С.Алимаа: Магтсан сэтгэгдлээс урам авч, муулсан нь намайг эрч хүчтэй болгодог

 

        “Яг түүн шиг-2” шоуны шилдэг оролцогчдын нэг төгөлдөр хуурч Ами буюу С.Алимаатай ярилцлаа. Өөрт ногдсон оддын дүрийг чадварлаг “амилуулж” буй тэрбээр Бейонсийг дуурайхыг хүсдэг ажээ. Шоу нэвтрүүлэг өндөрлөхөд одоо ердөө хоёрхон дугаар үлдээд байна.

 

-Та шоунд оролцоод их нээлттэй болжээ. Хөгжимчид их дотогшоо байдаг бол “Яг түүн шиг” шоу танд энэ хүлээснээс гарах боломж өгсөн юм шиг санагдлаа?

 

-Яг үнэн. Хөгжимчид тайзан дээр гараад шууд үзэгчидтэй харьцдаггүй. Дуу цөөтэй, хөгжмөө тоглочихоод л тайзнаас буудаг. “Яг түүн шиг” шоунд оролцсоноор би өөрийгөө “нээж”, хөгжүүллээ. Шоунд хамт оролцож байгаа найз нөхдөөсөө олон зүйл сурлаа. Нөгөө талаар хувь хүний үндсэн зан төрх тайзан дээр гарсан гэж бодож байна. Хүмүүс намайг төгөлдөр хуурч гэдгээр танихаас амьдралд ямар хөдөлгөөнтэй, эрч хүчтэй байдгийг мэддэггүй. Энэ шоуг би өөрийгөө “эвдэх” боломж гэж ойлгосон. Мэргэжлийн дуучин, жүжигчидтэй өрсөлдөнө гэдэг амаргүй. Шоуны эхэнд биеэ барьж, сандрах үе тохиолдсон. Одоо тайзан дээр анх гарч байснаас илүү нээлттэй, тоглолтоо үзэгчдэд сайн хүргэхийн тулд ажилладаг болсон. Шоунд оролцохын тулд маш их зориг гаргасан. Ийм шийдвэр гаргасандаа их баяртай байна.

 

 

-Алдарт реппэр Эминемийн дүрийг бүтээх амаргүй байв уу?

 

-Хар арьстнууд дунд Эминем гарч ирэхэд хүмүүст шинэ соргог байсан. Түүнтэй адил төгөлдөр хуурч хүн реппэр болоход ямар байхыг үзэгчид харахыг хүлээж байсан байх. Би тайзан дээр хип хопоор үглэнэ гэж ерөөсөө төсөөлж байгаагүй. Тиймээс энэ миний хувьд гэнэтийн зүйл байлаа. Үүнийг би “Амьдрал их баян юм” гэж хүлээж авсан. Мэдээж Эминем шиг үглэхэд гадаад хэлний мэдлэгээс эхлээд хурдан үглэхийн тулд хаана нь яаж амьсгаагаа авах гээд сурах зүйл их. Дуугаа сонгосны дараа үглэх гэхэд үгээ дагаж хэлэх гэхээр нүд гүйцэхгүй байсан. Тиймээс өдөр шөнөгүй дуугаа сонсч бэлтгэл хийсэн. Би өөрийгөө сорих дуртай учир Эминемийн үглэхэд хамгийн хэцүү, хурдан темптэй дууг сонгосон.

 

-Гавьяат жүжигчин С.Насантогтох багшаас өөр ямар хүнээс хип хоп дууг үглэх талаар зөвлөгөө авсан бол?

 

-Нэг онцлог нь би Эминемийн улаан фэн нь. Гэхдээ хэзээ ч дагаж үглэж байгаагүй. Надад хуульч мэргэжилтэй Наргил гээд найз бий. Найз маань Эминемийн бүх дууг дуурайж үглэж чаддаг. Англид мэргэжил эзэмшиж байхдаа хар яриаг нь сурахын тулд энэ төрлийн дуу их сонсдог байсан гэсэн. Түүнээс л зөвлөгөө авсан.

 

 

-Шоу өндөрлөх дөхөж байна. Дуурайж үзэх юмсан гэж боддог хүн танд бий юү?

 

-Бейонсийг дуурайж үзмээр байна. Эрч хүчтэй, гал цогтой хурц хөдөлгөөнийг нь аль чадахаараа дуурайж хийж үзмээр санагддаг юм. Мөн эрэгтэй дүр таараасай гэж боддог.

 

-Дуурайхад хэцүү биш гэж үү?

 

-Амьдрал дээр өндөр өсгийт өмсдөг юм чинь эрэгтэй хүний дүрийг бүтээж яагаад болохгүй гэж. Харин ч сонирхолтой санагдаж байна. Дээр нь эсрэг хүйсийн хүний дүр бүтээвэл илүү хувирах юм болов уу гэж боддог.

 

-Бид нэг хүний дүрийг бүтээхийн тулд хэрхэн ажилладгийг сайн мэдэхгүй. Өөрөөр хэлбэл, тайзны ард ямар үйл явдал өрнөдгийг харж чадахгүй.Тиймээс та нэг дүрийг бүтээхийн тулд хэрхэн ажилладаг талаараа сонирхуулаач?

 

-Тоглолттой өдрийнхөө өглөө 7.00 цагаас дүр хувиргах ажил эхэлдэг. Орос мэргэжилтнүүд нүүрний хэвийг өмнө нь авсан учир бидний дараагийн дүрд яаж хувирахыг эртнээс төлөвлөчихсөн байдаг юм. Үүний дараа үс залгах, нүүр будах, хувцас өмсөх зэрэг ажлаар өдөр үргэлжилнэ. Түүнээс өмнө нь бид дуу, бүжгийн бэлтгэлээ хийдэг. Хүн аливаа дууг өөрийнхөө дуулах амархан. Харин нэг хүнийг дуурайж дуулах хэцүү юм билээ. Тухайн дуучны нүүрний хөдөлгөөн, хэвшил болсон үйлдэл, онцлогт анхаарах шаардлагатай болно. Эдгээрийг яг адилхан хийхийн тулд дахин дахин давтаж сонсох хэрэгтэй. Энэ бүхнийг “Яг түүн шиг” үзүүлэхийн тулд тайзны ард олон хүн ажилладаг. Тайзан дээр харагддаггүй олон хүний хөдөлмөрийн үр дүнд “Яг түүн шиг” шоу үзэгчдэд хүрдэг.

 

-Бүжгийн сургуулилт их хийж байгаа болоод ч тэр үү олонх оролцогч жин их хассан харагдаж байна. Та ч гэсэн...?

 

-Бид их ачаалалтай ажилладаг. Цаг давчуу учир зарим үед тоглолтдоо нойргүй бэлтгэх тохиолдол ч гарна. Өдрийн ихэнх цагийг шоундаа зориулж байна даа. Би л гэхэд шоу эхлэхэд 57 кг-ын жинтэй байсан бол одоо долоог хасчихсан явна.

 

 

-Өнгөрсөн хугацаанд хувирсан дүрүүдээс таны хувьд хамгийн сайн дурсамж үлдээж, сэтгэлд тань нийцсэнийг нэрлэвэл. Хоёрдугаарт, шоу дуусахаас өмнө таны дугаарын ялагч болохыг харахыг хүсэн хүлээсэн үзэгч олон байгаа байх?

 

-Харин тийм ээ. Г.Ганхүү ахын хэлдэг шиг шоунд оролцох нь чухал ч цагаа тулахаар хүн тэгж боддоггүй юм байна. Нэвтрүүлгийн шат ахих тусам түрүүлчих юмсан гэж боддог. Дүрүүдийн хувьд анх яг түүн шиг болох гэж хичээсэн болохоор Шакирадаа илүү хайртай. Азаар ойролцоо өндөр, биеийн төрхтэй байсан. Ер нь надад бүжигтэй, цоглог хэмнэлтэй дүр их таарч байна. Дуурайхад хэцүү нь монгол дүрүүд. Монгол дуу, дуучныг дуурайх хэцүү. Дугаар бүрийн дараа өөртөө дүгнэлт хийж алдаа болон оноогоо “тэмдэглээд” л явна. Энэ бүхнээс их зүйл сурч байна аа. Шоу өндөрлөхөд хоёр дугаар үлдлээ. Ерөнхийдөө зургаадугаар сарын 4-нд шоуны ялагч тодорно. Дараа нь буюу зургаадугаар сарын 9-нд шоуны шилдэг үзүүлбэрүүдээс бүрдсэн тоглолт хийхээр болсон. Маш доргио, үзүүштэй тоглолт болно. Хүмүүсийг ирж үзээрэй гэж уримаар байна.

 

-Шоуны дараа үзэгчдээс олон сэтгэгдэл ирдэг байх. Энэ нь эргээд та бүхэнд урам зориг өгдөг болов уу?

 

-Ерөнхийдөө эхний үед хүмүүс тааруухан сэтгэгдэл бичдэг байсан. “Хөгжимчин хүний оронд дуучин оролцуулахгүй яасан юм бэ” гэх мэтчилэн бичсэн. Эдгээр сэтгэгдэл намайг маш их хурцалсан. Яваандаа магтаалын үг сонссон л доо. Би магтсан сэтгэгдлээс урам авч, муулсан нь намайг эрч хүчтэй болгодог. Тиймээс намайг илүү сайн байлгахын төлөө шүүмжилсэн хүмүүстээ “Баярлалаа” гэж хэлье.

 

-Нэвтрүүлгийн дараа амрах уу эсвэл уран бүтээлдээ ханцуй шамлан орох бодол бий юү?

 

-Шоунаас олон зүйл сурлаа. Энэ эрч хүчээрээ уран бүтээлийнхээ ажилд орно. Учир нь, би “Яг түүн шиг”-т оролцсоноор нийгмийн масс ямар зүйл хүсдэгийг ойлгосон. Олон нийт шударга бөгөөд айхавтар байдгийг мэдэж авлаа. Хамгийн гол нь аливаа уран бүтээлч өөрийн гэсэн дүр төрхтэй байх ёстойг энэ шоунаас ойлгож байна. Дахин давтагдашгүй тэр чанар, дүр төрх хүмүүсийн сэтгэлд хоногшиж сануулдаг. Хэн нэгнийг дуурайхаас илүү хувь хүний онцлог өөрийн нь нэрийн хуудас болдгийг л ойлголоо.

 

 

-Та гэр бүлтэй болсон уу?

 

-Айл гэрийн эзэгтэй болох гэж яарахгүй байна. Уран бүтээл болон өөрийгөө хөгжүүлэх талаар бодож төлөвлөсөн зүйл олон бий.

 

-Амьдралдаа тавьсан зорилгодоо хүрсэн үү. Хэдэн хувийг нь биелүүлж чадсан бэ?

 

-Зорилгодоо хүрэхийн тулд жил бүр нэг шат ахиж байна. Жишээлбэл, өнгөрсөн жил магистраа хамгааллаа. Энэ жил “Яг түүн шиг” шоунд оролцож өөрийгөө сорьж байна.

 

Б.Сэлэнгэ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)