Гадаадын жуулчны хөтөч бэлтгэх сургалт эхэллээ

 

        Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Аялал жуучлалын газар хамтран гадаад хэлний зохих мэдлэгтэй оюутан, хөдөлмөр эрхлээгүй залуучуудын ур чадварыг сайжруулах, аялал жуучлалын салбарт хөдөлмөр эрхлэх бололцоотой боловсон хүчнийг нэмэгдүүлэх, тэдгээрийн мэргэшлийн мэдлэгийг сайжруулах, жуулчдад үйлчлэх аяллын хөтөчийг мэргэжлийн арга зүйгээр хангах зорилгоор “Гадаадын жуулчны хөтөч бэлтгэх” сургалтыг өнөөдрөөс эхлэн үнэ төлбөргүйгээр зохион байгуулж эхэллээ. Сургалт 6 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл ажлын 5 өдөр нийслэлийн Иргэний танхимд болох юм. Энэ  удаагийн сургалтад нийт 300 гаруй залуучууд хамрагдаж байна. Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “Жуулчны хөтөч, тайлбарлагчийн сургалтад хамрагдсан залуучууд эх орныхоо соёлын дурсгалт газруудын талаар өргөн мэдлэгтэй болохоос гадна хувь хүний хөгжилд хэрэгтэй мэдлэг, мэдээллүүдийг өгнө. Түүнчлэн сургалтад хамрагдсанаар хөтөч /Guide/-ийн талаар мэдлэгтэй болох, эх орноо гадаадын жуулчдад зөв таниулах арга барилд суралцах, хөдөлмөрийн гэрээ байгуулах, ажилд орохыг горилогчийн эрх, үүргийн талаарх мэдлэгтэй болох, аялал жуучлалын хөтөлбөр гаргах, жуулчин хүлээн авах үйлчилгээний талаарх ойлголт, харилцааны ур чадвар, багаар ажиллах чадвараа хөгжүүлэх, эрүүл ахуй, ариун цэврийн талаарх мэдлэг, мэдээлэлтэй болох зэрэг олон талын ойлголттой болно.

Сургалтад хамрагдсан иргэдэд нийслэлийн Аялал жуучлалын газар, нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын хамтарсан батламж олгох юм. Энэ сургалтын эрэлт хэрэгцээ их, суух сонирхолтой хүмүүс олон байгаа тул цаашид сургалтыг дахин явуулахаар төлөвлөж байна. Холбогдох мэдээллийг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын пэйж хуудаснаас авч, цахим шуудан ubyouthdevelopment@gmail.com хаягаар бүртгүүлнэ үү” гэлээ. Сургалтад суусан МУБИС-ын Нийгэм хүмүүнлэгийн ухааны их сургуулийн 2 дугаар дамжааны оюутан Д. Цэвээндулам “Энэ сургалт нь гадаад хэлийг сонирхон судалж байгаа, хөтөч хийх хүсэл сонирхолтой оюутан залуучуудын хувьд маш их боломжийг нээж өгч байна. Эх орныхоо түүхэн дурсгалт газруудын талаар мэдээлэлтэй болохоос гадна хөтөч хүн ямар байх ёстой талаар мөн хөдөлмөрийн гэрээ хэрхэн хийх,  гэх мэт чухал мэдлэгүүдийг олж авна. Бидэнд ийм боломж олгож байгаа Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар болон Аялал жуулчлалын газрын хамт олонд баярлалаа” гэв гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)