М.Сарнай: Хүсэл мөрөөдөл минь биелэж, хүүхдүүд маань дулаахан цэвэрхэн орчинд, өсч, торних боломжууд нээгдлээ

 

        М.Сарнай гэж эмэгтэй монголын ард түмэн андахгүй биз ээ. Тэрбээр өдгөө хүний өөрийн нийлсэн 36  хүүхдийн амьдралыг нуруундаа үүрч яваа эгэл дайчин эмэгтэй гэдгээр нь илүүтэй мэдэх билээ. Сэтгэл байвал юуг ч бүтээж болдогыг сэтгэл зүрх, бодит амьдралаараа, үлгэрлэн яваа эмэгтэй. Тэрбээр өдгөө 37 настай бүсгүй өдгөө 36 хүүхдийн ээж. 

 

Тэрбээр өнөөдөр 5 ханатай гэртээ өөрийн 5 хүүхдээс гадна өргөж авсан 31 хүүхдээ хайраар дутаалгүй, хооллож ундлан, хүмүүжүүлж байна. Өөрийнх нь бага нас хогийн цэг дээр өнгөрч, амьдрал нь тийм дардан байгаагүй учраас хүүхэд бүрийг сургуульд сурч, дулаахан гэрт айдас хүйдэсгүй амьдраасай гэж хүсэхдээ аав ээж нь архины хамааралтай, амьдрал нь хүнд хүүхдүүдийг өргөн авч өсгөх болсон гэдэг. 

 

Анх 11 жилийн өмнө өргөж авсан хүүхэд нь одоо 15 настай. Хүүхдүүд бүгд түүнийг “Том ээж” хэмээн дууддаг байна. Дэрсхэн олон хүүхдэд 5 ханатай жижиг гэр багадах нь мэдээж. “Том ээж”-ийн ганц хүсэл нь “Сарнай” хүүхдийн төвөө байгуулах. Тиймээс “Нэг хүн Нэг тоосго” аяныг санаачилжээ. Тус аяныг 25 дугаар суваг телевиз дэмжин ажиллаж байгаа юм. 

 

Эх орны ирээдүй болсон олон хүүхдийг өсгөн хүмүүжүүлж буй М.Сарнайн хүсэл мөрөөдлийг биелүүлэхээр хотын дарга С.Батболд Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд газар олголоо. Хүүхдийн төвөө барих газартай болсон М.Сарнай бүсгүй “Хүүхдүүд асрамжийн газар байх дургүй. Амьдрал нь хүнд учраас гэр орондоо ч очих дургүй байдаг. Саяхан манай 10 настай охиныг ээж нь ирээд авч явах гэсэн ч яваагүй. “Сарнай” хүүхдийн төвөө байгуулчихвал хүүхдүүд маань илүү сайхан орчинд амьдарна. Хүүхдийн төв, тоглоомын төв хүртэл байгуулахаар газар олгосон хотын даргад маш их баярлалаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцаж, хязгааргүй их баярлаж байгаагаа энэ үеэр дуулгаж байлаа. Хотын дарга С.Батболд “Хүүхдүүдийн ирээдүйд буян хийж байгаа ийм иргэнээ бид дэмжинэ. М.Сарнайд сайхан сэтгэлтэй хүмүүс туслахаас гадна төр иргэнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, хүүхдийн төв барих газрыг шийдлээ. Жаргаж явах насандаа ийм ачаа үүрч явна гэдэг амар биш. Төр түмнийхээ дэмжлэгийг авч яваарай” хэмээгээд М.Сарнайтай хамтарч, хүүхдүүдийн ирээдүйд анхаарал хандуулан ажиллах үүргийг Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын удирдлагад өглөө. 

 

        Энэ үеэр түүнээс цөөхөн асуултад хариулт авч, сэтгэгдлийг нь сонслоо. 

 

-Олон хүүхдийн амьдрал ирээдүйг та өөрийнхөө нуруун  дээр үүрч явна. Яг хэзээнээс хүүхдүүдийн төлөө бусдын төлөө зүтгэе гэж шийдсэн юм бэ?

 

-Би Улаанбаатар хотод ирээд найман жил болж байна. Тэгэхээр найман жил болж байна даа. Анх зөвхөн гэртээ авч ирж хооллож ундалдаг байсан. Том жижиггүй манайд ирж хоол идээд явдаг байсан. Харин сүүлийн жилүүдэд хүүхдүүдээ өөр дээрээ аваад сургуульд хамрагдуулаад хамт амьдарч эхэлсэн. Зарим хүмүүс намайг ингэж зовж амьдарч байхаар наад хүүхдүүдээ асрамжийн газар өгч болдоггүй юм уу гэдэг. Тэглээ гээд би хүүхдүүдээ асрамжийн газар өгөхгүй. 

 

- Хүүхдүүдээ бүгдийг нь сургуульд хамруулж чадсан уу? 

 

-Манай хүүхдүүд сургуульд явдаг.  Энд сургуульд явдаггүй гэвэл хоёр, гурван настай жоохнууд л байна. Би өөрөө сургуульд сураагүй болохоор энэ хүүхдүүдээ ядаж бичиг үсэгтэй болгочих юмсан гэж боддог. Хүүхдүүд маань сая хичээлээ тараад ирсэн. Зарим нь үдээс хойш хичээлтэй, сургуульдаа явчихсан.

 

 

-Таны хүүхдүүдээс өөрийнхөө эцэг, эхтэй амьдрах боломж бий. Хүүхдээ авъя гээд ирэх тохиолдол байх уу?

 

- Хүүхдүүд ээж, аавтайгаа хамт амьдрах хэрэгтэй. Би өөрөө ч үүнийг маш сайн мэднэ.  Гэхдээ чи ч гэсэн энэ хүүхдүүдийг ямар нөхцөлд амьдарч байгааг нүдээр харвал, өөр дээрээ авъя л гэж бодно. Ялангуяа охид орон, гэр ч гэхэд хэцүү овоохойд эсвэл нэг амбаарт, нүхэнд архичдын дунд л амь зогоож байна. Нөгөө архичид нь хүчирхийлнэ, айлгана, ичээнэ. Ингэж бодохоор нойрч хүрдэггүй. 

 

-Таны энэ сайхан монголчуудад үлгэр дуурай л үзүүлж байна. Та олны хайр хүндлэлийг хүлээгээд зогсохгүй “Сарнай” төвөө байгуулах газартай боллоо шүү дээ?

 

-Түмэн олондоо, төрийн хайр хишгийг харамгүй хүртэж яваадаа бид маш их баярлаж байна. “Сарнай” төвийг байгуулах газрын асуудлыг шийдэж өгсөн  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд даргад, тэдний хамт олонд маш их баярлалаа. Дахин дахин баярлалаа гэдгээ хэлмээр байна. Мөн хүүхдүүдийн маань буян заяа, амны хишиг нь төрийнхөө хайр хүндэтгэл, халамжийг хүртэж явна. Хүсэл мөрөөдөл минь биелэж, хүүхдүүд маань дулаахан цэвэрхэн орчинд, өсч, торних боломжууд нээгдэж байгаад баяртай байна.

 

Б.Батаа  

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)