Д.Трамп НАТО-г хүчирхэг болгоно

 

        НАТО-гийн дээд хэмжээний чуулга уулзалт Бельгийн нийслэл Брюссель хотноо энэ сарын 25- нд боллоо. Уулзалтад 28 гишүүн орны төр, засгийн тэргүүн оролцжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “НАТО цаашид терроризм, цагаачлал болон ОХУ-аас үзүүлж буй аюул заналхийлэл, мөн НАТО-гийн зүүн, өмнөд хилийн асуудалд анхаарал хандуулах ёстой. НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг болон гишүүн орон санхүүгийн үүргээ гүйцэтгэж, батлан хамгаалах салбарын зарцуулалтаа нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэн билээ. Гэхдээ 28 гишүүн орны 23 нь одоог хүртэл батлан хамгаалах салбарын зарцуулалтад хувь нэмрээ оруулахгүй байна. Энэ бол АНУ- ын ард иргэд, татвар төлөгчдийн хувьд шударга бус хэрэг. Тиймээс гишүүн орнууд үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарлаж, хувь нэмрээ оруулах хэрэгтэй. НАТО-г өнөөдрийнхөөс илүү хүчирхэг болгоно” гэж мэдэгдсэн байна. Харин НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг “NATO хэт туйлшрал болон терроризмын эсрэг тэмцэлд хүчин чармайлтаа нэмэгдүүлнэ” гэж онцолсон байна. Мөн тэрбээр гишүүн орнуудын батлан хамгаалах салбарын зарцуулалтыг зорилтот түвшинд хүргэхэд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар байр сууриа илэрхийлжээ. Йенс Столтенберг “Урьдчилан таамаглашгүй энэ цаг үед гишүүн орнуудын аюулгүй байдлыг хангахад бид батлан хамгаалах салбарын хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлж, холбоотон улсуудын бүрдүүлж буй санхүүжилтийн шударга байдлыг хангах хэрэгтэй” гэж мэдэгдлээ.

 

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)