ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдаж, 14 их наяд төгрөг салхинд хийсч, хятад эмэгтэй хүүхдүүд хулгайлахаар завдсан 7 хоног

 

        Үйл явдал өрнүүн долоо хоног болж өндөрлөлөө. Өөрөөр хэлбэл, улс орны хөгжлийн чиглүүлэх, эдийн засаг сэргэх тэрхүү үйл явдал өрнөсөн ач холбодол бүхий долоо хоног байлаа. Ингээд тоймоо хүргэж байна. 
         

 

Эхний  ээлжийн санхүүжилт болох 38.6 сая ам.доллар орж ирлээ 

 

        Энэ долоо хоногт ОУВС-ийн захирлуудын зөвлөл хуралдаж, Монгол Улс тус сангийн “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-т хамрагдахаар болсон гэсэн таатай мэдээллийг олон нийтэд дуулгалаа. Энэхүү үйл явдлын талаар  “Сангийн яам”, “Монголбанк”, “ОУВС”-гийн суурин төлөөлөгчийн газар хамтран сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр Сангийн сайд Б.Чойжилсүрэн "Энэхүү хөтөлбөр нь гурван жилийн хугацаатай, хөтөлбөрийг ОУ-ын түншүүд дэмжиж, Азийн Хөгжлийн банк болон Дэлхийн банк, Япон, Солонгос улсуудаас урт хугацааны, хөнгөлөлттэй, бага хүүтэй төсвийн санхүүжилтээс гадна БНХАУ-ын Төв банкны хэлэлцээрийн үр дүнд 5.5 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэнэ. Зөвхөн ОУВС-гаас гэхэд 314.5 сая зээлжих тусгай эрх буюу ойролцоогоор 434.3 сая ам.долларын санхүүжилтээр дэмжих юм. Эхний ээлжийн санхүүжилт болох 38.6 сая ам.доллар Монголд орж ирнэ" гэлээ. Түүнчлэн Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор Монголбанкны дансанд эхний ээлжийн санхүүжилт болох 38.6 сая ам.доллар орж ирсэн юм. Улмаар Монгол Улсад эдийн засгийг тогтворжуулах, эдийн засгийн шинэчлэлийг хэрэгжүүлэх тус хөтөлбөрийн хүрээнд хийгдэх нийт санхүүжилтийн хэмжээ 5.5 тэрбум ам.доллартай тэнцэж байгаа гэсэн чихэнд чимэгтэй сайхан мэдээлэл байлаа. 
                     

 

 14 их наяд төгрөгийг  салхинд хийсгэжээ 

 

        Түүнчлэн дараагийн нь  14 их наяд төгрөг салхинд зүгээр нэг хийчихсэн мэдээлэл байлаа. Энэ талаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг мэдээлэл өгсөн юм. Тодруулбал, Монголбанкны 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд явуулсан үйл ажиллагаанд ажлын хэсэг шалгалт хийсэн. Зарим нэг хүмүүс улстөржүүлж, сонгуультай холбох гээд байсан болохоор зориуд онцолж байгаа юм. Миний хувьд өмнө нь эдийн засгийн чиглэлээр дагнаж, тойм нэвтрүүлэг хийж байсан тоймчийн хувьд, УИХ-ын гишүүний хувьд ямар нэгэн бизнесийн ашиг сонирхол байхгүй тул ажлын хэсэгт багтан хариуцлагатай ажилласан. Яагаад заавал 2012-2016 оныг сонгон ажлын хэсэг шалгалт явуулсан бэ гэхээр 2012 онд Монголбанк цэвэр дүнгээрээ алдагдалгүй ажиллаж байсан юм. Нэг үгээр хэлбэл маш сайн ажиллаж байсан. Заавал байлгах валютын нөөц, Монголбанкны өөрийн хөрөнгө байх ёстой баланстаа байсаар ирсэн.

 

Харамсалтай нь, 2012 оны наймдугаар сараас эхлэн 2016 оны арванхоёрдугаар сарын 31 гэхэд Монголбанкны алдагдал хэвийн байх хэмжээнээсээ хэтэрч, сөрөг үзүүлэлтэд орсон. Монголбанкны хуримтлагдсан алдагдал гурван их наяд төгрөгт хүрсэн. Энэ нь ам.долларын төгрөгтэй харьцах ханшаар мэдрэгдсэн. Ам.долларын ханш 2500 төгрөгт хүрсэн бол одоо 2480 төгрөгтэй тэнцэж байна. 60 гаруй мянган аж ахуйн нэгж хаалгаа барьсан гэдэг статистик бий. Үүний гол шалтгаан нь ханшийн зөрүүнээс болсон. Эдийн засагт улаан гэрэл үргэлжилсээр байсан тул Хятадаас своп зээл авсан. Уг зээлийнхээ хүүгийн төлбөрт бид байгаа бүхнээ тавьж, эцсийн бүлэгтээ ОУВС-гийн хамгийн хэцүү нөхцөлтэй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдахдаа хүрлээ. Тэгэхээр 2012 Оны сүүлээс эхлээд цугларсан байсан валютын нөөцийн зарцуулалт буруу тийшээ явсан. Өөрөөр хэлбэл, бодлогын бус арга хэмжээнүүд авсантай шууд холбоотой. Төв банк өөрийн хөрөнгө болох дотоодын арилжааны банкуудтай своп, форвард хэлцэл гэсэн сайхан нэрийн доор 3.1 тэрбум ам.доллар буюу нийт 7.1 тэрбум ам.долларыг 2013-2015 онд интервенци нэрээр Төв банкны ерөнхийлөгч байсан Н.Золжаргап зах зээлд нийлүүлсэн. Интервенц ам.долларын ханшийн хэт өсөлтийг зогсоох, тогтвортой байлгах ёстой л доо. Гэтэл 7.1 тэрбум ам.доллар буюу 14 их наяд төгрөгийг зүгээр л салхинд хийсгэчихсэн байна гэсэн юм. 

   

 Хүүхэд хулгайлсан эмэгтэйг  сэтгэцийн өөрчлөлтэй гэв 

 

Нийгмийг цочирдуулсан бас нэг үйл явдал бол БНХАУ-ын иргэн бага насны гурван монгол охиныг хулгайлахыг завдаад баригдсан талаар мэдээлэл байлаа. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст өчигдөр 15.40 цагт “БНХАУ-ын иргэн бага насны гурван эмэгтэй хүүхэд дагуулаад явж байна. Хүүхдүүд энэ эмэгтэйг танихгүй гэж байна” гэх мэдээлэл иржээ.
 

 

Иргэний мэдээллийн дагуу уг эмэгтэйг саатуулан шалгахад сэтгэцийн эрүүл мэндийн төвийн хяналтад байдаг Монгол Улсад төрж өссөн үндсэн харьяалалгүй эмэгтэй дээрх гурван хүүхдийг явганаар дагуулан явж байжээ. Түүнчлэн утасны WI чатаар охидуудын зургийг өөр нэг хятад хүн явуулсан гэсэн мэдээлэл бас байгаа юм. 

 

 Тус эмэгтэй “Тэди” худалдааны төвөөр хүүхдүүдийг дагуулан явж байхад нь цагдаагийн алба хаагчид саатуулан шалгаж, байцаалтын ажиллагааг явуулж байна. 
 

Б.Батаа
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)