Нээлттэй засаглал ба Цахимжсан хөгжил

 

        Шри  Ланк улсын нийслэл Коломбо хот өнгөрөгч долоо хоногт хөл хөдөлгөөн ихтэй байв. Гудамж талбай, барилга байшингуудыг гоёмсог дэнлүү, олон өнгийн гэрэл, том жижиг туг дарцгаар чимэглэсэн нь Будда бурхан мэндэлсэн, гэгээрсэн, насан хутгийг олсон өдрийг  ёслон тэмдэглэсэн хэрэг аж.

 

    НҮБ-ын хэмжээнд тэмдэглэдэг болоод байгаа энэхүү ёслолд дэлхийн 100 гаруй улсын нэг мянга гаруй төлөөлөгчид оролцон улс хоорондын харилцаанд буддын шашныг тодорхой байр суурь эзлүүлэх, шашин, соёл, оюун санааны өв уламжлалаа хамтран хөгжүүлэх эрмэлзлийг илэрхийлэв.

 

    Хүн амын 70 илүү хувь нь буддын шашныг шүтдэг энэ улсын үндсэн хуульд буддын шашныг онцлон дурддаг, ерөнхийлөгч Сирисена, ерөнхий сайд Р.Викримисингхи нарын тэргүүлдэг намуудын эвслийн засгийн газар ч дээрх чиг хандлагыг  үргэлжлүүлэхээ илэрхийлэв.

 

Шри Ланкийн Засгийн газар 1979 онд тамилын босогчдын эсрэг цэргийн ажиллагаа явуулж эхэлснээс хойш 30 гаруй жил үргэлжилсэн иргэний дайны хөлд нэг буман хүн, түүний дотор дөрвөн түмэн тамилчууд амь үрэгдэн, жаран таван мянга гаруй хүн сураггүй алга болсон, үлдэгсэд нь эд материалын үлэмж хохирол амссан тул үндэсний эвлэрэл тогтоох зорилгын үүднээс бурхны дүйцэн өдрийг ийнхүү анх удаа тэмдэглэв бололтой. 

 

    Үүний зэрэгцээ тус улс “Цахимжсан Шри Ланка” хөтөлбөрийг хэрэгжүүлж мэдээлэл, холбооны технологид суурилсан нээлттэй өгөгдлийн санг бүрдүүлэн, шинэ бүтэц, зохион байгуулалт бий болгож, төрийн үйлчилгээг олон нийтэд шуурхай хүргэх, хөгжлийн асуудлыг олон нийтийн оролцоотой шийдвэрлэхийг чармайж байгаа нь олон улсын анхаарлыг татаж байна.

 

Сүүлийн 30 шахам жилийн хугацаанд олон хүний санаа бодол, хүч чармайлтаар хэрэгжиж байгаа энэхүү хөтөлбөрийг санаачилсан, цаг үргэлж сайжруулж байхыг улс төрийн хүчнүүдэд, дараалсан зургаан засгийн газарт ойлгуулж, программ хангамжийн салбарыг үүсгэн хөгжүүлсэн хүмүүсээ тус улс ихээхэн үнэлж хүндэтгэдэг байна. 

 

     Эдийн засгийн хөгжлийн харилцан адилгүй түвшинд байгаа улс орнуудад эдийн засгийн өсөлт, өрсөлдөх чадвараа дээшлүүлэхэд мэдээлэл, холбооны технологи (МХТ) чухлыг илтгэн харуулдаг эл хөтөлбөрийн хэрэгжилттэй Монгол улсын Засгийн газар, аймаг, орон нутгийн засаг захиргаадын төлөөлөл Нээлттэй засаглалын түншлэлийн хүрээнд төсөрхөн танилцав.

 

 Төрийн үйлчилгээг боловсронгуй болгох, орон нутгийн болон дэлхий нийтийн мэдээллийг хослуулан ашиглах, үйлчилгээний салбаруудыг мэдээллийн технологи, программ хангамжид суурилан хөгжүүлэх, тодруулж хэлбэл МХТ-ийг нийгмийн бусад салбарын нэгэн адил эдийн засгийг бүхэлд нь хамруулан, бүтээмжийг дээшлүүлэгч, нийгэм, тогтолцооны шинэтгэлийг хэрэгжүүлэгч  болгон ашиглахад Шри Ланка улс  нэлээд ахиц олж байгаа аж.

 

Цахимжсан хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэнээр хөгжлийн шинэ загвар бий болж үндэсний хөгжлийн илүү өргөн хүрээнд төлөвлөх, хувийн хэвшилд бизнесийн шинэ боломжийг  ашиглах, ядуурлыг бууруулахад тус дөхөм үзүүлдэг байна. Гэвч цахимжсан хөгжлийн олон хүчин зүйл, тэдгээрийн эрчим, харилцан хамаарал, цахимжсан хөгжлийн бодлого, тогтолцоо, МХТ-ийн салбар, дэд бүтэц, хүний нөөц, цахимжсан засаглал, цахимжсан бизнес, нийгмийн цахимжсан апликэйшнд суурилаагүй хөтөлбөр хүсэл мөрөөдлийн жагсаалт болдгийг Шри Ланкийн туршлага  харуулж байна.

 

Тиймээс, цахимжсан хөгжлийн хөтөлбөр нь хэрэгжих, мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх, нутагших боломжтой байхаас гадна тухайн улсын боломж, өрсөлдөх чадвар, бүс нутаг, дэлхийн зах зээлтэй холбогдох гарц, тэдгээрт эзлэх байр суурийг цогцоор харах, хөтөлбөрийг удирдах, хэрэгжүүлэх арга замуудыг тооцох, тогтолцооны бүтэц, чадавхийг байнга дээшлүүлэхэд анхаарал хандуулах нь чухлыг мөн зөвлөж байна.

 

Цахимжсан хөгжлийг өргөн хүрээтэй төлөвлөхийн тулд бодол сэтгэлгээ, зан үйл, уялдаа холбоо, хариуцлагын шинэ хандлагыг шаарддаг. МХТ-ийн хөрөнгө оруулалтын бодлогын шинэтгэл, тогтолцооны өөрчлөлтийн шинэтгэл, уялдаа холбоо, хамтач ажиллагаа, шинэчлэл өөрчлөлтийг удирдахад байгууллага, олон нийтийн оролцоо шаардагддаг аж.

 

Бодлого боловсруулагчид, олон улсын тусламжийн байгууллагууд, МХТ нийлүүлэгчид олон  жилийн туршид гагцхүү МХТ-ийн хэрэглэгээг шүтэж ганц нэгэн салангид хэрэглээг, аль нэг төслийн амжилт, бүтэлгүйтлийг анхаарч ирсэн болохоор цахимжсан хөгжлийн хөтөлбөрийн ололт амжилтыг хэмжихэд мөн бэрхшээл тулгардаг. Хөтөлбөр, түүнд багтсан төслүүдийг хямд төсөр, тогтвортой, ажиллах, өөр хоорондоо уялдаж зохицсон байлгах шаардлагатай юм байна.

 

Цахимжсан хөгжлийн хөтөлбөрийг боловсруулахаас эхлээд хөрөнгө оруулалтыг урт хугацааг хамруулан төлөвлөх, орон нутаг, олон улсын тусламжийн байгууллагуудтай хамтарч ажиллахад дараах хүчин зүйлийг анхаардаг  байна. Тухайлбал:
•    Оролцогч талуудын хамтлаг байгуулж улмаар бэхжүүлэх замаар цахимжсан хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх тогтолцоог бүрдүүлэх,
•    Салбар дундын цахимжсан хөгжлийн хөтөлбөр боловсруулахад олон улсын тусламжийн байгууллагууд, орон нутаг, үндэсний хэмжээний оролцогч талуудын өсөлт, өөрчлөлтийг урьдчилж тооцох,
•    Программ хангамжийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, шинэлэг механизмыг бий болгох, жижиг үйлдвэрүүд дахь МХТ бус, мэдээлжсэн нийгмийн хүний нөөцөд хөрөнгө оруулах,
•    Төр, хувийн хэвшлийн түншлэл, цахим ялгарлыг бууруулахыг хөхиүлэн дэмжих, орон нутгийн уялдаа холбоог сайжруулж, тогтвортой ажиллах технологийн төвүүдийг байгуулах,
•    Цахимжсан хөгжлийн  хөтөлбөрөөр  үндэсний зөвшилцөл бий болгох, цахим засаглал, төрийн үйлчилгээ, хөрөнгө оруулалт, үйл явцыг өөрчлөхүйц санал санаачилгад тэргүүлэх ач холбогдол өгөх,
•    Олон нийтийн ухамсар, ойлголтыг дээшлүүлэх, байгууллагуудыг чадавхжуулах, орон нутгийн хөгжлийн асуудлуудыг шийдвэрлэхэд МХТ-ийг ашиглах эдгээр болно.

 

“Цахимжсан Шри Ланка” шиг нарийн төвөгтэй, шинэлэг хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэхэд практикийн мэдлэг шаардлагатай. Харин ийм мэдлэг хараахан хуримтлагдаж эмхлэгдээгүй учир  олон улсын хандивлагчид, тусламжийн байгууллагууд “Цахимжсан Шри Ланка”-ийн сургамжийг ашиглаж байна. Төрийн хэвшлийг шинэчлэн өөрчлөх, олон нийтийг чадавхжуулах, мэдээллийн үйлчилгээг эдийн засагтай холбохыг эрмэлзсэн бусад улс ч Шри Ланкийн туршлагыг  сонирхож байна.

 

Цахимжсан хөгжлийн хөтөлбөрийг улс орнуудын овор хэмжээ, чадавхи, гарааны нөхцөлд тохируулж боловсруулдаг боловч “Цахимжсан Шри Ланка” хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэгч байгууллагуудыг эмхлэн бүрдүүлснээр шийдвэрлэгддэг бэрхшээлтэй асуудлууд, гарааны нөхцөл ерөнхийдөө нийтлэг. Тодруулж хэлэхэд, Шри Ланкад тулгарсан сорилтууд улс орнуудын орлого, цар хэмжээнээс үл хамааран нийтлэг тохиолддог болохоор уг хөтөлбөрийн  сургамжийг  дараах байдлаар тоймлох боломжтой юм  байна. Үүнд:
1.    Гарааны нөхцөл хүнд хэцүү, улс төрийн байдал нь төвөгтэй,  ядууралд автагдсан (2004 онд нэг хүнд ногдох ДНБ нь 1000 ам. дол байсан), сонгуулиас сонгуульд дамждаг, хүч султай эвслийн засгийн газар, нийгмийн асуудлууд олон жилээр хуримтлагдан, иргэний зөрчил тэмцэл даамжирсан Шри Ланка улс цахим хөгжлийн хөтөлбөр боловсруулах асуудлаар үндэсний зөвшилцөлд хүрсэн нь бусад орон ч ийм амжилт олох  найдвар төрүүлж байна.
2.    Шри Ланка улс төрийн үйлчилгээг иргэддээ харьцангуй ойртуулсан боловч энэ асуудлыг эрхэлдэг төрийн захиргааны төв байгууллага-яам байсангүй, Засгийн газар, парламент нь цахимжсан хөгжлийн  асуудлаар  олон улсын тусламжийн байгууллагуудтай түншлэх ойлголтгүй, төрийн алба нь МХТ бол үндэсний хөгжлийн зорилтуудыг шийдвэрлэнэ гэдгийг ойлгодоггүй, МХТГ нь улс төржин, цаг үеэсээ хоцорч ажиллах чадваргүй болсныг татан буулгаад шинээр  зохион байгуулсан.
3.    Хятад, Энэтхэг мэт том улсад цахимжсан хөгжлийн ахиц хялбар мэдрэгддэг ч улсын хэмжээний нийт дүнгээс орон нутгуудын нь бодит байдал харагддаггүй. Гэтэл ядуу буурай, харьцангуй хоцрогдсон Шри ланка улсад  дээрх  байдал тод харагддаг.
4.    Дэлхийн Банкнаас Шри Ланка улсад үзүүлсэн тусламж нь хөгжлийн үйлсэд МХТ-ийг ашиглахаар тусламж хүсдэг улс орнуудад “Гарын авлага” болдог.
5.    Шри Ланкийн туршлага, сургамжтай танилцсанаар цахимжсан хөгжлийн  тухай ойлголт дээшлэх төдийгүй, хөгжиж буй орны хувьд олон улсын тусламжийн байгууллагууд, бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчид судалгаа шинжилгээний байгууллагуудтай харилцахад дөхөм үзүүлдэг.
6.    Техникийн туслалцаа үзүүлдэг олон улсын байгууллагууд, МХТ-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлдэг үндэстэн дамнасан компаниудад ч тустай байдаг.

 

Шри Ланка улсын програм хангамж, МТ-д суурилсан үйлчилгээний салбар хөгжүүлсэн байдлыг харахад энэ салбарын түргэн хурдацтай хөгжил, бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлэгчид өөрчлөгдөн хувьсч байдаг нь нөхцөл байдлыг байнга ажиглан бодлого, хөтөлбөрөө шуурхай шинэчилж байх шаардлагатай. Шинэ зах зээл, хямд ажиллах хүч зэрэг харьцангуй давуу тал ч түргэн өөрчлөгддөг тул таатай нөхцөл боломж удаан үргэлжилдэггүйг санах хэрэгтэй аж .

 

Програм хангамж, МТ-д суурилсан үйлчилгээний салбар нь мэдээлэл шивж оруулахаас эхлээд өндөр түвшний программ хангамжийн зохион бүтээх, үйлчилгээ үзүүлэх, аж ахуйн үйл ажиллагааны аутсорсинг хийх хэсгүүдээс бүрддэг. Шри Ланка улсад 2003 онд 25–аас дээш ажиллагсадтай програм хангамж, өгөгдөлийн болон аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг 60 компани байсан. Тэдгээрт 1998-2003 онд 6 мянган хүн ажиллан, гадаадад 20 сая ам долларын, дотооддоо 13 сая ам долларын хөрөнгө оруулсан жижиг, дунд компаниуд байжээ. Азийн бусад улстай харьцуулахад төрийн өмчит томхон үйлдвэр огт байсангүй, гадаадын компаниудын үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт бага, өсөлт, өөрчлөлтийн голыг дээрх  компаниуд хийжээ.

 

Хувийн хэвшлийн программ хангамжийн үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний гол хэрэглэгч нь төр, бизнесийн байгууллагууд (шүүх, хилийн хамгаалалт, цагаачлалын алба, банкууд, хөрөнгийн төв бирж, нийслэл Коломбо хотод байрладаг дунд зэргийн компаниуд МХТ ашиглан компьютерийн сүлжээнд холбогдсонтой холбоотой) байжээ.

 

Программ хангамжийн үйлдвэрлэл хувийн хэвшлийг бүхэлд нь хамарч чадаагүй тул аж ахуйн үйл ажиллагаанд МХТ-ийг ашиглах талаар өнөө хэр хоцрогдонгуй юм байна.

 

Шри Ланкийн программ хангамжийн үйлдвэрлэлд судалгаа шинжилгээний чадавхи, санхүүгийн боломж, гадаад зах зээлд өрсөлдөх чадвар багатай жижиг компаниуд зонхилдог боловч тэдгээр нь нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний экспортоос орлогынхоо 25 хувийг олдог, гадаадын том компаниудтай хамтарсанаар бага боловч тодорхой заах зээлтэй болж орлого нь байнга нэмэгдэж байна. 

 

МТ-ийн компаниуд эхэндээ мэдээллийг цахим хэлбэрт оруулах, цахим видео, вэб хуудас хийх, зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлж байсан бөгөөд Шри Ланкад хард диск, санах багтаамж бүхий чипс зэрэг эд анги үйлдвэрлэх жижиг үйлдвэр байдаг боловч зөвхөн Коломбо хотод гэхэд л компьютер угсардаг 300 үйлдвэр ажиллаж байна.

 

 Программ хангамж, МТ-д сууриласан үйлчилгээний салбарууд харилцаа холбооны техник технологи, өндөр нарийн мэргэшсэн боловсон хүчнийг шаарддаг тул теле-холбоо, боловсролын салбарт хөрөнгө оруулахад багагүй бэрхшээл тулгардаг. Гэтэл шаардлагатай дэд бүтэц Шри Ланкийн орон нутагт хомс, цахилгаан эрчим хүч нь өндөр үнэтэй, ажиллагаа нь найдвартай биш, нийтийн тээвэр тогтмол биш, зам муутай учир ХМТ-ийн салбарт шаардагддаг үйлчилгээ нь нийслэл Коломбоос бусад газарт ховор. Тиймээс ХМТ-д зориулж Дэлхийн Худалдааны төв, Мянганы  Мэдээллийн технологийн парк, Теле-хот зэрэг аж үйлдвэрийн паркуудыг шинээр байгуулаад байна.

 

  Интернэтийн үйлчилгээ үзүүлдэг провайдер 17 компани ажилладаг, нэмж 10 компани лиценз авсан. Гэвч тэдгээр компани жижиг, хэрэглэгч нар нь ихэвчлэн Коломбо хотод болон цөөн хэдэн суурин газарт төвлөрдөг. Интернэт холболтын үнэ, ашиглалтын төлбөр нь хямдарч байгаа ч суурин утасны шугамыг 3 минут ашиглах үнэ нь хөрш зэргэлдээх Энэтхэгээс хоёр дахин өндөр, чанар муутай  байна.

 

Тухай улс орны овор хэмжээ, өрсөлдөх чадвар, харьцангуй давуу тал ажиллах хүчний нь тоогоор бус, тэдний боловсрол мэдлэг, чадвараар тодорхойлогддог тул программ хангамжийн үйлчилгээнд техникийн нарийн мэргэшсэн ажилтан шаардагддаг. Тиймээс, программ хангамжийн экспорт, үйлчилгээний аутсорсинг хөгжүүлэхэд нийтлэг бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийг нийтэд нь бус, тодорхой нэгэн чиглэлд байр суурь эзэлж, тэлэхийг Шри Ланка улс эрмэлздэг байна. Тус улс бичиг үсэг тайлагдалт, нийгмийн дундаж давхаргын англи хэлний мэдлэг, Британийн дээд боловсролын тогтолцоонд үндэслэсэн шүүх, нягтлан бодох бүртгэл, инженер, шинжлэх ухааны сургалт сайн.

 

Дөрвөн дээд сургууль, долоон их сургууль электорникийн инженер,  компьютерийн судлалын мэргэжлээр баклаварын түвшинд, Коломбын их сургууль эдгээр мэргэжлээр төгсөлтийн дараах сургалт явуулдаг нь харьцангуй давуу тал аж.

 

Хувийн хэвшил нь программ хангамжийн сургалтад идэвхтэй оролцож эхэлсний дотор Сингапур болон бусад улстай хамтарч МТ-ийн Үндэсний хүрээлэн, МТ-ийн Шри Ланкийн хүрээлэн, сургалтын байгууллагуудын салбаруудыг байгуулж байна.

 

Барууны технологид суурилсан, Web based technology, Multimedia computing, Database management, Object-oriented technology, Networking technology, System administration зэрэг сургалт явагддаг. Төрийн өмчийн их сургуулиуд үнэ төлбөргүй  боловч элсэлт нь цөөн тоотой учир суралцахыг хүсэгчдийн дийлэнх хувийн хэвшлийн, чанар нь эргэлзээтэй сургалтуудад хамрагддаг. Тэдгээр сургалт чанарын хувьд харилцан адилгүй, стандарт тогтоох, магадлан итгэмжилдэггүйгээс нэлээд нь цаг үеэс хоцорсон байдаг байна.

 

     Байгалийн шинжлэх ухаан ялангуяа математикийн сургалт сайтай, ажиллах хүч нь хямдаас гадна хөдөлмөрийн бүтээмж, ажил хэрэгч чанар, нарийвчлал, гар болон харааны уялдах чадвар сайтай боловч хөдөлмөрийн харилцааг зохицуулдаг хууль журмууд нь нэлээд хатуу учир ажиллах хүчний өртгийг  нэмэгдүүлдэг аж.

 

    Манай засаг, захиргааны байгууллагуудын төлөөлөгчид Шри Ланкийн талтай Нээлттэй засаглалын түншлэлийн хүрээнд болон хоёр талын шугамаар хамтарч ажиллахаар санал солилцож, ойрын хугацаанд тодорхой зарим ажлыг хэрэгжүүлэхээр тогтов.

                                                                                           

 

Г.Ганболд,  Коломбо хот
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)