Ц.Батчулуун: Супер их мастер болохын төлөө бэлтгэлээ сайн хийнэ

 

        Шатрын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний нээлттэй төрөлд шилдэг 33 их мастертай өрсөлдөн Монголын эрэгтэй шатарчдаас “Дэлхийн цом”-д оролцох эрхээ анх удаа авсан их мастер Ц.Батчулуунтай ярилцлаа. Түүнийг тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоод ирэхэд нь Монголын шатрын холбооны гүйцэтгэх захирал Б.Наранбаатар, дэд ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч П.Жигжидсүрэн, Монголын үндэсний олимпын хорооны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин нар хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн юм.

 

-Та Баянхонгор аймгаар овоглодог. Хонгор нутаг таны мэндэлсэн газар уу?

 

-Аавын маань төрсөн нутаг. Тиймээс би аавынхаа нутгаар овоглодог юм. Миний нэрэмжит тэмцээнийг Баянхонгор аймагт өнгөрсөн аравдугаар сард зохион байгуулсан. Дотоодын шилдэг тамирчид оролцсон өрсөлдөөнтэй тэмцээн болсон. Насанд хүрэгчдийн шатрын улсын аварга шалгаруулах тэмцээнийг ирэх жил Шаргалжуут рашаан сувилалд зохион байгуулахаар ярилцаж тохироод байна. Ер нь сүүлийн жилүүдэд Баянхонгор аймгийнхан шатрын спортыг хурдтай хөгжүүлж байна.

 

-Танд шатар тоглохыг хэн зааж, сургасан бэ?

 

-Би таван настайгаасаа шатар тоглосон. Ээжээрээ шатрын нүүдэл заалгаж, аавтайгаа тоглож сурсан даа. Шатрын мастер биш ч аав, ээж маань сайн тоглодог. Миний эмэгтэй дүү шатрын олон улсын хэмжээний мастер цолтой. Биднийг тоглож сурахад аав ээжийн дэмжлэг их бий. Би шатар тоглох маш дуртай. Багаасаа шатрын холбогдолтой ном, хэвлэл уншиж, өөрийгөө хөгжүүлсэн. Үүнд аавын маань үүрэг их. Оросын хуучин хэвлэлүүд олж ирдэг байлаа. Түүнийг нь би үзэх дуртай байсан. Үүний үр дүнд багаасаа тэмцээн уралдаанд оролцсон. Ер нь шатрын холбогдолтой ном авбал дуустал нь уншиж, судалж байж санаа амардаг зантай. 12 настайдаа гавьяат дасгалжуулагч П.Жигжидсүрэн багштайгаа ажилласнаас хойш одоог хүртэл заавар зөвлөгөөгөө аваад явж байна.

 

-Дүү тань сүүлийн үед шатар тоглож харагдахгүй юм. Шатраараа хичээллэж байгаа юу?

 

-Дүү маань 2008 оны шатрын олимпиадад сайн тоглож том амжилт үзүүлсэн. Одоо гэр бүлээрээ Америкт ажиллаж, амьдарч байна. Тэндээ заваараа шатраа тоглодог гэсэн.

 

-Багадаа нүүдлийг нь дуурайж тоглодог байсан шатар танд бий юү. Таны хүүхэд насны үлгэр дуурайлал болсон шатарчин хэн байв?

 

-Тухайн үед шатар одоогийнх шиг хөгжөөгүй байсан учир бидний дотнын нөхөр ном байлаа. Тэдгээрээс дэлхийн аваргуудын өргийг үзэх дуртай байсан. Шатар спортын бусад төрлийг бодоход нас, жин, хүйс хамаарахгүйгээрээ онцлогтой. Холбоодын тоогоороо хөлбөмбөгийн спортын дараа ордог. Хичээллэгсдийн тоо ч олон. Шатар олон жилийн түүхтэй спорт мөртлөө өнгөрсөн 200- гаад жилийн түүхэнд дэлхийн аварга 10 гаруйхан тодорсон байдаг. Үүнээс шатрын дэлхийн аварга цол ямар үнэ цэнэтэй гэдэг нь харагдана. Бараг тэрбум шахуу хүн шатраар хичээллэж байна. Гэтэл их мастер цолтой нь 1000 хүрэхгүй. Үүнээс нэг хүнд харьцуулах тоогоороо Монгол Улс их мастер олонтой гэж явдаг.

 

-Шатрыг цусгүй тулаан гэдэг. Яг тоглолтын үед тамирчинд сэтгэл зүйн дарамт маш их ирдэг байх?

 

-Шатарчин хүн сэтгэл зүйгээ хянаж чаддаг байх ёстой. Нэг тоглолтод хожигдсон ч дараагийн өрөгт “ялна” гэсэн сэтгэлээр эхлэх ёстой. Туршлагатай шатарчид ч сэтгэлзүйн хувьд тогтворгүйгээс болоод ийм зүйл тохиолдож байгаа нь харагддаг. Гэхдээ нэг тоглолтоос нөгөөд өөрийгөө “цэнэглэж” тоглоход бэрх. Хэлэхэд амархан ч хийхэд хэцүү. Надад ч гэсэн ийм байдал ажиглагддаг байсан. Харин сүүлийн үед энэ тал дээр өөрийнхөө чадварыг дээшлүүлсэн гэж боддог. Тэмцээний хариуцлагатай өргүүдийг сайн хийдэг болсон. Жишээ нь, өнгөрсөн жилийн Азийн аваргад оролцохдоо сүүлийн гурван өрөг дараалан хожсон. Энэ жил ч гэсэн амжилтаа ахиуллаа.

 

-Техник технологи хөгжсөн өнөө үед дэлхийн нөгөө захад байгаа хүнтэй ч шатар тоглож, бэлтгэл хийх боломжтой болжээ. Та өдөрт хэдэн цагийг бэлтгэлд зарцуулж байна вэ?

 

-Хоёр цаг зарцуулдаг. Таны хэлдгээр дэлхийн шатрын их мастертай холбогдож тоглоно. Энэ төрлөөр тэмцээн хүртэл зохион байгуулдаг болжээ. Техник технологи хөгжиж байгаа нь шатарчдын хувьд давуу тал. Нэг дутагдал нь гаднынхан дасгалжуулагчтай том бүрэлдэхүүн болж тэмцээнд оролцдог. Харин манайхан бүх зүйлийг өөрсдөө зохицуулж, өрсөлдөж байна.

 

-Азийн аваргын дараа таны чансааны оноо хэд болсон бэ?

 

-Азийн аваргад оролцохдоо Монголын болон хувийн дээд амжилтаа шинэчлэн тогтоосон. Өөрөөр хэлбэл, Монголын шатарчдын хамгийн өндөр буюу 2543 оноо болсон. Ер нь сар бүрийн эхний өдөр шатарчдын чансааг танилцуулдаг. Цаашид супер их мастер болох зорилгоо биелүүлэхийн төлөө бэлтгэлээ сайн хийнэ.

 

-Таныг Азийн аваргаас ирэхэд Монголын шатрын холбоо, шатар сонирхогчид баяртайгаар угтан авлаа. Тивийн аварга шалгаруулах тэмцээний уур амьсгал ямар байсан талаар мэдээлэл өгнө үү?

 

-Энэ удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн өмнөх жилүүдтэй харьцуулахад өрсөлдөөнтэй болсон. Шатрын спортоор Хятад улс тэргүүлэх гүрэн болсон. Ер нь Хятад, Америк, Орос гэдэг болсон. Дэлхийн томоохон гурван гүрэн шатрын спортод ноёлж байна. Азийн аварга Хятадад болсон учир тус улсын олимпын шигшээ багийнхан оролцлоо. Тэд 2014 оны шатрын дэлхийн олимпиадад түрүүлсэн. Нэмээд Энэтхэгийн шатарчдыг дурдахгүй өнгөрч болохгүй. Энэ утгаараа Азийн аварга шалгаруулах тэмцээн маш өрсөлдөөнтэй болдог. Миний хувьд эхнээсээ шилдэг шатарчидтай сайн тоглосон. Өмнөх тивийн аваргаас “Дэлхийн цом”-д оролцох эрх авахад оноо тэнцсэн ч коэффицентын дутуугаар хасагдсан. Энэ жил Азийн аваргад амжилттай оролцсоноор “Дэлхийн цом”-д өрсөлдөх эрхтэй боллоо. Тэмцээн Гүржийн нийслэл Тбилист ирэх есдүгээр сарын 2-нд болно. Дэлхийн шилдгийн шилдэг 128 их мастер оролцдог энэ тэмцээний эрхийг Монголын шатарчдаас анх удаа би авлаа.

 

-“Дэлхийн цом”-ын бэлтгэлээ хэзээнээс эхлүүлэх гэж байна вэ?

 

-Тэмцээнд оролцох зарим их мастерын нэр тодроогүй байна. Тиймээс удахгүй тэмцээний оноолт гарах байх. Үүний дараа хэнтэй тоглохоо мэдээд бэлтгэлээ эхлүүлнэ. “Дэлхийн цом” шатарчин бүрийн мөрөөдөл болсон тэмцээн.

 

-Эмээж байгаа шатарчин байна уу?

 

-Дэлхийн шилдгүүд ирдэг учир бүгд л хүчтэй өрсөлдөгчид. Ер нь тэмцээнд оролцох тамирчдын чансааг харж байгаад хоёр хэсэгт хуваачихдаг. Тиймээс бэлтгэлээ маш сайн базаах хэрэгтэй байна.

 

-Манай шатарчдын давуу болон сул тал юу байдаг вэ?

 

-Монгол тамирчдын давуу тал нь тоглолт сайтай. Тамирчид маань потенциальтай. Зарим нь Монголд төдийлөн амжилт гаргадаггүй мөртлөө гадаадад тоглохоор илүүрхдэг. Бидний дутагдал бол туршлага бага хуримтлуулдаг. Гадаадын тамирчид энэ тал дээр анхаарал их хандуулдаг. Дэлхийн шилдэг шатарчид жилийн 365 хоногийн 250-д нь шатар тоглоод явчихдаг. Монголын тамирчид 365- аас 60 орчим хоногт л тэмцээнд оролцож байна. Үүнээс харахад гадаадын шатарчид байнгын бэлтгэлтэй байгаа юм. Бидэнд туршлага дутагдаж байна. Ёстой авьяасаараа л явж байна гэж хэлж болно.

 

-Өмнөө тавьсан зорилгоо биелүүлж чадаж байна уу?

 

-Энэ жилийн хувьд эхний том зорилгоо биелүүллээ. Одоо “Дэлхийн цом”-ын тэмцээний шилдэг 32-т үлдэх цаашилбал, түрүүлэх зорилго тавьсан. Энэ жил улсын аваргад дөрөв дэх удаагаа түрүүллээ. Энэ нь Монголын хувьд гуравдугаарт яваа гэсэн үг. Энэ мэтчилэн зорилгоо биелүүлээд л явж байна.

 

-Зарим шатарчин спортоор хичээллэхийн зэрэгцээ ажил хийдэг. Та ажил хийдэг үү. “Дэлхийн цом”-ын бэлтгэл хангахад танд юу шаардлагатай байна вэ?

 

-Би “Алдар” спорт хорооны шатарчин. Үүний зэрэгцээ “Зууны шатар” клубтээ багшилдаг. Тэгэхээр шатраас холдохгүй байнгын бэлтгэлтэй байдаг. Ер нь шатраар хичээллэхийн зэрэгцээ ажил хийж их мастерын төвшинд тоглох боломжгүй. Манай шатарчдын хувьд нөхцөл тааруухан ч боломжоороо явж байна. Дашрамд, Монголын шатрын холбоо, Баянхонгор аймгийнхан, “Алдар” спорт хороо болон “Зууны шатар” клубийнхэнд талархсанаа илэрхийлье.

 

 

Б.Сэлэнгэ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • uska (175.215.202.214)

    2017-05-27

    amjilt husee chi chadnaa