АШУҮИС-ийн төгсөгчид “Их эмчийн тангараг” өргөлөө

        Монгол улсад Анагаахын мэргэжилтэн бэлгэдэг улсын сургууль болох АУШҮИС-ийн 2017 оны төгсөгчид өнөөдөр мөнгөн хонхны баяраа хийж, эмчийн тангарагаа өргөн мэргэжлийн диплом, энгэрийн тэмдэгээ гардаж авлаа.Энэхүү арга хэмжээнд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн оролцож хэлсэн үгэндээ Монгол Улсын хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үйлсэд нэгдэж байгаа залуу эмч нартаа эрүүл мэндийн салбарын нийт хамт олны өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэе!

 

 

Монгол Улсын Их Сургуулийн бүрэлдэхүүнд Хүн эмнэлгийн факультет байгуулагдан анхны эмч нар элсэн суралцаж, Ц.Ишханд, Г.Лодон, Г.Дорж, Б.Рагчаа, Р.Нямаа, Ч.Долгор, Б.Цэрэнлхам, Ч.Гомбогарам, Б.Дамдинсүрэн, Б.Жанчив, Д.Цэдэвмаа, Б.Дарь,  Ц.Долгор нарын анхны 13 Монгол эмч 1947 онд төгссөнөөс хойш эдүгээ 70 жилийн хугацаа өнгөрчээ. Эдгээр эмч нар бүгд өөрийн сонгож ажилласан анагаах ухааны чиглэлд Монголын тэргүүлэх эмч, багш, эрдэмтэн байж үе, үеийн эмч-шавь нараа бэлтгэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн болохыг Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн 75 жилийн ой тохиож байгаа энэхүү түүхэн жил “Их эмчийн тангараг” өргөж байгаа залуу эмч нартаа хандан онцлон дурьдаж байна. Та бүхэн маань тэдний арвин эрдэм мэдлэг, ажлын баялаг туршлага, хөдөлмөрч зан чанар, хүний төлөө гэсэн эерүү зөөлөн сэтгэл, харилцааны нандин чанарыг нь түүчээлэн авч, зон олныхоо  итгэлийг хүлээсэн “САЙН ЭМЧ” болно гэдэгт миний бие итгэлтэй байна.  Монгол Улс 10 000 хүнд ногдох их эмчийн тоогоор харьцангуй өндөрт ордог бөгөөд 2016 оны тоо баримтаар 10 000 гаруй их эмч ажиллаж байна.

 

 

Энэ нь 5 эрүүл мэндийн ажилтан тутмын 1 нь их эмч байна гэсэн үг. Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургууль төгсөгчид эдгээр их эмчийн дийлэнхи хувийг эзэлж байгаа бөгөөд анагаахын ууган сургуулийн нэр алдрыг өндөрт өргөн, эрдэмтэн багш нарынхаа итгэлийг дааж, их эмчийн ажилдаа бүтээлчээр, хариуцлагатай хандан ажиллаж байгааг дурьдахад таатай байна.  Өнөөдрөөс эхлэн та бүхнийг Монголын ард түмэн “Эмч”-ээ хэмээн эрхэмлэн хүндэлнэ. Эрүүл мэндийн тухай хуулийн дагуу Монгол Улсынхаа алтан соёмбот далбааны өмнө “Их эмчийн тангараг” өргөснөөр өчигдөрхөн оюутан байсан Та бүхэн маань эрдэнэт хүний эрүүл мэнд, амь насыг эрхэмлэн хамгаалах хүндтэй үүргийг хүлээн авч байна. Энэ өдөр Та бүхэнд болон танай гэр бүлийн хувьд онцгой, мартагдашгүй өдөр байх болно гэдэгт эргэлзэхгүй байна.  Залуу эмч Та бүхэн ажил амьдралынхаа туршид бүхий л мэдлэг чадвараа дайчлан, байнга суралцан өөрийгөө болон бусдыгаа хөгжүүлж, чин сэтгэлээсээ ажиллахыг захъя. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэхэд мэргэжлийн мэдлэг, ур чадвараас гадна хууль эрх зүй, эдийн засаг, менежмент, гадаад хэлний мэдлэг алхам тутамд тань хэрэгтэйг анхаарч энэ чиглэлээр өөрийгөө зайлшгүй хөгжүүлэх шаардлагатай.   Эрүүл мэндийн яамнаас эрүүл мэндийн хүний нөөцийг хөгжүүлэх, нийгмийн баталгааг сайжруулах, цалин хөлсийг нэмэгдүүлэх, төгсөлтийн дараахь сургалтыг олон улсын жишигт хүргэх, эмч, мэргэжилтнүүдээ гадаадад сургах талаар тодорхой ажлуудыг хэрэгжүүлж байгаа бөгөөд цаашид ч төлөвлөсөн ажлууд олон байна. Эдгээр бодлогын арга хэмжээг амжилттай хэрэгжүүлэхэд залуу эмч Та бүхний оролцоо, санаачлага нэн чухал. Эрүүл мэндийн салбарын залгамж халаа Та бүхнийг өөрийн орны анагаах ухааны салбарт шинэ мэдлэг, шинэ технологи нэвтрүүлж, хөгжил дэвшлийг авчирна гэдэгт бид итгэж байна.  Эрүүл мэндийн салбарт эрдэм боловсролтой, орчин үеийн мэдлэгтэй, шинэлэг сэтгэлгээ, хандлагатай залуу эмч нарыг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй эрдэмтэн багш нартаа гүнээ талархаж буйгаа энэ дашрамд илэрхийлье!  Эмч гэдэг хариуцлагатай мэргэжлийг сонгож, амжилттай суралцаж төгсөхөд итгэл урам өгч байсан, цаашид ажил амьдралын туршид нь бат бөх түшиг тулгуур нь болох залуу эмч нарынхаа гэр бүлийнхэнд эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. “Их эмчийн тангараг” өргөж буй Та бүхэндээ дахин баяр хүргээд ирээдүй тань гэрэлтэй, ажил үйлс тань өөдрөг байхын ерөөлийг дэвшүүлье гэлээ .

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)