Ж.Эрхэсхулан: Эрүү, шүүлт тулган авсан аливаа баримт, мэдээллийг нотлох баримтад тооцохгүй

 

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг УИХ-ын чуулганы өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар баталсан. Уг хуулийн талаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн дэд профессор, доктор Ж.ЭРХЭСХУЛАНТАЙ ярилцлаа. Тэрбээр хуулийн ажлын хэсэгт ажилласан юм.

 

-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, баталлаа. Хуулийн ажлын хэсэгт орж ажилласан хүний хувьд хэр хууль гарсан гэж дүгнэж байна вэ. Хэлэлцүүлгийн явцад нэлээд шүүмжлэл дагууллаа шүү дээ?

 

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль шүүмжлэл дагуулах нь гарцаагүй. Учир нь, энэ хууль нь нийгмийн томоохон харилцааг өөртөө агуулдаг бөгөөд хүний эрхийг хөндсөн арга, зарчим, агуулгыг багтаасан учраас иргэд, олон нийт анхаарал хандуулсан. Тиймээс тал бүрээс нь шүүн хэлэлцсэний үндсэн дээр уг хууль “төрлөө”. Миний хувьд аливаа хууль өмнөхөөсөө ямагт сайжирч, нийгмийн харилцаанд тохирч чадахуйц хэмжээнд хүрсэн тохиолдолд сайн болж гэж үздэг. Тухайлбал, тухайн хууль орчин үеийн хөгжиж буй шинжлэх ухааны үндэслэлд суурилсан, хүний эрхийг баталгаажуулсан зүйл, заалттай бөгөөд энэ нь амьдралд бодитой хэрэгжихүйц үр ашигтай байж чадвал сайн хууль гэж үзэж байгаа юм. Тэгэхээр шинээр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зохих шаардлагыг хангасан.

 

-Хуульд зарчмын шинжтэй ямар өөрчлөлт оруулсан бэ?

 

-Ер нь аливаа хууль зорилготой, зорилгоо зөв тодорхойлсон байх ёстой. Өмнөх хуульд гэмт хэргийг илрүүлэх, олж тогтоох, ялыг шударгаар ногдуулах л гэсэн зарчим байсан бол одоо хүний хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх зорилгыг тавьсан. Өөрөөр хэлбэл, зарчмын талаасаа уг хуульд хүний эрхийг хамгаалах өөрчлөлт орууллаа. Жишээ нь, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэн хүн татагдан оролцсон тохиолдолд эрүү, шүүлт тулгахгүй байх. Эрүү, шүүлт тулган авсан аливаа баримт, мэдээллийг нотлох баримтад тооцохгүй байх өөрчлөлт оруулсан. Түүнчлэн олон улсын хууль тогтоомжид “Аливаа иргэн тухайн улсын хууль ёсны шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэх эрхтэй” гэж заасан байдаг. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “Шүүхэд мэдүүлэх эрх” гэсэн зарчмын шинжтэй томоохон өөрчлөлт орууллаа. Мөн олон нийтийн дунд ихээхэн шүүмжлэл дагуулдаг 72 цагийн баривчилгааг 48 болгосон. 72 цагийн баривчилгаа нь ямар ч шүүхийн зөвшөөрөлгүй хүнийг шууд эрх чөлөөг нь хязгаарлаж хорьдог. Гэтэл хүний эрх хууль ёсны шүүхийн зөвшөөрлөөр хязгаарлагдах ёстой. Баривчилгааг 48 цаг болгосноор нэгдүгээрт, хүнийг шүүхийн зөвшөөрөлгүй цагдан хорьдог хугацаа багассан. Хоёрдугаарт, 72 цагийн баривчилгааг нийгэмд “Хар баасан гараг” гэж нэрлэдэг. Учир нь, баривчлах зөвшөөрөл өгдөг хуулийн байгууллагынхан баасангаас даваа гараг хүртэл амардаг тул энэ өдрүүдэд барьсан хүнээ зөвшөөрөлгүй 72 цаг хорих болдог. Үүнийг 48 цаг болгосноороо баасан гарагт хүнийг хорихоос татгалзаж, хавтгайруулан зөвшөөрөлгүй хорьдог байдал үгүй болно.

 

-Шүүх олон хэргийг мөрдөн байцаалтад буцаадаг. Энэ зохицуулалтад өөрчлөлт оруулсан уу?

 

-Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны үүрэг гүйцэтгэгч субъект нь прокурор, шүүх, цагдаагийн байгууллага, мөн хүний эрхийг хамгаалах өмгөөллийн байгууллага байдаг. 2002 онд баталсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар эдгээр субъектийн байцаан шийтгэх ажиллагааг дөрөв хуваасан. Нотлох баримт, гэмт хэрэгтэй холбоотой зүйлийг цуглуулдаг үүргийг цагдаагийн байгууллага, цуглуулсан зүйл дээр нь үндэслэн гэм буруутайг нь төрийн нэрийн өмнөөс ялладаг үүргийг прокурорын байгууллага, хүний эрхийг хамгаалах үүргийг өмгөөллийн байгууллага, эдгээр үзэл онолын зөрүүтэй талуудын маргааныг хэнээс ч хамааралгүй, хөндлөнгийн хараат бус байдлаар хянан шийдвэрлэх үүргийг шүүхэд оноосон. Үүгээрээ өмнө нь баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль томоохон концепцийг агуулсан байдаг. Гэхдээ энэ ангиллыг 2002 оноос өнөөдрийг хүртэл хэрэгжүүлж ирсэн практикаас харахад төдийлөн мөрдөхгүй байгаа тал ажиглагдсан. Тухайлбал, хэрэг маргааныг улсын яллагч нь яллаад шүүхэд оруулаад ирдэг. Гэтэл шүүх дээр тухайн хэргийг хянан хэлэлцэж байхдаа нотлох баримт дутуу гээд мөрдөн байцаалтад буцаадаг зохицуулалт байлаа. Өөрөөр хэлбэл, шүүх хэргийг хараат бусаар хавтаст хэрэг, цуглуулсан баримтын хүрээнд шийдэх ёстой байтал ийм, тийм баримт дутуу гэж буцааж байгаа нь нэг талаасаа нотлох баримтыг цуглуулдаг, ялладаг хоёр байгууллагын үүрэг рүү орж, яллах чиг баримжаатай явж ирсэн гэсэн үг. Үүнийг шүүхийнхэн “Эрүүгийн байцаан шийтгэх зарчимд хэргийн бодит үнэнийг тогтооно гэдэг зүйлийг бүх оролцогчид оноосон учир бид бодит үнэнийг тогтоох үүднээс нэмэлт баримт цуглуулахаар мөрдөн байцаалт руу буцааж байна” гэж тайлбарладаг. Гэтэл дээр хэлсэнчлэн нэгэнт л чиг үүргээ хуваасан бол шүүх өөрт нь ирсэн хавтаст хэргийн хүрээнд хэрэгтэнг шийтгэж, эргэлзээтэй байвал хэрэгсэхгүй болгох үндсэн үүргээ гүйцэтгэх ёстой. Энэ үүрэгтэй харшилж байсан учир шинэ хуулиар шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад буцаахгүй байх зохицуулалт тусгасан. Хэлэлцүүлгийн явцад шүүхээс хэргийг буцаах нь хүний эрхийн зөрчил талдаа ч, байцаан шийтгэх үйл ажиллагааны үндсэн зарчимтай ч харшилж байна гэж үзэж шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад буцаадаг механизмыг үгүй болголоо.

 

-Шүүн таслах ажиллагаанд ямар зохицуулалт оруулсан бэ?

 

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүн таслах үйл явцыг мэтгэлцээний үндсэн дээр явуулах нөхцөлийг хангах заалт оруулсан. Өөрөөр хэлбэл, шүүх хуралдааны заалтыг илүү тодорхой болгосон гэсэн үг. Жишээлбэл, өмнө нь шүүх хуралдааныг эхлүүлэхдээ улсын яллагчийн яллах дүгнэлтийг уншиж сонсгоод, ойлгосон эсэхийг нь асуугаад л явуулдаг байсан бол одоо шүүх хуралдаанаар шүүгдэгч нь улсын яллагчид асуулт тавих, улсын яллагч яллах дүгнэлтээ тайлбарлах, үүний дараа шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлттэй холбогдуулан өмгөөллийг үг хэлэх зэрэг дараалсан үйл явцыг тусгаж өгсөн. Мөн шүүх хуралдааны явцад улсын яллагч, өмгөөлөгч тодорхой асуудлаар мэтгэлцэж байхдаа шүүхээс завсарлага авч болдог боллоо. Шүүх хуралд нэг этгээд хэд хэдэн өмгөөлөгчтэй мөн нэг хэрэг дээр хэд хэдэн улсын яллагч орж болохоор, тэд хоорондоо зөвлөлдөх, ингэхдээ завсарлага авч, зөвлөлдсөний дараа дахин шүүх хурлыг үргэлжүүлэх боломжтой болсон. Түүнчлэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг гэх том шаттай болж байна. Тодруулбал, хэрэг мөрдөн байцаалтын шатнаас прокурорт дамжиж, түүнээсээ шууд шүүх хурал руу ордог байсан бол одоо нэгдсэн шүүх хуралдаанаас өмнө товлон зарлаж, талуудын саналаар урьдчилан хэлэлцүүлдэг болсон. Хэлэлцүүлгийг хэдэн ч удаа хийж болно. Урьдчилсан хэлэлцүүлгээр, мөрдөн шалгах ажиллагаанд ямар зүйлийг дахин хийлгэхээр байна. Юунд иргэн гомдолтой байна, нотлох баримт дутагдалтай эсэх, үүнийг мөрдөн байцаагч, прокурор хангаж чадаж байна уу үгүй юу гэдгийг шүүх хурлын өмнө хэлэлцэх боломжтой. Энэ нь хүний эрхийн маш том баталгаа болж байгаа юм. Урьдчилсан хэлэлцүүлгийг маш сайн хийсэн байхад хүний эрх хангасан, хавтаст хэргийн ажиллагаа дууссан, бүрэн гүйцэд асуудал шүүх рүү орно гэсэн үг. Энэ утгаараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль өмнөхөөсөө давуу талтай болсон.

 

-Хуульд сэжигтэн гэдэг нэр томьёог өөрчилж яллагдагч болгосон. Яллагдагч гэдэг нь яг ямар ойлголт вэ?

 

-2002 онд баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэрэгтэн, яллагдагч, шүүгдэгч гэсэн гурван нэр томьёо бий. Мөн сэжигтэн гэсэн нэр томьёо ч байсан. Үүний сул тал нь хүнд эрүүгийн хэрэг үүсгэчихээд сэжигтнээр татчихдаг. Хэргийг цааш нь мөрдөөд явж байхад тухайн хэрэг сэжигтэнд холбоогүй тохиолдолд эргээд хэрэгсэхгүй болгодог зохицуулалт байгаагүй. Эрүүгийн хэргийн сэжигтнээр татагдаад насан туршдаа л тийм нэртэй яваад байдаг. Харин шинэ баталсан хуулиар сэжигтэн гэдэг нэр томьёонд эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө тухайн хэргийг хийсэн байж магадгүй гэж хардсан хүнийг нэрлэхээр заасан юм. Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнөх шатанд хардаж байгаа хүнийг сэжигтэн гэж нэрлэдэг болсон. Харин нэгэнт эрүүгийн хэрэг үүсгэсэн бол тэр нь хангалттай баримтаар тогтоосон хүнийг яллагдагч гэж нэрлэж байгаа юм. Ингэснээр яллагдагч гэдэг нэр томьёог эрүүгийн хэрэг үүсгэсэн үед хэрэглэж байгаа нь тохирч байгаа юм. Мөн эрүүгийн хэрэг үүсгээд тухайн хэрэг нь батлагдах бол яллагдагчаар татсан тогтоолыг буцаагаад хэрэгсэхгүй болгоно. Тиймээс насаараа сэжигтэн гэж нэрлэгдэхгүй, яллагдагч гэж нэрлэгдсэн ч хэрэгсэхгүй болж байгаа юм.

 

-Тахарын албыг татан буулгаснаас хойш гэрч, хохирогчийг хамгаалах байгууллагагүй болсон гэж шүүмжилдэг. Гэрч, хохирогчийг хамгаалах талд хэрхэн анхаарсан бэ?

 

-Гэмт хэрэгт холбогдсон хүнээс илүү хохирсон хүний эрх гэдэг нэн чухал. Тиймээс төр гэмт хэргээс иргэнээ хамгаалах үүргийг Үндсэн хуулиар хүлээсэн. Манай улс Гэрч, хохирогчийг хамгаалах тухай бие даасан хуультай. Өмнө нь баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд гэрч, хохирогчийг хамгаалах баталгааг бага тусгасан байсан. Харин энэ хуулиар гэрч, хохирогчийн эрх, аюулгүй байдлыг хамгаалах зохицуулалтыг маш өргөн хүрээнд хийж, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуультай холбож өгсөн. Жишээлбэл, шүүх хуралдаанд орж байгаа гэрч, хохирогчийн нэрийг нууцлах, өөр нэр өгөх, шүүх хуралдаан, мөрдөн шалгах ажиллагааны туршид шаардлагатай бол буруутгаж байгаа этгээдэд харуулахгүй байх, шүүх хуралдааныг тусгаарлах зэрэг аюулгүй байдлыг хангаж өгсөн. Өмнө нь гэрч, хохирогчийг Тахарын алба хариуцдаг байсан бол одоо цагдаагийн байгууллага хариуцахаар өөрчилсөн.

 

-Хуульд Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг сэргээхээр оруулж ирээд эцсийн хэлэлцүүлгийн явцад дэмжлэг авалгүй унасан. Энэ албыг сэргээсэн нь ямар давуу талтай болох байсан юм бэ?

 

-Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба өмнө нь манай улсад байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа явуулдаг субъектүүд буюу прокурор, шүүгч, цагдаа хүн л болсон хойно гэмт хэрэг хийх магадлалтай. Гэтэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэдэг хүмүүсийг өөрсдөөр нь мөрдүүлнэ гэдэг байж болохгүй бөгөөд ашиг сонирхлын зөрчил үүсэх магадлал өндөр байдаг. Тиймээс тэднийг хөндлөнгийн этгээдээр мөрдүүлэх нь зөв гэж үзээд Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг байгуулан ажиллаж байсан ч хоёр, гурван жилийн өмнө татан буулгасан. Энэ хугацаанд ихээхэн хүндрэл үүссэн. Одоо энэ үүргийг Авлигатай тэмцэх газар хэрэгжүүлж байна. Гэтэл АТГ-ын мөрдөн байцаагч гэмт хэрэг хийвэл тухайн хүнийг хэн мөрдөх вэ гэсэн асуудал гарч байгаа юм. Өөрөөр хэлбэл, нэг өрөөнд суудаг хүн нь мөрдөх үү. Тиймээс л Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах байгууллагыг дахин сэргээх санал оруулсан. Гэвч УИХ-ын чуулганы эцсийн хэлэлцүүлгээр боломжгүй гээд унагалаа. Энэ нь шинэ байгууллага байгуулахад хөрөнгө мөнгөнөөс гадна маш богино хугацаанд тус албыг байгуулах нь хүнд байсан болов уу.

 

М.Энхцэцэг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)