Үндэсний мөнгөн тэмдэгт болох “төгрөг”-тэй зүй ёсоор харьцъя

 

        Үндэсний мөнгөн тэмдэгт болох “төгрөг”-тэй хүндэтгэлтэй зүй ёсоор харьцъя  монголчууд аа. Ийнхүү тэрлэх болсон учир нь тухайн улс орны мөнгөн тэмдэгт гэдэг бол оршин байгаа болон тусгаар тогтнолын нэг баталгаа нь болдог. Тиймээс Монгол Улсын мөнгөн тэмдэгт болох төгрөг нь монголчуудын  оршин байгаа баталгаа гэсэн үг. Тусгаар улс байгаагийн тод илрэл юм. 

 

Түүнчлэн Монголбанк нь Монгол Улсын мөнгөн тэмдэгт болох төгрөгийг хэвлэх, гүйлгээнд гаргах, гүйлгээнээс татах, хүчинтэй үгүйг тодорхойлох хуулиар олгогдсон онцгой эрхтэй цор ганц байгууллага юм. Энэхүү үүргийн нэг хэсэг болсон чанаргүй, хүчингүй болсон мөнгөн тэмдэгтийг гүйлгээнээс татаж устгах үйл ажиллагааг өдөр тутамд гүйцэтгэж байгаа. Монгол улсын мөнгөн тэмдэгт төгрөг нь биет байдлынхаа хувьд төрийн өмч бөгөөд зөвхөн төлбөр тооцооны зориулалтаар ашиглах ёстой төлбөрийн баталгаат хэрэгсэл билээ.  

 

Гэтэл сүүлийн үед иргэдийн зүгээс төгрөгийг ялангуяа жижиг дүнтэй дэвсгэртийг зохисгүй байдлаар ашиглах нь түгээмэл боллоо гэсэн мэдээлэл чих сэртхийлгэв. Тодруулбал, сүсэг бишрэлийн зан үйлд буюу лус савдаг тайтгаруулна хэмээн багц багцаар нь жижиг мөнгөн дэвсгэртийг  газарт булах, суварга шүтээнд хийх, овоо, тахилга, агуйд тавих, сугалаанд ашиглах, хүнсний захуудад худалдаа эрхлэгчид ялангуяа түүхий мах, жимс, ногоо борлуулагчид уг барааг барьсан гараараа цаасан мөнгө барих, мөнгө үзэмжийг зохисгүй болгох, нугалж, базан халааслах, оймс түрийндээ хийн авч явах, бохирдуулах, хиртүүлэх, дээр нь зурах, бичих, сийлэх, мансууруулах бодис боож  ашиглах зэрэг зохисгүй үйлдлүүдийг гаргаж байгаа талаар мэдээлэл байна. Дахин дахин сануулахад,  төгрөг нь Монгол улсын тусгаар тогтнол, түүх, соёл, зан заншлын билэгдэл болж байдаг үнэт зүйл. Гэтэл та энэхүү үнэт зүйлтэйгээ зүй бусаар харьцаж байгаа тань улс орныхоо тусгаар тогтнол, ёс заншил зэрэгтэйгээ зүй бусаар харьцаж байгаатай ялгаагүй  юм. 

 

Энэхүү үнэт зүйлийг бүтээх, үйлдвэрлэх, гүйлгээнд гаргах, ард түмний хэрэглээг түүгээр хангахад нөр их хөдөлмөр, хөрөнгө мөнгө шаардагдаж байдаг. Монгол улсын төв банк болох Монголбанк энэ бүх үүргийг гүйцэтгэж байдаг бөгөөд гүйлгээний шаардлага хангахгүй болсон, урагдаж тасарсан, ихээр бохирдсон, өнгө үзэмжээ алдаж, хуучирч муудсан, элэгдэж нимгэрсэн, будаг тос бэх болсон, зураг зурж бичээс бичсэн мөнгөн тэмдэгтүүдийг муу тэмдэгт хэмээн ялгаж, хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд гүйлгээнээс татаж авах ажиллагааг гүйцэтгэж байдаг.  Мөнгөн дэвсгэртийг үйлдвэрлэх, гүйлгээнд гаргах, тээвэрлэх, тоолох, устгах зэрэг үйл ажиллагаа нь үе шат тус бүртээ өртөг зардал өндөртэй цаг хугацаа их ордог асар их хөдөлмөр зардаг. Энэ бүхэнд мөн л зардал, цаг хугацаа гаргаж байдаг. Тиймээс улсынхаа мөнгөн тэмдэгттэй зүй бусаар харьцаад, ураад тасдаад, зураад, халтартуулаад байх тусам иргэн та улс эх орныхоо эдийн засагт энэ хэрээр дарамт учруулж байна гэсэн үг. Таны зүй бусаар харьцсан төгрөгийг сэргээхэд тэр хэрээр зардал гарч, цаг хугацаа зарцуулж байгааг алхам тутамдаа анхаарна уу. Тиймээс иргэн та үндэснийхээ мөнгөн тэмдэгттэй зүй ёсоор харьцаж, авирч, хямгач зангаар хандана уу. Ингэж хандах улс орны хөгжил болоод улсынхаа эдийн засагт оруулж буй иргэн таны оролцоо юм. 

 

Улмаар гүйлгээнд байгаа дэвсгэртийн эдэлгээ даах чанар, загвар, хамгаалалтын элементүүд болон бүтцийн зохистой нийлүүлэлт нь Төв банкны үйл ажиллагааг тодорхойлогч нэг хүчин зүйл болж байдаг бол дэвсгэртийн бүрэн бүтэн байдал, хэрхэн эдэлсэн, бохирдолт, гэмтэл зэрэг нь олон нийтийн бэлэн мөнгөтэй харьцах хэвшлийг харуулж байдаг нэг үзүүлэлт болдог. Харамсалтай нь бидний бэлэн мөнгөтэй харьцаж буй соёлыг харвал тун тааруу байна. Тэгэхээр улсынхаа мөнгөн тэмдэгтэд хүндэтгэлтэй хандаж, цэвэр, соёлтой хэрэглэж хэвших, түүнийг хайрлах, жижиг дэвсгэртийг төлбөр тооцооны баталгаат хүчин төгөлдөр хэрэгсэл болохынх нь хувьд зүй бусаар ашиглахгүй байх, бэлэн мөнгийг хэтэвч, түрийвчинд хийж хэвших, хүнсний захуудад худалдаа эрхлэгчид ялангуяа жимс ногоо, түүхий мах борлуулдаг иргэд тухайн барааг барьсан гараараа цаасан мөнгө барихгүй байх, ерөнхий боловсролын сургуулийн насныханд төгрөгийн үнэ цэнийг сурталчлан зөв хэрэглээнд сургахад иргэн бүр идэвхи санаачилгатай ажиллах шаардлагатай. Тиймээс иргэн бүр үндэснийхээ мөнгөн тэмдэгтэй зүй ёсоор харьцъя. 

 

Б.Батаа
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (103.229.178.10)

    2017-05-30

    тийм сайхан ухамсартай болтол ч өдий байхөө манайхан