Д.Бат-Эрдэнэ: Нэр дэвшигчид иргэн гурав, хуулийн этгээд 15 сая хүртэлх төгрөгийг нэг удаа өгч болно

 

        Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж буйтай холбогдуулан СЕХ-ны Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах референт Д.БАТ-ЭРДЭНЭТЭЙ ярилцлаа.

 

-Ерөнхийлөгчийн сонгууль болоход яг сарын хугацаа үлдсэн байна. Бэлтгэл ажил хэдэн хувьтай явна. Ойрын өдрүүдэд ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

 

-Сонгуулийн тухай хуульд заасны дагуу СЕХ-ноос сонгууль зохион байгуулах ажлын цаг хугацааны график гаргадаг. Үүний дагуу ажиллаж байна. Ойрын төлөвлөгөөт ажил бол тавдугаар сарын 27-ноос өмнө санал авах байруудын ахлах зохион байгуулагчийг томилж ажиллуулах ёстой. Энэ санал авах, тоолох ажлыг зохион байгуулах үндсэн нэгж. Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд үнэмлэх олгох ажлыг маргааш зохион байгуулна. Ингэснээр саналын хуудас хэвлүүлэх ажлыг эхлүүлнэ. Бас нэг чухал ажил бол сонгогчдын нэрсийн жагсаалтыг цаасан хэлбэрээр үйлдэн санал авах байруудад хүргүүлэх юм. ОӨУБЕГ-аас зургаадугаар сарын 1-нээс сонгогчдын нэрсийн жагсаалтыг цаасан хэлбэрээр үйлдэн аймаг, нийслэлийн сонгуулийн хороогоор дамжуулан сум, дүүргүүдэд хүргэдэг.

 

-Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулснаар тэдэнд ямар эрх үүсэх вэ?

 

-Нэр дэвшигчдэд үнэмлэх олгосноор сурталчилгаагаа эхлүүлдэг байсан бол энэ удаад тийм эрх үүсэхгүй. Сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 20 хоногийн өмнө буюу зургаадугаар сарын 6-ны өдрөөс албан ёсоор эхлүүлээд нэг хоногийн өмнө дуусгана.

 

-Сурталчилгааны хугацааг хэрхэн заасан байдаг вэ?

 

-Сонгуулийн тухай хуульд зааснаар хоногт гарах сурталчилгааны нэвтрүүлэг нэг цагаас хэтрэхгүй байх ёстой. Гэхдээ нэг нэр дэвшигчид ноогдох сурталчилгааны цаг 15 минутаас хэтрэхгүй гэж заасан. Энэ удаагийн сонгуульд гурван хүн нэр дэвшиж байгаа учраас тус бүр 15 минут гэхээр радио, телевиз хоногт 45 минут сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлэг цацах эрхтэй болж байгаа юм.

 

-Нэр дэвшигчид сонгуулийн зардлаа хэрхэн бүрдүүлэх ёстой вэ?

 

-Сонгуулийн тухай хуулиар зардлын төрлийг хандив, өөрийн болон намын хөрөнгө гэж заасан байдаг. Үүнийгээ сонгуулийн зардлын дансаар дамжуулах ёстой. Гэхдээ аудитын байгууллагаас тогтоосон сонгуулийн зардлын дээд хэмжээнээс хэтрүүлэх ёсгүй. Тухайлбал, хандив гэхэд иргэн гурван сая, хуулийн этгээд 15 сая хүртэлх төгрөгийг нэг удаа нэр дэвшигчид өгч болно. Иргэн бэлэн мөнгөөр хандив өгч болохгүй. Тиймээс нам нэр дэвшигчдээ санхүүжилт өгөхдөө сонгуулийн зардалд зарцуулах мөнгөний дансанд шилжүүлэх ёстой. Өөр ямар нэгэн хэлбэрээр зарлага гаргах ёсгүйг Сонгуулийн тухай хуульд нарийвчлан заасан.

 

-Нэр дэвшигчид зардлын дансаа нээлгэсэн байгаа юу?

 

-Зардлын данс нээх хугацааг хуулиар зааж өгөөгүй. Гэхдээ улс төрийн нам сонгуульд оролцуулах тухай шийдвэр гаргаснаас хойш зардлын данс нээлгэнэ. Нээлгүүлсэн өдрөөс хойш тав хоногийн дотор холбогдох байгууллага болох СЕХ, Татварын ерөнхий газар, Үндэсний аудитын газарт данс нээлгэсэн талаарх мэдээллээ хүргүүлэх үүрэгтэй.

 

-Данс нээлгэснээ албан ёсоор мэдүүлсэн нэр дэвшигч бий юү?

 

-Мэдээлэл ирүүлж, СЕХ-нд бүртгүүлсэн тохиолдол одоогоор байхгүй.

 

-Хандивт яг юуг хориглодог вэ?

 

-Сонгуулийн тухай хуульд хэд хэдэн этгээдээс хандив авах, өгөхийг хориглоно гэж заасан байдаг. Тухайлбал, гадаадын улс болон байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, харьяалалгүй хүн, 18 нас хүрээгүй хүүхэд, үйлдвэрчний эвлэл болон шашны байгууллагаас хандив авч, тэд өгч болохгүй. Мөн байгуулаад нэг жил болоогүй аж ахуйн байгууллага, компаниас хандив авч, өгүүлэхийг хориглодог.

 

-Хэрэв хориглосон хүн, хуулийн этгээдээс мэдэхгүйгээр хандив авсан, тэд өгсөн бол яах ёстой вэ?

 

-Хандив өгч буй хүн, хуулийн этгээд мэдээллээ заавал бичсэн байх учиртай. Тиймээс магадгүй тэд санаатай болон санамсаргүйгээр нэр дэвшигчид хандив өгсөн байвал шалгаж үзээд хандивыг нь буцааж олгох ёстой.

 

-Мөнгөн бус хандивт ямар зүйл багтах вэ?

 

-Нэр дэвшигчид тодорхой төрлийн үйлчилгээ үзүүлэх нь мөнгөн бус хандив. Үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглуулах, эзэмшүүлэхдээ заавал гэрээ байгуулж, тодорхой хэмжээнд үнэлэх ёстой. Энэхүү үнэлгээний мөнгөн дүн иргэн болон хуулийн этгээдээс нэг удаа өгч болох мөнгөн хандивын дээд хэмжээнээс хэтрэхгүй. Нэр дэвшигч хандивыг хүлээн авах, зарцуулах, хянах талд аудитын байгууллага тодорхой чиг үүрэг өгч, мөн тайланд нь хяналт тавьдаг.

 

-Нэр дэвшигчид болон нам зардлын тайлангаа хэдий хугацаанд хаана өгөх ёстой вэ?

 

-Аудит хийлгэсэн тайлангаа нэр дэвшигч санал хураалт дууссан өдрөөс 30, нам 45 хоногийн дотор СЕХ-нд ирүүлэх ёстой. Хуульд заасан хугацаанд тайлангаа ирүүлээгүй тохиолдолд тухайн нам, нэр дэвшигчийг дараагийн сонгуульд бүртгэдэггүй.

 

-Сонгууль дууссанаас хойш нэлээд хожуу тайлангаа хүргүүлэхээр хууль дүрэм зөрчсөн асуудал гарвал хариуцлага тооцоход хугацааны хувьд оройтохгүй юу?

 

-Санхүүжилттэй холбоотой маш олон зохицуулалтыг Сонгуулийн тухай хуульд заасан байдаг. Тэдгээрээс яг алийг нь зөрчсөн гэдгээс хамаарч ямар хариуцлага хүлээлгэх нь тодорхой болдог.

 

-Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх хүсэлтэй гадаадад оршин суугаа иргэдийн бүртгэл дууссан. Тэдний саналыг хэдийд авах вэ?

 

-Гадаад улсад амьдардаг иргэдийн саналыг авахтай С.ЮМСҮРЭН холбоотойгоор хэд хэдэн ажил зохион байгуулна. Тэдний саналыг зургаадугаар сарын 10, 11-нд авна. Тиймээс хуулийн дагуу саналын хуудсыг гурваас доошгүй хоногийн өмнө хэвлүүлэн хүргүүлэх ёстой. Үндсэндээ Дипломат төлөөлөгчийн газруудад зургаадугаар сарын 7 гэхэд хүргэсэн байна.

 

-Саналын хуудсыг хэдэн ширхэг хэвлүүлэх вэ. Урьдчилсан тооцоо гарсан уу?

 

-Энэ ажлыг хариуцах ажлын хэсгийг одоохондоо томилоогүй байна. Ажлын хэсгийнхэн сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэсэн иргэдийн тоонд үндэслэж тоогоо гаргах ёстой. Сонгогчдын нэрсийн жагсаалтыг цахим хэлбэрээр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар /ОӨУБЕГ/-аас гаргадаг. Ингэхдээ давхардсан байдал болон гомдлын дагуу нягтлан шалгаад Улсын Дээд шүүхээс эрх зүйн чадамжгүйг тогтоосон сонгуулийн насны иргэдийг тогтоосноор анх үйлдсэн бүртгэлийн нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулж, эцсийн тоог гаргадаг. Ажлын хэсгийнхэн бэлтгэл ажлаа хангачихаад СЕХ-ны хуралдаанд танилцуулна. Үүний дараа тодорхой тоог мэдээлэх боломжтой.

 

-Дахин сонгууль явуулахаар болбол хэдий хугацаанд хэрхэн зохион байгуулах вэ. Мөн зардал мөнгийг нь яаж шийдэх вэ?

 

-Нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын санал аваагүй тохиолдолд 16 хоногийн дотор дахин сонгууль зохион байгуулах ёстой. Гэхдээ хамгийн олон хүний санал авсан хоёр нэр дэвшигч дахин сонгуульд оролцоно. СЕХ болон сонгууль зохион байгуулах байгууллагууд эрсдэлийг урьдчилан тооцоолж, тодорхой хэмжээний санхүүг төсөвлөсөн байдаг.

 

-Иргэд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхтэй эсэхээ хэрхэн шалгаж, баталгаажуулах вэ?

 

-ОӨУБЕГ санал өгөх иргэдийн нэрсийн жагсаалтыг цахим хуудастаа байршуулсан. Тиймээс иргэд тухайн сайт руу орж регистрийн дугаараараа шалгаж болно. Хэрэв бүртгэл тань буруу байвал санал өгөхөөс 14 хоногоос доошгүй өдрийн өмнө тухайн байгууллагад гомдол гаргаж засуулах боломжтой.

 

С.Юмсүрэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)