ярилцлаа.

 

ЭНЭ ЖИЛ ДОРНОДЫГ АВТОЗАМААР ХОЛБОНО

 

-Зам дагаж хөгжил ирдэг гэх амьдралаар батлагдсан ч бичигдээгүй хууль байдаг. Ойрын үед хийхээр төлөвлөж байгаа, гүйцэтгэж буй ажлын талаар эхлээд танилцуулна уу?

 

-Таны хэлж байгаатай санал нэг байна. Тийм ч учраас манай Засгийн газар Зам, тээврийн хөгжлийн яамыг тусад нь байгуулсан гэж ойлгож болно. Иймээс бид энэ оныг “Их бүтээн байгуулалтын жил” болгож зарласан. Засгийн газраас хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрийг ажил болгоход манай яам голлох үүргийг гүйцэтгэнэ. Үүнд авто болон төмөр замаас гадна агаарын замыг ч ашиглахаар зорилт тавиад байна.

 

-Засгийн газрын тэргүүн мэдээлэл хийхдээ олон жил ярьж буй Тавантолгой- Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг үргэлжлүүлэн барих ажлыг тун удахгүй эхлүүлэхээ мэдэгдсэн. Энэ замын бүтээн байгуулалт ямар хэмжээнд хүрээд зогссон юм бэ. Түүнийг үргэлжлүүлэх хөрөнгө санхүүгийн асуудлыг яаж шийдэж байгаа вэ?

 

-Тавантолгойн төмөр замыг барьж байгуулах­ гүйгээр эрдсийн бүтээг­ дэхүүний экспортыг нэмэг­ дүүлэх боломжгүй. 2012 оноос эхэлсэн энэ замын бүтээн байгуулалт зогссон шалтгаан нь хөрөнгө оруу­ лалт л байдаг. Ерөнхий сайдын захирамжаар бай­ гуулсан ажлын хэсэг Хя­ тадын талтай хөрөнгө оруулалтын талаар яриа хэлэлцээ хийж байна. Тус замын далангийн ажлын гүйцэтгэл 86 хувьтай, нийт бүтээн байгуулалт нь 51 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм. “Монголын төмөр зам” компанийн захиалгаар үн­ дэсний 13 аж ахуйн нэгж энэ ажлыг хийсэн бөгөөд гэрээг цааш нь сунгаж ажиллуулахаар төлөвлөсөн.

 

-“Шинэ төмөр зам” хөтөлбөрийн хүрээнд бусад чиглэлд ч бүтээн байгуулалт өрнөхөөр байгаа. Энэ талаар тодруулна уу?

 

-Манай Засгийн газрын мөрийн хөтөлбөрт энэ ажлыг тусгасан. Үүнд, Хөөт-Бичигтийн 243 км, Нарийнсухайт-Шивээхүрэн боомтын чиглэл, Эрдэнэт- Овоотын төмөр замын ажил багтаж байна. Эрдэнэт- Овоотын чиглэлийн төмөр замыг Австралийн компанитай байгуулсан концессын гэрээний дагуу энэ оноос барьж эхлэх төлөвтэй байгаа. ТЭЗҮ-ийг 2015 оноос хойш эхлээд энэ оны зургаадугаар сард дуусгана. Үүнтэй зэрэгцээд хөрөнгө оруулалт нь орж ирэх мэдээлэл бий. Эдийн засгийн коридорын хувьд зүүн буюу Хөөт-Бичигт түүнээс цааш Эрээнцав-Чойбалсан чиглэлийн төмөр замыг манай Засгийн газар бүрэн эрхийн хугацаанд эхлүүлэхээр төлөвлөсөн.

 

-Авто замын салбарт өмнөх Засгийн газар багагүй хөрөнгө зарцуулсан боловч зарим аймаг төв замтайгаа холбогдож чадаагүй байна. Үүнийг бас хийж гүйцэтгэх үү?

 

-Энэ жил нийт 21 чиглэлд 1500 км авто зам барихаар төлөвлөсний долоог нь шинээр эхэлнэ. Мөн 639 метр урт төмөр бетон гүүр барих буюу засварлах төлөвлөгөөтэй. Хатуу хучилттай авто замаар холбогдоогүй зургаан аймгаас Дорнодын замыг энэ онд гүйцээнэ. Бусад тавынх нь 2020 он гэхэд эхэлчихсэн байхаар төлөвлөсөн. Баянхонгор- Байдрагийн гүүр-Алтай чиглэлийн авто замын бүтээн байгуулалтыг энэ хавраас эхэлнэ, жилийн дотор дуусгана. Санхүүжилтийн асуудлыг тухай бүрт нь шийдээд явна. Мөн Улаанбаатар- Дарханы замд жилдээ 200 орчим осол аваар гарч, ачаалал нэмэгдэж байгаа учраас дөрвөн эгнээ, хоёр урсгалтай болгож өргөтгөж шинэчлэх ажлыг энэ онд хийнэ. Түүхийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Хэнтий, байгалийн аялал жуулчлалын төв болгохоор Хөвсгөл рүү чиглэсэн дэд бүтцийн асуудлыг шийдэх зорилготой байна. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхийн тулд Тавантолгой- Гашуунсухайт-Хангимандал чиглэлд их даацын автомашинд зориулсан замын ажлыг эхлүүлэх юм.

 

ДАЛАЙД ГАРЦТАЙ УЛС ОРОНД ДАЛБААГАА ТҮРЭЭСЛҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ ХАЙЖ БАЙНА

 

-Хэдийгээр хил дамнан тээвэр хийх боломжгүй ч ашиглавал зохих нөгөө нэг чиглэл нь усан зам байх болов уу. Ялангуяа аялал жуулчлалын чиглэлээр. Энэ салбарын хөгжил ямар төвшинд байна, цаашид юу хийх боломжтой вэ?

 

-Хятадаар дамжин далайд гарах, буцах талаар бид хэлэлцээр байгуулсан. Үүнийг баталгаажуулж, соёрхон баталснаа манай Гадаад харилцааны яаманд нотоор мэдэгдсэн байна билээ. Үүний хүрээнд Хятадын далайн долоон боомтод Монголын бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх эрх зүйн орчин бүрдэж байгаа юм. Сингапурт төвтэй “Монголын хөлөг онгоцны бүртгэл” гэж хамтарсан компани байдаг. Үүгээр дамжуулан далайд гарцтай бусад улс оронд далбаагаа түрээслүүлэх боломжийг бид хайж эрэлхийлж байна. Дотоодын усан замын тухай хуулийг УИХ-д өргөн барьчихсан. Усан замын тээврийг хөгжүүлэх багагүй боломж бидэнд бий. Хөвсгөл, Сэлэнгэ зэрэг томоохон нуур, мөрөн бусад гол, нуураа ашиглаж, аялал жуулчлалыг хөгжүүлэх, үүнд усан замыг ашиглах боломж байна гэж хардаг.

 

-Эдгээр авто замыг бүтээн байгуулснаар эдийн засагт ямар үр өгөөж авчрах бол?

 

-Замыг дагаад үйлдвэрлэл үйлчилгээ, аялал жуулчлал хөгжих үүд хаалга нээгдэнэ. Экспорт, импортын бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт өснө. Энэ хэрээр татварын орлого нэмэгдэнэ гээд олон талын ач холбогдолтой. Тиймээс эдийн засагт тодорхой үр өгөөжтэй замыг ээлж дараатай барих жагсаалтыг ч гаргачихсан байгаа.

 

МАНАЙ АГААРЫН ОРОН ЗАЙГААР ЖИЛДЭЭ 90 МЯНГАН ОНГОЦ ӨНГӨРДӨГ

 

-Манайх агаараар ачааг тэр бүр тээвэрлээд байдаггүй ч зорчигч тээвэр, бас новигацын хураамжаас тодорхой хэмжээний орлого олдог байх. Энэ чиглэлээр хийж буй ажлаасаа танилцуулна уу?

 

-Өнөөдөр агаарын зургаан шугамыг шулуун болгож чадлаа. үүний үрээр манай улсын агаарын орон зайгаар нэвтрэн өнгөрөх болон дотоодын нислэгийн хөөрч буух хөдөлгөөн эрс дээшилсэн. 1700 тн шатахуун хэмнэх, 23 мянган км замыг товчлох, агаарт хаяж буй нүүрсхүчлийн хийг 5220 тн-оор багасах гээд олон үр өгөөжийг авчирч байна. Мөн манай агаарын орон зайгаар нэвтрэн өнгөрөх хүнд даац (100-500 хүний суудалтай)- ын онгоцны хураамжийг нэмэгдүүлснээр новигацаас олох орлого гурван сая ам.доллараар нэмэгдэнэ. Өнөөдөр манай агаарын орон зайгаар жилдээ 90 мянга гаруй онгоц өнгөрч байдаг. Япон, Солонгосоос Европын орнуудыг зорьсон зорчигч тээврийн онгоцыг өөрийн орны нутаг дээгүүр өнгөрүүлэх хоёр шугам нээчихвэл энэ тоо 100 мянгад хүрч, орлого ч нэмэгдэх боломжтой. Үүний тулд газрын тоног төхөөрөмжөө сайжруулж, радарын хүчин чадлыг нэмэх бодлого барина.

 

-Хоёр хөршийг холбосон эдийн засгийн коридорыг байгуулахад зам тээврийн салбарын оролцоо ямар байх бол. Авто тээврийн туршилтыг нэг удаа хийсэн байх аа?

 

-Гурван улсын Засгийн газар хоорондын авто замаар дамжин тээвэрлэх хэлэлцээрийг өнгөрсөн оны эцсээр Москва хотод хийж, үзэглэсэн. Энэ нь эдийн засгийн коридор үүсгэх хүрээнд байгуулсан олон талт анхны хэлэлцээр байлаа. Өнгөрсөн оны наймдугаар сард Тянжин-Улаанбаатар- Улаан-Үдийн чиглэлд олон улсын туршилтын тээврийг амжилттай зохион байгуулсан. Энэ ажлыг ирэх оны эхнээс тогтмолжуулахаар гурван тал тохиролцоод бэлтгэл ажлыг хангаж байна.

 

-Зам, тээврийн хөгжлийн яамнаас бүх төрлийн тээвэр, бүтээн байгуулалтад анхаарал хандуулж, төлөвлөлт хийж байгаа юм байна. Үүнийг хэрэгжүүлэхэд санхүүжилт хамгийн чухал. Хөрөнгө мөнгийг хэрхэн шийдэх вэ?

 

-Санхүүжилтийг зөв тооцож зарцуулахгүй бол төсөл хөтөлбөр маань амжилтгүй болох, гацах зогсох зэргээр эдийн засагт нэрмээс болох магадлалтай. Тиймээс авто болон төмөр замын бүтээн байгуулалтыг буцалтгүй тусламж, хөгжлийн зээл гэх мэт бага хүү, урт хугацаатай эх үүсвэрээр санхүүжүүлж таарна. Мөн барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй концессоор хийж гүйцэтгэх, заримыг нь АХБ, ДБ, Азийн болон Европын банкуудын санхүүжилтээр барихаар төлөвлөж байна. Харин барих-шилжүүлэх нөхцөлтэй концессыг нэг мөр зогсоох шийдвэрийг Засгийнгазраас өгсөн. Тиймээс ийм нөхцөлтэй нэг ч концессын гэрээг байгуулахгүй.

 

Д.Мөнхжаргал

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (103.57.94.177)

    2017-05-23

    ishshsh ganbat guai chi ERDENETIIN 49% YACHAV DAA TER BADAMJUNAI HUZUUGUI UNAH GEJ BGAA ELBEGDORJIEV HOYOROO YAH YY????

  • baagii (202.21.109.135)

    2017-05-23

    Yamarch ashi holbogdolgui zam tabij bdagaa boliochee jishee n Selengiin Amar bayasgalant hiid hurtleh zam ene chi mongo ugaah l husel bna shdee jildee heden hun ochij bumba tahina.yadaj neg talaas n tabildaa .uunii orond baruun zuun aimguudaa l buren holboj uz