Б.Мөнгөнчулуун: Бага ангийн хүүхэд гэртээ тоглож, амарч байх нь хүүхдийн хөгжилд маш чухал

        “Этүгэн” их сургуулийн дэргэдэх “Этүгэн” бүрэн дунд сургуулийн захирал Б.Мөнгөнчулуунтай ярилцлаа. Тэрбээр 2009 онд сургуулиа үүсгэн байгуулж байсан багш нарын нэг нь ба одоо захирлаар ажиллаж байгаа юм. Боловсролын чанар, хүүхэд бүрийн хөгжил, суралцахуйн бүтээлч үйл нь сургуулийн маань үндсэн зорилго,  гол үр дүн  гэсэн хүсэл, эрмэлзэл өвөртлөн яваа  түүний ярилцлагыг хүргэж байна. 

 

-“Этүгэн” бүрэн дунд сургууль хэд дэх төгсөлтөө хийж байна гэдгээс ярилцлагаа эхлэх үү?

 

-Манайх анх “Этүгэн” их сургуулийн лицей, ахлах сургуулийн хэв шинжтэй сургалтын үйл ажиллагаа явуулж байгаад 2013 оноос “Этүгэн”  бүрэн дунд сургууль болж өргөжсөн байгаа. Энэ жил бид найм дахь төгсөлтөө хийж байна. 

 

-Мэдээж анх байгуулагдсан үеэсээ өргөжин хөгжиж иржээ. Үүний гол шалтгаан нь сургуулийн, сургалтын чанар бодлого, зорилго, зорилт нь тодорхой байсных болов уу?

 

-Тийм ээ.  Манай хүүхэд бүрийн хөгжил эцэг эхчүүдийн итгэл найдвар, цаашлаад улс орны хөгжлийн баталгаа учраас бид дэлхийн бүтээлч Монгол иргэнийг бэлтгэнэ гэсэн алсын хараа, эрхэм зорилготой ажилладаг. Үүний баталгаа бол манай төгсөгчдийн амжилт юм. Манай төгсөгчид ОХУ, АНУ, Япон, Солонгос, Герман, Хятад зэрэг Олон Улс болон Монгол Улсын их дээд сургуулиудад амжилттай суралцаж байна. Манай сургууль хүүхдийг “хүн болох” боловсролд онцгой анхаарахаас гадна англи хэл, математик, байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай. Этүгэн Их сургуулийн дэргэдэх ерөнхий боловсролын сургууль гэдэг давуу тал дээрээ суурилан Анагаах, Эдийн засаг, Инженерийн лицей анги хичээллэдэг.

 

-Анагаах, Эдийн засаг, Инженерийн лицей ангитай бүрэн дунд сургууль гэхээр их л содон сонсогдож байлаа?

 

- “Этүгэн” их сургуулийн магистр,   докторын зэрэгтэй эрдэмтэн багш нар маань манай лицей сургуулийн сурагчдад кредиттэй хичээлүүд ордог. Ингэснээр хүүхдүүд маань ахлах сургуулийн төвшинд байхдаа их сургуулийн багш нартай харьцаад сурчихдаг. Дараа нь кредит систем гэдгийг ойлгоод мэдчихдэг. Өөрийнхөө ирээдүйд насан туршдаа олж авсан мэргэжил гэдэг бол тухайн хүний амьдрал хувь заяаг тодорхойлдог. Ахлах сургуульд байхдаа манай хүүхдүүд мэргэжлийн чиглэлээ зөв сонгож чаддаг. 

-Сургуулиудын элсэлт явагдаж байна. Тэгвэл “Этүгэн”  бүрэн дунд сургууль жилд хичнээн хүүхдийн элсэлт авдаг вэ?

 

- Бид А  зэрэглэлийн бүсэд өөрийн хичээлийн байртай. Энэ 2017-2018 оны хичээлийн жилд спорт болон урлагийн заал, анагаах, эдийн засаг, инженерийн чиглэлийн олон улсын стандарт бүхий лабораторитай зургаан давхар хичээлийн байрны өргөтгөлийг ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Иймээс 1-12 ангидаа элсэлт авч байна. 

 

Төрийн бус өмчийн сургуулиудын анги дүүргэлт 20-25 байдгийн давуу тал багш хүүхэд бүрээ хөгжүүлэх бүх талын боломжтой байдаг. Манай сургуулийн онцлог бол хүүхэд бүрийн давуу тал хөгжлийн түвшинг тогтоон оношилж,бүх талын боломж бүрдүүлэн хөгжүүлдэг. Бусад зарим нэг сургууль шиг шалгалт авч сайныг нь шигшиж авахыг зорьдоггүй. Яагаад гэвэл Монгол Улсын үндсэн хуулиар хүн бүр ерөнхий боловсрол эзэмшинэ гэсэн заалттай учир энэ үйлсэд бид өөрийн хувь нэмрээ оруулж нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэхийг хүсч байгаа. Бидний төлөвлөсөн элсэлтийн хязгаарт багтаж байвал эцэг эх, хүүхдийн сонголтыг хүндэтгэн нээлттэй элсүүлдэг.

 

-Танайх сурагчдад тэтгэлэг олгох болон төлбөрийн уян хатан нөхцөл, өөр олон онцлогтой гэж сонссон юм байна. Энэ талаараа мэдээлэл өгөхгүй юу?

 

-Манайх сургалтын төлбөрийн тэтгэлэг өгдөг. Сургалтын төлбөрийн 10-50 хувийн тэтгэлгийг үүсгэн байгуулагчийн зүгээс амжилттай суралцаж буй сурагчдад өгдөг. Бага ангийн нэг ээлжээр өглөө 8:40-өөс орой  4:30 хүртэл хичээл, дугуйлан нэмэлт сургалтандаа суралцахаас гадна, гэрийн даалгавраа сургууль дээрээ хийдэг нь эцэг эхчүүдэд тус дэмтэй байдаг. Өдөр өнжүүлэхийн нэмэлт төлбөр авдаггүй. Сургуулийн автобусны үйлчилгээтэй.

 

Гэрийн даалгаврыг сургууль дээрээ хийнэ гэдэг бол хамгийн оновчтой зөв шийдэл. Бага ангийн хүүхэд гэртээ тоглож, амарч байх нь хүүхдийн хөгжилд маш чухал. Эцэг эхчүүд буруу зөрүү заах,  заримдаа өөрсдөө хийх тохиолдол гардаг. 

 

Манай сургалтын төлбөр 2.900.000-3.000.000 төгрөг. Сургалтын төлбөрийн 10-40 хувийн тэтгэлэг олгодог. Нэг айлын 2-3 хүүхэд сурвал хөнгөлөлт үзүүлдэг. Бид нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхэд ирсэн тохиолдолд нэг ангид, нэг хүүхэд байхаар  зохион байгуулдаг. Энэ нь тэр ангийнханд хүнийг хайрлах, энэрэх, туслах дадалд  суралцахад тусалдаг. 

 

Энэ хичээлийн жилээс “Этүгэн” цэцэрлэг болж үйл ажиллагаагаа явуулахаар бэлтгэлээ хангаж байна. Эцэг эхчүүд хүүхдүүдээ нэг дор сургууль, цэцэрлэгт өгөх олон талын ач холбогдолтой.  

 

-Ямар, ямар хөтөлбөр хэрэгжүүлдэг вэ?

 

-Англи хэлний Grapeseed, IELTS, TOEFL  хөтөлбөрийн сонголттой.
Хүүхэд бүрийг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд шатар, даам, соробан сампин, баруун, зүүн тархи хөгжүүлэх сургалт, гэрэл зураг, уран зураг, цаасан хуйлмал,  гимнастик,  морин хуур, бүжиг,  төгөлдөр хуур, балет зэрэг сургалт зохион байгуулж байна. Мөн эко клуб, тогооч клуб, book клуб, сагсан бөмбөг, speaking bee English   зэрэг клубууд ажиллаж байна. 

 

-Сурагч солилцооны хөтөлбөр хэрэгждэг үү?

 

-Тийм ээ. Зургадугаар ангиас дээш сурагч солилцооны хөтөлбөрөөр явуулж байна. 

 

-Хүүхэд бүр хөгжих ёстой гэсэн зорилго эцэг, эхчүүдийн сэтгэлд их нийцдэг байх?

 

-Энэ сургуульд суралцсан хүн бүр хөгжих ёстой гэсэн зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө манай хамт олон ажилладаг. Хүүхэд бүрийн гарааны үнэлгээг тогтооно. Тэр хүүхэдтэй бүтэн жил сургалтын гэрээ байгуулж, ажилладаг. Гэрээний хүрээнд  эцэг эх, багш, хүүхэд гэсэн гурвалсан байдлаар хамтран ажилладаг. Эрдэмтэн,  докторуудыг урьж эцэг эхчүүдийн хэрэгцээтэй чиглэлээр нь боловсрол олгодог.

 

-Хүүхэд бүрийн хөгжлийн тайлан,  тоглолт хийсэн гэж байсан. Хүүхдүүд юу сурсан мэдсэнээ эцэг, эхдээ харуулах боломж юм даа?

 

- Хүүхэд бүрийн авьяасыг нээн хөгжүүлж, сурсан мэдсэн зүйлээрээ бид хаврын тайлан тоглолтоо хийдэг. Зөвхөн эцэг эхчүүдэд харуулах нь гол зорилго биш. Хүүхэд бүр сурсан мэдсэнээрээ бахархаж,  өөртөө итгэлтэй байж, өөрийгөө олох нь гол зорилго. Хүүхэд бүр суралцах урам, итгэлийг мэдэрч байх нь чухал.
Цаг гарган ярилцсан танд баярлалаа.

 

С.Наран

www.unen.mn
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)