Хүүхдийн парк үүд хаалгаа аль хэдийнэ нээжээ

 

        Нийслэлд хүүхэд, залуус чөлөөт цагаа өнгөрөөх ая тухтай газар олон болсон. Үүний нэг нь Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу бидний нэрлэж заншсанаар Хүүхдийн парк юм. Хүүхэд залуус гэлтгүй гэр бүлээрээ очсон ч уйдах завгүй нэг өдрийг өнгөрөөж болохоор олон хөтөлбөрийг Үндэсний соёл амралтын хүрээлэнгийнхэн боловсруулжээ. Эндхийн ногоон байгууламж сайн, шинээр тарьсан мод, зүлгийн ургалт 96 хувьтай байгаа аж. Тэгэхлээр тоглоомууд дээр тоглоод алжааж ядарсан та зүлэг бараадан амсхийх боломжтой. Эсвэл мөхөөлдөс долоосон шигээ парк дундуур сүлжилдэх аниматр (багтай үлгэрийн баатрууд), алиалагч, хүн хөшөөг сонжиход толгой сэргээд л ирнэ. Удахгүй хүүхдийн баяр болно. Энэ өдөр хүүхдүүдийн хамгийн ихээр тэмүүлдэг газар нь парк. Хүүхдүүдийн баяр баясгаланг хуваалцах хөтөлбөрүүдтэй хүрээлэн өнгөрсөн сарын 29-нд нээлтээ хийжээ. Бөмбөлөгтэй машин, хөгжилтэй баавгай, хүслийн галт тэрэг хүлээж байна, хүүхдүүдийг. Ерөнхийдөө, 0-3 насныхан, сурагч, оюутан залуус, гэр бүлийн гээд нас насны онцлогт тааруулсан 20 тоглоомоор иргэдэд үйлчилнэ” хэмээн паркийн удирдлагууд хэлсэн. Тоглоомуудаа дэлхийн паркийн үзэсгэлэнгээс авсан байна. Жишээлбэл, аймшгийн байшин тоглоомыг энэ чиглэлээр дэлхийд тэргүүлдэг АНУ-ын “Scary factory” үйлдвэрээс худалдаж авсан бөгөөд америкууд өөрсдөө ирж угсарч өгчээ. Паркийнхан тоглоомуудын аюулгүй байдлыг байнга шалгадаг гэсэн. Галзуу хулгана, алсыг харагч, гинжит зэрэг бүх тоглоомыг өглөө бүр тестелж байж хүүхэд суулгадаг аж. Тоглоомууд өөр, өөрийн паспорттай, ажиллах дүрэмтэй. Харин хуучин 22 тоглоомоо орон нутагт тараажээ. Тухайлбал, хуучин алсыг харагч Эрдэнэт, гинжин савлуур Дархан- Уул аймаг, өөр бусад тоглоом нь Өвөрхангай, Ховдод бий. Хуучин паркаас үлдсэн зүйл нь 12 жилийн хөшөө, мангасын ам, загаст нуур аж. Гэхдээ паркийнхан хөшөөг шинэчилж барьсан нь хүмүүсийн талархлыг хүлээжээ. Сонирхуулахад, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийнхэн Дэлхийн паркийн холбооны гишүүнчлэлтэй бөгөөд тус газраас заавар зөвлөгөө авдаг юм байна. Нэгэнт дэлхийн паркийн холбооны гишүүн тул эднийхэн үзмэрээ аль болох шинэчилж, өөр сонирхолтой тоглолт үзүүлэхийг хичээдэг байна. Тоглоомын тасалбар 10-25 мянган төгрөгийн үнэтэй. Гэхдээ тоглоомын тасалбарын үнийг байнга хямдруулдаг гэсэн. Тухайлбал, энэ долоо хоногт гэр бүлийн өдөр тохиосон учраас ням гарагийг дуустал тасалбарын үнэ 50 хувь хөнгөлөлттэй бөгөөд наймдугаар сарын турш өдөр бүр нэг тоглоом үнэгүй эсвэл 10 мянган төгрөгөөр шөнөжин хязгааргүй тоглож болно.

 

Дөрвөн шагай авчирч эсвэл нэг ном өгч хөнгөлөлттэй үнээр тасалбараа авч болox хөтөлбөртэй. Гол нь тус газрын вэб хаягаар хааяа нэг зочлоод хэзээ, хэдийд тасалбар хямдрах вэ гэдгийг л харчих. Шагайн аян удахгүй эхэлнэ. Шагайгаар үндэсний хэв маягийг илтгэсэн үзүүлэн хийхээр зураач, урлагийнхантай зөвлөлдөж байгаа юм билээ. Харин номуудаа орон нутгийн номын санд хандивлана гэсэн. Есдүгээр сард бүх сурагч анхны онц авсан дэвтрээ үзүүлээд 50 хувь хямдралтайгаар тоглож болно.

 

Парк руу ороход 1000 төгрөг авдгийг иргэд шүүмжилдэг. Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн Бизнес хөгжлийн газрын захирал М.Нүрмаа энэ талаар тоглох тоглоомын үнээсээ эсвэл хоолны газар орохдоо үнийн дүнгээс хасуулж болно. Түүнчлэн авто зогсоол, бие засах газар, үнэгүй тоглоомын хэсэг, цирк, хүүхэлдэйн театрын тоглолтууд гээд олон зүйл энэ үнэд багтаж байгаа юм. Парк дотор ганц спорт паб ажиллуулдаг. Мөн ресторан, боулингийн төвтэй. Хяналт сайн, 75 камертай. Хүн ихтэй үед иргэд өөрсдөө сэрэмжтэй байхгүй бол халаасны хулгай мэр сэр гардаг” хэмээн ярьсан. Нийгмийн хариуцлага талаасаа тус хүрээлэнгийнхэн дүүрэг, хороодын нийгмийн ажилтантай хамтарч, эмзэг бүлгийн өнчин эсвэл амьдралын боломжгүй хүүхдүүдийг жил бүр нэг өдөр үнэгүй тоглуулдаг аж. Асрах газрынхан ч ирж нэг өдрийг зугаатай өнгөрүүлдэг. “Ээлтэй ертөнц” төрийн бус байгууллагын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, тэргэнцэртэй иргэдийн холбоодтой хамтарч нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүдийг баярлуулдаг байна. Мөн хэл яриа болон сонсголын бэрхшээлтэй иргэд паркад өнжин хүний нүүр дээр зураг зурах үйлчилгээг үзүүлдэг гэсэн. Товчхондоо соёл амралтын хүрээлэн ямар байх ёстой бүрэн утгаар нь үйл ажиллагаа явуулж, талбай дүүрэн хүүхэд тоглож, түм түчигнэж бум бужигнаж байна.

 

Гүйцэтгэх захирал Б.Батнягт: 2010 ОНООС ХОЙШ ТАСАЛБАРЫН ҮНИЙГ НЭМЭЭГҮЙ

 

-Үндэсний соёл амралтын хүрээлэн газрынхаа багагүй хэсгийг бусдад алдсан. Энэ маргаан дуусгавар болсон уу?

 

-“Мон Уран”, “Шангрилла” гэх байгууллагууд Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн газрын тодорхой хэсгийг эзэмших болсон нь маргаан дагуулсан. Шат шатны шүүх энэ асуудлыг хэлэлцсэн. Харамсалтай нь, бүх шийдвэр бидний эсрэг гарсан. Одоо газрын маргаан байхгүй.

 

- Үндэсний соёл амралтын хүрээлэн одоо 31.5 га талбайг эзэмшдэг. Гэвч 15 га-д нь үйл ажиллагаа явуулж байна. Үлдсэн талбайгаа бас бүтээн байгуулалт хийхгүй байсаар алдчих вий дээ?

 

-Төлөвлөсөн ажил бий. Хөрөнгө оруулалт сайн байх хэрэгтэй. Манайх жилд дээд тал нь 100 хоног ажилладаг. Улирлын байдлаас шалтгаалж жилийн турш ажиллах боломжгүй. Гэхдээ төлөвлөснийхөө дагуу ажлаа хийнэ. Манайх 2010 онд шинэ тоглоом суурилуулснаас хойш тоглоомын тасалбарын үнээ нэмээгүй ч ажилчдын цалингаа нэмсэн. Энэ бүгдээс шалтгаалж бүтээн байгуулалт бага зэрэг оройтож байна.

 

-Энэ жил шинээр тоглоом авсан уу?

 

-Шинэ авсан тоглоомууд 15- 25 жилийн баталгаатай. Манай тоглоомууд 2-7 жил болж байна. Насжилт дуусах болоогүй.

 

Д.МЯГМАРЖАРГАЛ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)