Д.Ганбат: Жижиг нисэх онгоцыг эрүүл мэндийн түргэн тусламжийн чиглэлээр ашиглана

Монгол Улсад Нисэх хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 92 жил, Иргэний Нисэхийн Ерөнхий Газар байгуулагдсаны 60 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна.

Уг ойг угтан өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд Зэвсэгт хүчний жанжин штаб, Хилийн цэргийн анги салбарууд, ОБЕГ болон ИНЕГ, авиа компаниудын хамтарсан жагсаал зохион байгуулав.

Өргөн уудам нутаг дэвсгэртэй, хүн амын суурьшил сийрэг, далайд гарцгүй манай орны хувьд иргэний нисэхийн салбар нь гадаад ертөнцөд гарах гол гарц юм. Тиймээс агаарын харилцааг эдийн засгийн тэргүүлэх чиглэлд тооцож төрийн бодлогоор дэмжиж байгааг ЗТХ-ийн сайд Д.Ганбат жагсаалын үеэр онцлов.

Тэрбээр, “Ачаа, зорчигч өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг дагаад агаарын тээвэрлэгч компаниуд агаарын хөлгийн паркийн хүчин чадлаа нэмэгдүүлж, орон нутагт төдийгүй олон улсад өрсөлдөх чадвараа сайжруулж байна. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу нисэхийн салбарын үнэ тарифыг бууруулах, жижиг нисэх онгоц, нисдэг тэрэгний зах зээлийг хөгжүүлж, гамшгаас хамгаалах, хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэндийн түргэн тусламжийн үйлчилгээны чиглэлээр ашиглах зорилтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа.

Орон нутгийн нисэх онгоцны буудлуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, олон улсын нөөц нисэх онгоцны буудал байгуулах, Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулах зэрэг олон бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж байна. Ингэснээр агаарын хөлгийн найдвартай ажиллагаа, нисэхийн аюулгүй байдлыг бүрэн хангаж, нислэгийн тоо, үйлчилгээний соёл, хүрээгээ тэлж чадна гэдэгт итгэл төгс байна” гэлээ.

Жагсаалын дараа шүхрийн буулт, урлагын тоглолт болон нисэхийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан албан хаагчдад шагнал гардуулав. Баярын арга хэмжээ улс, аймгийн цолтой хүчит 256 бөхийн барилдаанаар үргэлжилж байна.

www.unen.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zochin (202.170.68.38)

    2017-05-29

    ehleed ongotsni tulshnii uniig buuruulaad ogchih,tegvel ayandaa aviakompaniud tiiznii unee buulgan