Ч.Чинбат: Монгол хөгжиж байгаа л юм бол сонгодог урлагийг өндөр төвшинд байлгах ёстой

 

        Хөгжим, бүжгийн коллежийн багш, Урлагийн гавьяат зүтгэлтэн, дэд профессор, удирдаач Чулууны ЧИНБАТТАЙ ярилцлаа. Тэрбээр ирэх сарын 5-нд болох Улсын филармонийн симфони оркестрын 60 жилийн ойн тоглолтод Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Бүтэнбаярын “Эх орон та хаанаас эхэлдэг юм бэ” бүтээлийг удирдахаар бэлтгэж байна.

 

-Та энэ онд уран бүтээлийн олз ихтэй байна уу. Яагаад Улсын филармонийн симфони оркестрын тоглодог бүтээлийг удирдахаар бэлтгэх болов?

 

-Уран бүтээлийн олзтой сайхан жил үргэлжилж байна. Энэ онд манай Хөгжим, бүжгийн коллежийн 80 жилийн ой болно. Ойдоо зориулж уран бүтээлчид болон залуу багш нар тайлан тоглолтоо их хийж байна. Сургуулийн багш нар бид Улсын филармонийн хамт олонтой их ойр ажилладаг. Төгссөн оюутнууд маань ажлын гараагаа эндээс эхэлж, сайн уран бүтээлч болдог. Тиймээс энэ байгууллага их онцлогтой. Симфони оркестр, “Морин хуур”, “Баянмонгол” чуулгыг ам бүлдээ багтаасан том байгууллага. Миний бие Симфони оркестрын 60 жилийн ойгоор Я.Энхээгийн үг, Н.Бүтэнбаярын аялгуу “Эх орон та хаанаас эхэлдэг юм бэ” бүтээлийг удирдахаар бэлтгэж байгаадаа сэтгэл өндөр байна. Үүнтэй таширлан Төрийн шагналт, Ардын жүжигчин, удирдаач, хөгжмийн зохиолч Ц.Намсрайжав гуайн мэндэлсний 90 насны ой тохиож байна. Намсрайжав гуай 30-хан настайдаа энэ том байгууллагыг удирдаж явсан. Улсын филармонийн олон сайхан түүхэн дурсамж энэ хүнтэй салшгүй холбоотой. Дараа нь түүний хүү үргэлжлүүлэн тус байгууллагыг сайхан авч явсан. Түүнийг удирдах хугацаанд нийгэм, эдийн засгийн байдал амар хялбар байгаагүй. Тэр бүхэнд өвдөг сөгдөлгүй зүтгэж, энэ байгууллагыг өдий зэрэгт хүргэсэн. Одоо Н.Бүтэнбаяр найздаа хүндэтгэл үзүүлж, туурвисан сайхан бүтээлийг нь удирдахаар бэлтгэж байгаа маань энэ. Энэ завшааныг ашиглан удирдаж байсан байгууллагаа Монголын нүүр царай болтол нь хөгжүүлсэн найздаа баярлалаа гэж хэлье. Хамт олонд нь мөн баярлаж байгаагаа илэрхийлье. Н.Бүтэнбаяр бид хоёр хар багаасаа тоглож өссөн найзууд. Манай гэр бүлүүд ч хоорондоо их сайхан нөхөрлөдөг байлаа. Ер нь уран бүтээлчид ямар ч үед жаргал, зовлонгоо хуваалцдаг байх ёстой.

 

-Ойрдоо Н.Бүтэнбаяр удирдаачтай уулзалдав уу. Бие нь сайн уу?

 

-Найзтайгаа байнга холбоотой байгаа. Мань хүн наадмаар, яг ажлын талбар дээр хөгжим удирдан тоглуулж байгаад ухаан алдаж унасан нь уран бүтээлч тэр дундаа ойр дотныхон бидэнд маш хүнд цохилт болсон. Тэр жил наадмын өмнөхөн бид хоёр уулзалдаж уран бүтээлийн тухай яриа өрнүүлж байлаа. Тэгэхэд би Бүтэнбаяртаа “Доор чинь өчнөөн хүн ажиллаж байна. Тэд нарыгаа дайчилж, ажиллуул” гэж хэлж байсан. Ер нь бид чинь их сонин гэмээр зантай хүмүүс. Ядарч, өвдөж байснаа үл анзааран бүхнийг өөрсдөө хийчихье гэж зүтгэдэг. Бас бүхнийг өөрсдөө хийгээд сурчихсан талтай. Энэ л зандаа хөтлөгдсөн байх, миний найз. Тэр үед бид хоёр наадмын тоглолт дуусгаад хөдөө агаар, салхинд хамтдаа явна гэж тохиролцсон байсан.Одоогоор найз маань эрүүл мэндийн шалтгаанаар бүтээлээ удирдах боломжгүй байна. Гэсэн ч найзын хувиар би түүнийхээ захиасын дагуу хамт олон дунд байж бүтээлийг нь удирдаж, үзэгчдэд сэтгэлээсээ хүргэхээр зүтгэж байна. Түүнийг чадалтай, сайн уран бүтээлч гэдгийг надаар хэлүүлэлтгүй Монголын ард түмэн мэднэ.

 

-Та Симфони оркестрын уран бүтээлийн онцлогийг хэрхэн тодорхойлдог вэ?

 

-Улсын филармонийн хамт олон Монголын ард түмэнд сонгодог урлагийн бүтээлээр олон сайхан бэлэг барьдаг. Дэлхийн болон Монголынхоо хөгжмийн зохиолчдын сонгодог бүтээлийг тоглож үзэгчдэд хүргэдэг уламжлалтай. Тухайлбал, гадаад дотоодын уран бүтээлчдийн мэргэжлийн бүтээлээр урын сангаа баяжуулж, одоо ч тайзнаа эгшиглүүлсээр явна. Саяхан киноны сонгодог хөгжмийн бүтээлээр тоглолт хийсэн. Ер нь хөгжимчид их залуужсан байна. Голчлон манай Хөгжим, бүжгийн коллеж төгссөн залуус хөгжим тоглож байна. Тиймээс уран бүтээл үргэлжлэх үндэс суурийг тавьсан ах­мад хөгжимчдөөрөө бид бахархаж, тэдэндээ баярлалаа гэж хэлэх учиртай. Чадварлаг хөгжимчидтэй учраас хөгжмийн дуугаралт нь хүртэл их сайн сонсогдож байна.

 

-Та Төрийн шагналт, Ардын жүжигчин, удирдаач, хөгжмийн зохиолч Ц.Намсрайжав гуайг дурсаач. Ямар зан ааштай хүн байв?

 

-Миний мэдэхээр Намсрайжав гуай дандаа инээмсэглэж явдаг, алиа, хошин зантай хүн байсан. Харин ажлын талбарт ямар байсныг би тэр бүр сайн мэдэхгүй. Учир нь, 1964 онд Бүтэнбаяр бид хоёр гадагшаа суралцахаар явсан. Ихэнх насаа бид сурч өнгөрөөжээ. Гэхдээ Намсрайжав гуай тайзан дээр биеэ их сайхан авч явдаг цэх нуруутай, гарын уран гоё хөдөлгөөнтэй хүн байсныг сайн санаж байна. Ер нь бидний аавууд тайзан дээрээс их сайхан харагддаг байсан даа.

 

-Та аавынхаа тухай яриач. Таныг аавынхаа занг хуулбарласан гэдэг?

 

-Миний аав их шулуун, шударга зантай хүн байлаа. Тухайн үед тоглолтын өмнөх хяналт нэлээд хатуу байсан гэж ярьдаг. Хяналт тавьж байгаа хүний өмнөөс үг хэлдэг ганц хүн нь аав байсан юм билээ. Нэг зүйл сонин болгож ярья. Тоглолт дууссаны дараа хяналтынхан аавыг тайзан дээр хэтэрхий их хөдөлгөөн хийж байна гэж шүүмжилжээ. Тэгсэн аав “Хөшөөнд хөгжим бариулаад зогсоочихъё. Хөдлөхгүй амар биз дээ” гэж хэлж тухайн хүний амыг тагласан гэж сонссон. Уран бүтээлчдэд гарч, орохоос нь авахуулаад хяналт их тавьдаг байжээ. Үүнийг би буруу гэж байгаа юм биш. Олон удаа хяналтаар орсон хөгжмийн бүтээл чанартай, сайн төрж байсанд олзуурхдаг. Тухайбал, тэр үед уран бүтээлчдийн зохион байгуулалт сайн байсныг мэдэрдэг. Одоо үед заримдаа тайзан дээр сандарч гараад бүтээл удирдах тохиолдох байх л юм байна шүү дээ. Зарим зохиолч бүтээлээ цагийг нь тулгаж өгнө. Үүнээс болж оркестр нийлж амжихгүй тал бий. Оркестр гэдэг олон удаа сургуулилт хийж, сайн бүтээл гаргадаг жамтай. Энэ нь дэлхийд тогтсон уламжлал. Уран бүтээл бэлтгэх цаг хомс, бүтээлээ тулгаж өгөхөөр оркестр болон удирдаачийг хүнд байдалд оруулдаг. Энэ нь өмнөх жилүүдийн “Алтан намар” хөгжмийн наадмуудад түгээмэл тохиолддог байлаа. Тулгаж өгчихөөд бүтээл сайн тоглосонгүй гэсэн хэл ам бас гарна. Иймэрхүү байдлаас болж Бүтэнбаяр бид хоёр үйлээ үздэг байлаа. Харин сүүлийн үед “Алтан намар” хөгжмийн наадмын зохион байгуулалт сайжирч, энэ үзэгдэл үгүй болж байна. Хөгжмийн зохиолчид нь бүтээлээ компьютерт шивээд өгчихдөг болсон нь сайн талтай. Мөн З.Хангал, Б.Шарав, Х.Билэгжаргал, Н.Жанцанноров нарын чадалтай уран бүтээлчийн бүтээлийг үргэлжлүүлэх Б.Мөнхболд, Ш.Өлзийбаяр нарын хөгжмийн зохиолч уран бүтээлээ туурвиж байна. Сүүлийн үед найрал дуунд зориулсан бүтээлийг Хэнтий аймгийн уран сайхны удирдагч залуу урлаж байна. Залуу уран бүтээлчид төрөл бүрээр дагнан сайн бүтээл хийж байгаад уран бүтээлч хүний хувьд сэтгэл хангалуун байдаг. Тэгээд ч сайн аялгуу өөрийн эрхгүй чихэнд эгшиглэдэг юм шүү дээ.

 

-Та сая Бүтэнбаяр гуайн дууг дагаж дуулаад байсан нь ийм учиртай байх нь ээ.

 

-Уран бүтээлч хүний хувьд анх удаа би Бүтэнбаярынхаа “Эх орон та хаанаас эхэлдэг юм бэ” дууны ноотыг хараад ийм аялгуутай юм байна гэж төсөөлж байсан. Харин дуучин, оркестртой нийлэхээр төсөөлөл шал ондоо болсон. Нэг ёсондоо уран бүтээл “буцалж” эхэлсэн. Тэр бүтээлийн сайхныг нь мэдэрсэн гэсэн үг. Тухайлбал, удирдаач хүн аливаа зохиолд орж, өөрөө дуулан, сэтгэл, зүрхээрээ мэдэрч хөгжимчдөө удирдаж тоглуулдаг. Ямар ч байсан миний найзын энэ бүтээлийг дуучин болгон шүүрч аваад дуулаад байхгүй чансаатай, сайн бүтээл гэдгийг мэдэрч найзынхаа уран бүтээлээр омогшлоо. Тэгээд ч энэхүү уран бүтээл нь дуучны чадал чансааг шалгасан мэргэжлийн өндөр төвшинд бичжээ.

 

-Та дуулахдаа хэр вэ?

 

-Би дуулж чаддаггүй. Дуулна гэдэг нь сэтгэл дотроо удирдаж байгаа бүтээлээ мэдэрч дуулахыг хэлж байгаа юм. Түүнээс биш миний дуулах гэж юу байх вэ дээ. /инээв/

 

-Монголын урлагийн хөгжлийг та ямар байгаасай гэж хүсдэг вэ?

 

-Монголд сонгодог урлаг сайн хөгжөөсэй гэж хүсдэг. Монгол Улсыг толинд харъя гэвэл сонгодог урлагийн хөгжлийг нь харахад л болно. Ямар ч улсын хөгжлийг сонгодог урлагаар нь хэмждэг. Энэ орны хөгжил ямар байна вэ гээд нарийн ширийн зүйлийг үзэж, ухаж төнхөөд байх шаардлагагүй. Зөвхөн сонгодог урлагийн хөгжлөөр нь тодорхойлчихдог. Сонгодог урлаг бол хүний тархийг оюунжуулдаг дэлхийн хэмжээний том урлаг. Мөн дээр нь ардын урлаг байна. Ардын урлаг бидэнтэй үргэлж хамт байдаг, хэзээ ч хаяж болохгүй зүйл. Ер нь урлагийн цөм нь юу вэ гэвэл өвөг дээдсээс уламжилж ирсэн ардын урлаг юм. Уртын дуу, морин хуур байна. Дээр нь өргөн уудам эх орон. Баруун, зүүн, хойд зүгт бүгдээрэнд нь язгуур урлагийн түүх бий. Дээр хэлсэнчлэн гол нь бид энэ их язгуур урлагаа хадгалж үлдэх ёстой. Социализмын үед хүн болгоныг бичиг үсэгтэй болгоно гэсэн уриа лоозон байсан. Үүнийг соёлын довтолгоон ч гэдэг байв. Тухайн үед оюутан залууст урлагийн талаар ухуулан таниулдаг байлаа. Одоо энэ бүх зүйл алдагдах гээд байна. Өөрөөр хэлбэл, шоу гэх зүйлтэй хүмүүс их орооцолдох болж. Нуулгүй хэлэхэд, нийгэм хошин урлагийн үзүүлбэр шиг болчихсон байна. Гэхдээ би хошин урлагийг буруутгаж байгаа юм биш. Энэ урлаг тодорхой хэмжээнд байх ёстой. Уг нь гадаадын оронд хөгжлөөрөө их өндөр төвшинд хүрсэн байдаг. Нэг үе манайхан болох, бүтэхгүй бүх зүйлийг шүүрч авч тайзнаа гарган хатуухан хэлэхэд хэсэг “балайрсан”. Харин одоо мэргэжлийн тал руугаа илүү явж байна. Ер нь нийгмийг бид сонгодог урлагаар цэвэрлэх ёстой. Гаднын оронд байгаа сонгодог зүйлийг манайхан дуурайж эх орондоо бий болгож байна. Сонгодог хэлбэртэй барилга, байшин сүндэрлүүлж байна. Гэхдээ зөвхөн барилга бариад эх орон хөгжинө гэвэл тэрэн шиг худлаа зүйл байхгүй. Монголчууд оюуны өндөр потенциалтай. Дээр нь авьяаслаг ард түмэн. Гаднынхан “Монголчууд яагаад бүгдээрээ ийм сайхан дуулдаг юм бэ” гэж гайхдаг. Тиймээс сонгодог урлагийг Монголдоо маш сайн хөгжүүлмээр байна. Дахин хэлэхэд Монголтой танилцах бүх хүн сонгодог урлагийн хөгжлийг хардаг гэдгийг мартаж болохгүй. Гэхдээ би нэг л зүйлээр бахархдаг даа.

 

-Юугаар бахархдаг гэж?

 

-Монгол Улс, Азид ганцаараа дуурь, балетын театртай байсан. Гэвч үүнийгээ бас л алдах гээд байна. Сонгодог урлагаа “за яах вэ, жамаараа хөгжинө биз” гээд нэг тийш нь хаячих гээд байна. Ингэж анзааралгүй явж байтал Хятад, Солонгос, Вьетнам зэрэг Азийн бүх оронд сонгодог урлагийн том театр, сургууль бий болж байна. Бүгдээрээ консерваторитой болсон. Гэтэл Монгол Улсад хөгжмийн дээд сургуулиа байгуулах гэж одоо л ярьж байна. Тэр сургууль нь 80 жил болж, нийслэл болон орон нутгийн бүх театр, чуулгадаа ажиллах мэргэжлийн өндөр төвшний хөгжимчдийг бэлтгээд гаргачихсан байдаг. 80 жилийн түүхтэй сургуулиа консерватори болгоход юу нь болдоггүй юм, бүү мэд. Би гайхаад л байдаг юм. Яг нарийндаа бол Монгол Улс хөгжиж байгаа юм бол сонгодог урлагийг хамгийн өндөр төвшинд байлгах ёстой гэж үздэг хүн дээ, би.

 

-Та найзынхаа бүтээлийг удирдаж тоглуулах гэж байна. Тиймээс таны эх орон хаанаас эхэлдгийг төгсгөлд нь асууя?

 

-Энэ их сонин, сайхан асуулт байна. Үүнийг би үгээр сайн илэрхийлж хэлж чадахгүй байж магадгүй. Гэхдээ би өргөн уудам нутаг дэвсгэртэй Монгол оронд төрсөн учраас эх орон маань миний сэтгэл зүрхнээс эхэлдэг байх гэж бодож байна. Миний сэтгэлд эх орон минь үргэлж уяатай байдаг учраас л би өдий зэрэгтэй ажиллаж, амьдарч яваа гэдэгт итгэж байна.

 

Б.Даариймаа

www.unen.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)