“Элэгний эмч нарын хурлыг “Бэсрэг АСЕМ” гэхэд буруудахгүй”

 

        Монголын элэгний эмгэг судлалын холбооноос зохион байгуулж буй “Элэгний С вирус болон хавсарсан халдварууд” олон улсын хурал зургадугаар сарын 16-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Уг хуралдаанд нийт 30 гаруй орны 500 гаруй төлөөлөгчид оролцох бөгөөд дэлхийд нэр хүндтэй профессорууд Монголд зочилж, монголчуудад лекц унших юм байна. Энэхүү хуралдааны талаар Монголын элэгний эмгэг судлалын холбооны хүндэт ерөнхийлөгч Ж.Амарсанаатай ярилцлаа.

 

-Элэгний вирусыг устгах хөтөлбөрийг тун амжилттай хэрэгжүүлж буй улс орны нэг нь Монгол. Хөтөлбөр хэрэгжээд удаагүй ч амжилт олсон нууц юундаа байгаа бол. Энэ амжилтдаа тулгуурлан олон улсын хурал зохион байгуулах эрхтэй болсон гэж ойлгож болох уу?

 

-Элэгний вирусыг устгах үндэсний хөтөлбөрийг богино хугацаанд амжилттай хэрэгжүүлж буй улсын тоонд манай улс багтаж байгаа. Одоогийн Засгийн газар, Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамд энэхүү хөтөлбөрт, тэр дундаа элэгний С вирусыг устгах чиглэлд санаачлагатай ажиллаж байгааг онцолмоор байна. Элэгний С вирусын эсрэг эмийг даатгалаар олгож эхэлсэн бол оношилгоог мөн даатгалд багтаахаар яригдаж байна. Анх 2014 оны эхээр АНУ-д албан ажлаар явахдаа элэгний С вирусын эмийг оруулж ирэх санаачлагыг гарган хэрэгжүүлсэн юм. Үр дүн богино хугацаанд гарч байгаад баяртай байгаа. 2016 онд элэгний вирусын эм олголт эрчимжсэн.

 

-Хичнээн хүн элэгний С вирусын эсрэг эм хэрэглэж, өвчнөөсөө ангижирсан бэ. Эмчилгээ, үйлчилгээний бодит үр дүн хэзээ гарах вэ?

 

-2016 онд 5-6 мянган хүн, энэ он гарснаас хойш 4000 орчим хүн уг эмийг хөнгөлөлттэйгөөр авсан гэсэн үг. Тэгэхээр эдгээр хүмүүс вирусээс  ангижирч, бодит үр дүн шууд гарч байгаа гэж ойлгож болно. Монгол Улс элэгний С вирусыг устгах чиглэлээр амжилттай ажиллаж буй загвар улс болж, гайхуулах зүйлтэй болчихоод байгаад сэтгэл өөдрөг байна.

 

-Элэгний С вирусын халдвартай хүмүүс хэр олон байдаг бол. Бүгдээрээ вирусээс ангижирч, Монгол Улс элэгний өвчлөлгүй, тухайлбал хавдаргүй болох цаг хэр ойрхон байна вэ?

 

-Дээр дурдсан арван мянган хүн вирусээ устгуулсан боловч цаана нь дахиад олон мянган хүн элэгний С вирусын эсрэг эм уух шаардлагатай байгаа. Нийт хүн амын 9,6 хувь нь С вирусын халдвартай гэсэн тоо бий. Түүгээр тооцвол 200 орчим мянган хүн халдвартай байхыг үгүйсгэхгүй. Элэгний хатууралтай хүмүүсийн хувьд бүрэн эдгэрнэ гэж ойлгож болохгүй. Мөн вирусээ устгуулсан хэр нь архины хамааралтай, буруу зан үйлтэй хүмүүс байсаар байна. Тэгэхээр элэгний хатуурал, хавдраас бүрмөсөн ангижирна гэж хэлэхэд бэрх. Эрсдэл байсаар л байна гэсэн үг.

 

-Элэгний С вирусийн халдварыг бууруулах, урьдчилан сэргийлэх боломж хэр байдаг вэ?

 

-Өнөөдөр Монгол Улсын хувьд элэгний С вирусын халдварлах замыг бүрэн хамгаалж чадахгүй байна.  Уг вирусын 90 орчим хувь нь эмнэлгээр дамжиж байгаа. Эмнэлгүүдийн дотоод ариутгал, халдваргүйжүүлэлт бидний хүсч буй олон улсын төвшинд очиж чадаагүй. Тиймээс элэгний вирусын эсрэг хөтөлбөр маань халдвараас хамгаалах чиглэлд хөрөнгө мөнгө зарцуулж байх ёстой. Дутуу ариутгасан багаж, хэрэгслээр дамжих магадлал асар өндөр байна. Бүх төрлийн хагалгаа, шүдний эмчилгээ, мэс заслын тоног төхөөрөмжөөр халдварлах нь бий.

 

-“Бэсрэг АСЕМ” гэж тодотгож буй олон улсын хуралдааныг Монголдоо зохион байгуулах санаачлага хаанаас гарсан бэ. Хуралд хичнээн орны төлөөлөгчид оролцох бол?

 

-Манай элэгний эмч нарын холбооноос гурван жилийн өмнө анхны санаачлагыг гаргаж, Ази Номхон далайн элэгний эмгэг судлалын нарын холбооноос энэхүү хурлыг эх орондоо зохион байгуулах эрхийг олгосон. Нэлээд олон оронтой өрсөлдсөн. Энэхүү эрхийг олж авахад манай холбооны тэргүүн О.Баатархүү профессорын үүрэг роль их  байсан. Одоогийн байдлаар манай хуралдаанд Армен, ОХУ, Турк, Мьянмар, Египет, Пакистан, Хонконг, Филиппин, БНСУ, Япон, БНХАУ, Иранаас зочид ирэхээр бүртгүүлээд байгаа бөгөөд эдгээр улс орнууд элэгний С вирусын эсрэг үндэсний хөтөлбөрүүдээ танилцуулахын сацуу Монголын туршлагатай танилцах юм.

 

“Бэсрэг АСЕМ” гэж нэрлэж буй энэхүү хурлыг Монголд зохион байгуулснаар их хэмжээний мэдлэг орж ирнэ. Манай улсын хэмжээнд хийж буй бүхий л ажлууд олон улсын тавцанд гарч, Монголын элэг судлалын ахиц, амжилтыг дэлхий нийтэд таниулах цонх нээгдэнэ. Хуралд эмч, эмнэлгийн ажилтнууд, элэгний нарийн мэргэжлийн эмч нар, судлаач, эрдэмтэн, профессорууд, төр засгийн төлөөлөл цөм багтаж байгаа.

 

-Хурлаас гарах үр дүнг хэрхэн харж байна вэ?

 

-Монгол Улсад хэрэгжиж буй хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлбэл илүү зохистой вэ гэдэг зөвлөмж гарах байх. Элэгний нарийн мэргэжлийн гадаад, дотоодын профессорууд лекц уншина. Улсын клиникийн нэг, хоёр, гуравдугаар эмнэлэг, ХӨСҮТ, Хавдар судлалын үндэсний төв, томоохон хувийн эмнэлгүүд, Сонгдо, Интермед, Хаппиверитас эмнэлэг болон хувь судлаачдын илтгэлүүд анхаарал татах нь дамжиггүй.

 

Хурлын үеэр элэгний олон төрлийн эмгэгийн эмчилгээний талаар ярилцах болно. Элэгний В, D, дельта вирус, хорт хавдрын үед анхаарах олон асуудлыг тал талаас нь хэлэлцэх юм. Япон, Солонгос, АНУ, Энэтхэгийн мундаг профессорууд уригдаж ирж сонирхолтой лекц уншина. ДЭМБ-ын салбар хуралдаанаар элэгний олон төрлийн өвчний эмчилгээний удирдамж, стратеги яригдана. Нэг зүйлийг онцлоход хурал дан англи хэлээр явагдах юм.

 

-Энэ удаагийн хурлын Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байгаа юм уу?

 

-Тийм ээ. Элэгний өвчлөл бол олон мянган монгол хүний эрүүл мэндэд заналхийлсэн өвчин гэдгийг мэдэрч, элэгний С вирусын эсрэг эм оруулж ирэх үйлсийг ихэд дэмжсэн хүн бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж юм. Төрийн өндөрлөгүүдийн дундаас онцгой тууштай дэмжсэн хүн бол Ерөнхийлөгч байсан. Тиймээс ч бид энэ удаагийн хуралдаанд ач холбогдол өгч оролцохыг хүссэн. Ерөнхийлөгч уг хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулахыг зөвшөөрсөн. Үүнд зохион байгуулагч бид ихэд баяртай байгаа.

 

-Хурал зохион байгуулахад дэмжлэг туслалцаа өгч буй ямар ямар газрууд байна вэ. Санхүүжилтээ хэрхэн босгож байгаа бол?

 

-Хурлыг маань ЭМЯ, ДЭМБ, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Глобал сан дэмжин ажиллаж байна. Мөн хувийн компаниуд тэр дундаа Омбол, Монгол эм импекс, Хаппи веритас, Сисмекс, Синофарм зэрэг олон компанийн буянаар санхүүжилт болон бэлтгэл ажил амжилттай явагдаж байна. Товчхондоо бол бэлтгэл ажил 80 хувьтай байна.

 

Д.Цээпилмаа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)