Mobile хувилбар

С.Наранцогт: “Ээтэн” гутлыг үндэсний бахархал болтол хөгжүүлж чадсан даа одоо хэр нь талархдаг

2017 оны 6 сарын 9

         “Өвсний навч” хоршооны   захирал С.Наранцогттой ярилцлаа. Тэрбээр Монгол Улсад анх удаа хүндэт харуулын ээтэн гутлыг үйлдвэрлэсэн бүтээсэн гэдгээр нь түүнийг монголчууд анхдахгүй. Ингээд түүний ярилцлагыг хүргэж байна. 

 

  -Гутлын үйлдвэр нээх санаа хэдийнээс төрөв. Яагаад гутлын үйлдвэр эрхлэх болов гэдгээс ярилцлагаа эхлэх үү?

 

-Би анх  нэг  ширхэг оёдлын машин¬тайгаар гутлын түрий оёж бизнесээ эхлүүлж байлаа. Манай гэр бүлийн хүн Чехэд таван жил сурч төгссөн. Гутлын үйлдвэрийн загварын тасагт оёдолчноор ажиллаж байсан юм. Тиймээс л эргэлт буцалтгүйгээр энэ салбарт орсон хэрэг. Өөрт хамгийн ойр байсан учраас эхлүүлсэн. Тэндээс л үйлдвэртэй болох санаа төрсөн дөө. Олон хүний тус дэмээр өдий зэрэгтэй яваадаа одоо хэр нь өвгөн ах нь талархаж явдаг. Тодруулбал,  цагдаагийн “Уран буурал” хоршооны дарга н.Чалхаасүрэн түрээсийн өрөө гаргаж өгч байсан. Ганц хоёр тоног төхөөрөмжтэй л гутал хийж эхэлсэн. Анх бизнесээ хийх гэж байхдаа “Сони”зурагтаа ломбардад тавьж анхныхаа эргэлтийн мөнгийг олж байлаа. Бидний бизнес ийнхүү өргөжсөн нь борлуулалтын цэгээ зөв сонгосонтой холбоотой. Хуучнаар Хүнсний 20 дугаар дэлгүүр, одоогийнхоор Мөнгөн завъяа дэлгүүрт  гутлын тасагтай. Тиймээс олонд танигдаж байнгын үйлчлүүлэгчтэй болсон шүү дээ. Арав гаруй ажилчинтай. Сард 200 хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай болтлоо энэ салбарт, үйлдвэрт зүтгэж байна даа. 

 

-Олонд таалагдсан гутал үйлдвэрлэнэ гэдэг сэтгэл бас авьяас байх аа?

 

-Надад бас амьдралд ажиглагдсан зүйл гэвэл урлаг, спорт, улс төрийн хүрээний олонд нэр хүндтэй хүмүүс өмссөнөөр энэ гутлыг маань олонд таниулах боломж нээгдэж байлаа.  Өөрөөр хэлбэл, америк улсад  суудаг монголчууд худалдаж авах санал ирүүлдэг байлаа. Учир нь тэнд хошин урлагийн  жүжигчин Д.Хүрэлхүү  өмссөн гэж байсан. Тэр үед хүмүүс надад захиалга өгөхдөө жүжигчин Хүрлээгийн өмссөн гутлыг явуулаач гэж захидаг байсан шүү дээ. Ер нь миний хийсэн гутлыг улстөрийн хүрээнийхэн нэлээд өмсдөг дөө.  

 

 

-“Ээтэн”  гутлын түүхээсээ хуваалцахгүй юу? 

 

-2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор Монгол Улсын хүндэт харуулын хувцсыг солих тендер Батлан хамгаалах яамнаас зарласан. Энэ үед ээтэн гутлаа сонгон шалгаруулатад оруулан тэнцэж байлаа. Ингээд хүндэт харуулын гутлыг ээтэн гутлаар сольж байсан түүхтэй. Энэ гутал уг нь патенттай. Патент нь арваад жилийн өмнө оюуны өмч гэж төдийлөн ярьдаггүй байх үед авсан юм. Энэ гутлыг маань олон гуталчин хийж өөрсдийнхөө бизнесийг залгуулж байг гэж боддог. Нэг маань ч гэсэн ашиг орлоготой сайхан амьдрах хэрэгтэй шүү дээ. Цаашилбал энэ гутлыг олон малчин өмсч байна. Ер нь энэ гутлыг өмсөөгүй хүн, ийм гуталгүй айл өрх  гэж  Монголд байхгүй. Энэ хугацаанд нэлээд юм үзсэн дээ. Хүмүүс ч миний хийсэн гутлыг дууриалгаж их хийсэн. Гэхдээ хамгийн гол нь раман улалгаатай улыг нь оёж хийдэг юм. Ийм учраас муу наалт гэж байхгүй, ул нь сална гэхгүй. Тиймээс л хөдөөгийн малчдад бөх бат гутал гэдгийг ойлгуулсан хэрэг. Энэ нь бусдаас ялгарах бидний онцлог юм шүү. Ээтэн гутлыг үндэсний бахархал болтол хөгжүүлж чадсан даа одоо хэр нь талархдаг. 

 

  -Монголд нэг үеэ бодвол үндэсний үйлдвэр сэргэж байна. Энэ талаар таны бодлыг сонирхвол? 

 

-Хамгийн гол нь борлуулалт, худалдан авалт дутагдаж байна. Түүнийг төр дэмжих хэрэгтэй гэдэг санааг хэлж байгаа. Түүнээс амаа ангайгаад сууж байя, хоол халбагадаад хий гэж хэлэх хүн зах зээлийн нийгэмд байхгүй л дээ. Хэдийгээр бэлэнчлэх сэтгэлгээ давамгайлж байна гэх боловч харьцангуй хөдөлмөрлөх нь сайхан амьдрах эх үндэс гэдгийг залуус ойлгодог болжээ. Түүнээс гадна жижиг зах зээл дээрээс хөлөө олж босно гэдэг амаргүй даваа шүү дээ. Гэхдээ бид үндэснийхээ үйлдвэрийн гаргаж байгаа бүтээгдэхүүнийг худалдаж авах, хэрэглэх сэтгэлгээг суулгах хэрэгтэй.  Өөрөөр хэлбэл, хувь хүн өөрөө Монголд үйлдвэрлэсэн оймс, өмд, цамц, гутал өмсөж сурах хэрэгтэй. Түүнээс гадна хийж чадах зүйлээ хийдэг байх нь илүү үр дүн авч ирнэ. Мэдээж хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх хэрэгтэй гэдэг шүү дээ. Тиймээс өөрсдийнхөө хийж чадах зүйлийг л хийх ёстой. Тухайлбал, импортыг орлох, экспортод гаргах бүтээгдэхүүн үйлдвэрлэж болно. Хөнгөн болоод хөнгөн үйлдвэрийн төсөл хэрэгжиж байна. Энэ маш сайн зүйл шүү.

 

 

 -Ажиллах боловсон хүчний хувьд танай салбар хэр зэрэг хангалттай вэ?

 

 -Нэг хэсэг дээд боловсрол эзэмшихгүй бол болохгүй нь хэмээн хошуурсан. Үүнийг бодвол энэ удаагийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх хөтөлбөр цаг үеэ олсон шийдэл байлаа. Гэвч төдийлөн хангалттай хэмжээнд хүрэхгүй байна. Хүмүүс бэлэнчлэх сэтгэлгээгээ илүү хөгжүүлсэн юм шиг санагддаг. Болж өгвөл гараа хумхиж суугаад тэнгэрээс мөнгөөр бороо орохыг харж суух юм. Энэ хэрээр ажилгүйдэл, ядуурал өснө. Ажилд орохоор ирж байгаа хүмүүсийн дийлэнх нь юуг, яаж хийх вэ гэхээсээ өмнө хэдэн төгрөг авах вэ гэдэг болжээ. Түүнээс гадна мөнгөний их, багыг ярихаас биш түүнийг яаж амьдралдаа зөв зарцуулж, хүргэж болох тухай огт бодохгүй байна. Ажил хийвэл ам тосдоно гэдэг шүү дээ. Зүгээр ч нэг хэлээд орхисон үг биш гэдгийг залуучууд маань  ойлгох ёстой.

 

Б.Батаа 
 
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Сэтгэгдлийг ачааллаж байна ...