Хоржийлоо

 

        Монгол улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгуульд өрсөлдөгчид үнэмлэхээ гардан авч, албан ёсоор нэр дэвшигчийн эрхээ баталгаажууллаа. Зуны эхэн сарын шинийн хоёрны билэгт сайн өдөр тохиосон нэр дэвшигчийн үнэмлэх олгох үйл ажиллагаанд гурван нэр дэвшигч өндөр ач холбогдол өгөхийн зэрэгцээ намын гишүүд, дэмжигчид нь ч амралтын өдөр, өглөөний эртийг үл тоон цугласан байлаа. Албан ёсоор нэр дэвшигч болж, сонгуулийн кампанит ажлын гараагаа эхлүүлж буй нэр дэвшигчдийн хувьд олон нийтэд хандаж хэлэх үг нь хамгийн чухал байдаг. Энэ бол тунхаг төдий бус ерөөс тухайн кампанит ажлыг явуулах, зохион байгуулах, өрсөлдөх үндсэн бодлогыг тодорхойлж нэр дэвшигчид улс эх орныхоо өнгөрсөн, ирээдүйг хэрхэн төсөөлж буйг харуулсан гол илтгэл байдаг билээ. АНУ-д л гэхэд Барак Обама манлайллын шинэ эрин ирсэн тухай ярьж, Жорж Буш зоримог урагшлах чин шаардлагын тухай илтгэж байв. Энэ бүхэн хожим Цагаан Ордоны баримтлах бодлого болж, улс орон, нийгэм, олон нийтээ чиглүүлж ирснийг бид харлаа. Тэгвэл манай нэр дэвшигчид сонгуулийн кампанит ажлыг хэрхэн төлөвлөж, улс орноо ямар зүгт жолоодох гэж буйг дараах байдлаар харж болж байна.

 

 

Монгол Ардын Нам: ЭВ НЭГДЭЛ

Нэр дэвшигч Миеэгомбын Энхболд юун түрүүнд “Монголчуудын түүхийг сөхвөөс эе эвдрэлцэж явсан үедээ эрч хүч суларч, эрдэм оюун нь ээдэрч явсан сургамжтай. Иймийн учир өнгөрсөн жилүүдийн уруудсан, доройтсон, хагарсан бүгдэд цэг тавих сонгууль болно” гэж ойлгож байгаагаа хэлэв. Эв нэгдэлгүй, хагарч бутарсан үедээ бид улс орныхоо амин чухал асуудлыг нийтийн эрх ашгийн тулд шийдвэрлэх бус бүлэг, хэсэгт талцан бутарч, тэдгээрийн эрх ашгийн төлөөх эцэсгүй тулаанд тэмцэлдсээр таарч байна. Эрдэс баялгаа ашиглаж ураглшлах эдийн засгийн томоохон шийдвэрүүдээ өнөөг хүртэл гаргаж чадалгүй, олон ч боломжийг алдаж энэ зуурт алдаа гаргаж, ажил цалгардуулсан албан тушаалтнуудад хариуцлага тооцож чадалгүй өнөөг хүргэсэн нь биднийг гадна, дотнын байгууллагаас тусламж эрэхээс аргагүй байдалд хүргэв. Ямартай ч, үеийн үед улс орны хүнд, хэцүү үед төрийн эрхийг барьж ухрах шахам зогсч байсан зүтгүүрийг ногоон гэрлээр урагшлуулж ирсэн МАН-ын хувьд энэ удаад ч сайн цаг ирнэ гэдэгт итгэл дүүрэн байгаа хийгээд, энэ сайн цагийг аль болох богино хугацаанд ирүүлэхийн төлөө энэ сонгуульд бид ялах ёстой гэдгээ нэр дэвшигч мэдэгдсэн юм. Түүний алхам тутамдаа өгч буй ЭВ НЭГДЭЛ гэх санаа нь эеийн тухай ойлголт төдий биш бөгөөд иргэн бүхэнд хамаатай улс орны бүхий л салбарын шийдвэрт хамтын ажиллагаа, нэгдмэл сэтгэл, зүтгэл шаардлагатайг онцолж байна гэж ойлгож болно. Түүнчлэн энэ өдөр МАН-аас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд ХОРЖИЙЛОО гэх үгийг хэлсэн нь санамсаргүй хэрэг биш ээ. Монголчууд бид морьд эргэхэд түрүүлэхийг бэлгэдэж ХОРЖИЙЛОО гэж хурайлдаг. Тэгвэл Монгол төрийн жолоог атгах сонгуулийн морьд яг энэ өдрөөс эхлэн эргэж байна гэсэн нь Төрийн тэргүүнээ сонгох өдөр хэзээ мөдгүй ирснийг илтгэлээ.

 

 

МАХН: ХАЗААРЛАНА

Гэр бүлийн хамт үндэсний хувцасаараа гоёж, хүндэтгэж ирсэн бололтой МАХН-ын нэр дэвшигч С.Ганбаатарын хувьд эх орныхоо энэ цагийн төрхөнд ихээхэн бухимдсан үг хэллээ. Эх орны тусгаар тогтнол, эдийн засгийн нөхцөл байдалд санаа зовниж энэ бүхнийг залруулах төлөвлөгөө бий гэдгээ зарлав. Тэр ч бүү хэл Улсын их хурлыг “барьцаалагдсан” гээд үйл ажиллагааг нь ХАЗААРЛАХАА мэдэгдлээ. Гэвч УИХ-д ганцхан суудалтай намаас арайхийн нэр дэвших боломж атгасан түүний хувьд парламентийн үйл ажиллагааг хазаарлах дайны эрх мэдэл очих боломжгүй. Монгол Улсын төрийн тэргүүн нь Үндэсний эв нэгдлийн бэлгэ тэмдэг хийгээд парламент, Засгийн газрын дэмжлэггүйгээр ямар ч гайхалтай төлөвлөгөө боловсруулаад нэмэргүйг тэр умартсан уу, эсвэл үнэхээр ойлгохыг хүсэхгүй байна уу. Төрийн эрх барих дээд байгууллагад нэг нам үнэмлэхүй олонх бөгөөд төрийн ажлыг удирдаж буй Засгийн газрын танхимыг мөн л нэг нам бүрдүүлж байгаа энэ мөчид С.Ганбаатарт жолоо атгах боломж даанч тохиохгүй юм.

 

 

АН: ТАШУУР

Ерөнхийлөгчид нэр дэвших үнэмлэхээ гардахдаа хагас цаг орчим хоцорч ирсэн АН-аас нэр дэвшигч Х.Баттулга маш товч, тодорхой өгүүлбэр хэллээ. “Олуулаа байна, та нарыг харах сайхан байна” гэж үгээ эхэлсэн нь одоогийн Ерөнхийлөгч, нэг намын нөхөр Ц.Элбэгдоржийн “Олуулаа болцгооё” гэх уриалгын залгамж бодлогын илрэл байх магадлалтай. Улмаар “...бидэнд эгэл ардууд байна, ардчилагчид байна” гэж үгээ үргэлжлүүлсэн нь харамсалтай нь байгаа оносонгүй. Өнгөрсөн хаврын сонгуулиас хойш шинэчлэл нэрийн дор бүтэн жил сонгууль хийсэн түүний намын ардчилагчид үнэндээ хэдэн тийш хагарч бутарсаар үзэл баримтлалын нэгдмэл чанаргүй, түүнийх нь төлөө нэгдэх олонгүй болоод байгаа нь хатуу ч гэсэн үнэн юм. Намын даргын сонгуулиа нээхдээ өрсөлдөгчид дундаа эвийн бэлгэдэл болгон сум бэлэглэж байсан Ардчилсан намынхан энэ удаад Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ ташуур гардуулсан нь өвөрмөц үйлдэл боллоо. Улсын жолоог чангахан атгаж, түмэн олноо ташуурдан урагшлахын бэлгэдэл гэж тайлахаас өөр аргагүй мэт. Гэвч босго өндөр Төрийн тэргүүнд дэвших эрхээ авахдаа хожимдож ирсэн түүнд ташуур атгуулах бус өөрт нь хариуцлага нэмэх ташуур өгөх нь илүү оновчтой биз ээ. 

 

Ж.Золжаргал

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)