Б.Чулуунцэцэгийн “Ээж”-ээс төрсөн бодол

 

        Нүүдлийн соёл иргэншлээс алсраад олон жил өнгөрч, хагас галзуу англи хэлтнүүд, өрнө европыг “хэт даган дуурайгчид”-ын дунд аж төрж байгаа хүний хувьд сэтгэл тайвшруулах хамгийн ойр зүйл бол ном аж. Хүн шиг би номтой хэрэлдэж, харилцан ярьж болох агаад тэр ихэнхдээ өөдөөс асуун шалгаах нь үгүйд л тайвширал оршин байх шиг. Гэхдээ “даган дуурайгчид”-ын хуулбар, сүүдрийн сүүдэр бус жинхэнэ Монгол зан заншил, хүн байгалийн шүтэлцээ, хүний дотоод ертөнцөд нөлөөлөхүйц тийм ном л тайтгарал өгнө. Тайтгарахыг хичээх авч даяаршлын тухай бодол намайг залхаах нь бас цөөнгүй. Авах гээхийн ухаан ховордсон энэ цагийн хүмүүст даяаршил бол даяаршил шүү дээ. Сохроор дагагчдын сүүдрээс хол байлгах нь уран зохиол юм гэсэн хатуу чанга бодол надад эртнээс байдаг юм.  

 

Хамгийн аюултай нь нийгмийг тэргүүлэх уранзохиолд даяарших хандлага бий болоод удлаа. Сайн ч биз, муу ч биз. Энд бас л авах гээхийн ухаан дутсан “бичигчид” цөөнгүй байгаа учраас даяаршлын сүүдрээс зугтсан бодлоо илчилж байгаа хэрэг. Уран зохиол жинхэнэ утгаараа даяаршиж, хоосон оройн зайд очсон цагт Монгол үндэстэн гэж байх уу гэдэг асуулт эргэлзээ төрүүлэх өдөр ирэхийг хэн байг гэхэв, болгоомжилохоос өөр аргагүй. Аугаа эх хэл, үнэ цэнэтэй зохиол бүтээлээ өвлүүлж үлдээсэн алдартай зохиолч, яруу найрагчдын баян ай сав дотор “даяарших”, “хэт даган дуурайх” үзэгдэл нь өчүүхэн цэг төдий зүйл байгаа ч томорч тодрохоос сэргийлж явах нь бидний үүрэг. Эх хэлээ бид л манахгүй бол өөр хэн манах вэ.

 

Энэ мэт бодолд минь баринтагтай байдаг эмзэглэлийг яруу найрагч, сэтгүүлч Батмөнхийн Чулуунцэцэгийн “Ээж” ном нэгэнтээ хөндөж орхив. Энэ номыг, зохиогчийг нь магтаж цаасан малгай ч өмсгөх гэсэнгүй. Өнөөдрийн энэ хуулбарын хуулбар, сүүдрийн сүүдрүүдийг гэрэлтүүлэх хэмжээнд очсонд л баярласан хэрэг. Нэг ч гэсэн уран бүтээлч монголоороо сэтгэж, монголоороо дурлаж, монголоороо гуниж баярлаж байгаад л сэтгэл баясна. Нөгөө талаар говь тал, адуу мал, амраг сэтгэл, аав ээжий гээд нүүдлийн соёл иргэншлээс урган гарч буй тэр уламжлалын өчүүхэн ч гэсэн нэг илэрхийлэл болж чадснаараа “Ээж” номонд “хайр зарласан” хэрэг. “Хайр зарлах”-ын шалтаг нь их амархан. Ерөөсөө бодит байдалд хайрыг зарлах шалтаг нь өөрөө хэцүү мэт боловч хамгийн амархан зүйлээс илэрч байдаг хойно доо. Энэ ном ч зохиогчоо тэгтлээ зовоож төрсөн ном биш болов уу гэсэн сэтгэгдэл аяндаа мэдэгдэнэ.

 

            Б.Чулуунцэцэгийн “Ээж” номын эхний хуудсыг эргүүлэхэд “Нүүдэл” гэсэн дурсамж эссэ бий. Долоон настай жаал охин нүүдлээр хөсөгтэй хамт ачигдаж биш, мал туухын хүсэл мөрөөдлөөр жигүүрлэхдээ түгшиж байгаа эмзэглэл, тэр зураглал нь өөрөө уран зохиол юм, миний ойлгож байгаагаар. Дурсамжийн нэгэн дүр “Чоймбол ахын Цэцэгмаа эгч”-ийн гүү саах, морь сайхан унах, гийнгоолох, адуу услахдаа исгэрэх зэрэг нь арав хүрээгүй жаал охины мал туух хүслийг аяндаа асаан өгч байна. Тэр тусмаа долоон настай жаахан охиныг насан зүг хэдийнээ явчихсан хөгшинтэй хамт явуулахдаа уралдахаас өөр эдэлгээгүй ардагдуу үрээн дээр мордуулж байгаа нь хүртэл “хэт даган дуурайгчид”-ын ой тойнд лав багтахгүй. Орц подез үнэртсэн, хуучин модон гүүр гэх мэт орчуулгаар даяалж зарим “зохиолч” нэртний сэтгэлд хиймлээр суусан төсөөллөөс тэс өөр л дөө. Бодит ертөнцөд болж буй зүйлийг уран зохиолын, тэр тусмаа уламжлалт аргаар уншигч танд хүргэж байгаагаараа л онцлог гэж би хувьдаа ойлгоно. Тэр үеийн хүүхдүүд Б.Чулуунцэцэгийн “Ээж” номонд олонтаа таарах дүрслэлээр л өсч торнисон гэдгийг бол би лавтай сайн мэднэ. Өнөөдрийн охид бол арай өөр зүйл дуурайж таарна. Гоё ганган машинаар мах ачих, үнэртэн гоо сайхнаас эхлээд тэс өөр. Дурлах нь ч өөр болсон ийм цаг үед уламжлалт уран зохиол тун хэрэгтэй байгаад л эмзэглэл оршиж буй.

 

Уг номын “Төсөөлөл” хэсэгт зохиогч өөрөө сургуульд орж, үсэг нүдлэхдээ У үсгийг хаврын орой муухай орилдог ууль шувуугаар, ф үсгийг сумын өвсний фондын агуулахаар төсөөлөөд цээжилж байгаа зэрэг нь яах аргагүй нүүдлийн иргэншилд өсч торнисон хүүхдийн зүйрлэл мөн байж таарна. “Ээж” номын “Хайдаг ингэ” хэсэгт зураглаж байгаагаар ингэ шилэрч гүйхээр нь авчраад хашчихсан, гурван хоног ботгоо гаргадаггүй, үргэлжээрээ шахам байгаа дүр зураг, малын эмч амьгүй болсон ботгыг мөчлөн гаргасан сэгийг хараад найман настай охин уйлж байгаа зэрэг дүрслэл нь өнөөдөр зарим нэгний сэтгэлд эмзэглэл үүсгэхгүй ч байж мэдэхээр болжээ. Гэтэл энэ нь хамгийн энгийн хэрнээ нулимс дуслуулам зураглал байгааг нуух юун. Үүний цаана өнөөх л эх гэдэг амьтан биеэ хоёр хуваах гэж яаж зовж байгааг зохиогч өөрөө тэмээ гэдэг амьтнаар төлөөлүүлсэн болов уу. Амьгүй ботго гаргасан тэр ингийг хайдагшуулж хөх дэлэнг нь дундлах гэж нялх охин энгэр заам руугаа тэр чигт нь саачихаж байна. Ингэний зовж чинэрсэн сүүнд дарайж дэрийсэн дээлийнхээ энгэрийг үрэн салхинд хийсгэж байгаа тэр дүрслэлээс говь талын агаар, ингэний сүүтэй холилдон үнэртэх шиг болно. Энэ л уран зохиол байх учиртай. Надад утга зохиолын онолч багш маань нэгэнтээ “Аливаа уран бүтээл хүний сэтгэлийг хөдөлгөж байх нь л чухал. Түүнээс юу байх нь чухал биш” хэмээн хэлсэн нь огт санаандгүй хэрэг биш биз ээ.  

 

 Бид даяаршлын сүүдэрт дасчихаад ботго нь эндсэн ингэний буйлаанд ч эмзэглэхээ больчихсон мэт. Харин “хэт даган дуурайгчид”-ын хувьд бол торонд байх тоть шувуу нь гэмтэх, магадгүй унадаг машиных нь гэрэл чийдэн хагарах гэх мэт зүйрлэл нь нулимсыг нь унагаад зогсохгүй амиа тавихад хүргэж мэдэхээр тийм орон зай бага ч атугай бий болчихож. Цагийн аясыг бид хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй ч уламжлалаа чирээд урагшлахаас өөр том гавьяа бидэнд үгүй юм. Энэ гавьяаны нэгэн хэлтэрхий нь Б.Чулуунцэцэгийн “Ээж” ном болжээ гэж үзэх байна. Ийм олон хэлтэрхий нийлж байж эх хэл, уран зохиолоо уран зохиол хэвээр нь авч үлдэнэ гэдгийг бас хаа хаана санахад илүүдэхгүй.

 

“Ээж” номонд арван нас хүрээгүй жаал охиноо усанд явуулахдаа ардагдуу атан тэмээний нуруунд хоёр 40 литрийн бидон тэгнээд тавьчихаж байна. Жаал охин худаг дээр очоод яаж усаа аваад яаж бидоноо тэгнэхээс эхлэх зураглалыг уншсан зарим уншигч энэ сайхан заллаа л гэнэ. Магадгүй, энэ цагийн зарим уран зохиолын онолчид “Б.Чулуунцэцэг нь энэ хэсэгт уран сайхны хэтрүүлгийг давуулан ашиглажээ” гэж мэдэмхийрч ч мэднэ. Гэвч үгүй юм аа. Хөдөө тал, малын захад өссөн мань мэтэд арга нь сонин санагдана уу гэхээс нүүдэлчдийн өдөр тутмын л нэгээхэн дүр зураг. Тиймээс жаал охины усаа тэгнэх тэр процесс, арга залийг л улам шимтэн уншихаар. Шимтэн уншихаар гэснээс “Ээж” ном бол агуулгын хувьд энэ ертөнцөд эх хүн гэдэг ямар аугаа зүйл байдгийг тод гаргасан бүтээл. Зохиогч өөрийнхөө ээжээс эхлээд сахиус буулгаж улаач болсон нэгний 800 жилийн тэртээ үлдэж хоцорсон ээжийн тухай сонирхолтой эссэ нийтлэл ч бий. Наро Банчэн гэгээнтний ээжээс эхлээд шатрын их мастер А.Энхтуулын ээж, бүр бурхан номын орон Энэтхэгт Далай багшийн мөргөлд очоод залбираатай чигээрээ бурхан болсон ээжийн тухай гээд олон сайхан буянт ээжийн тухай сэтгэл сэмлэн уншиж болно. Монголын үе үеийн уран зохиолчид ээжийн тухай уянгалуулан бичсэн, Их зохиолч Д.Нацагдоржоос эхлээд өнөөдрийн мань мэт хүртэл чадахынхаа хэрээр бурханчлан бичсэн. Гэвч яруу найрагч Б.Чулуунцэцэгийн хувьд ээж гэдэг аугаа их ертөнцийг цогцоор нь гаргах гэж хичээсэн нь бусдаас давамгай чанар болж харагдаж байна. Үүндээ ч энэ номын үнэ цэнэ оршино.

 

Миний дүгнэж байгаагаар бол даяаршлын сүүдрээс зугтаж, баримтад тулгуурлан, уран сайхны аргаар бичсэн энэ бүтээл нь өнөөдрийн нийгэмд яах аргагүй нүдээ олсон ном болжээ гэх байна. Ээж гэдэг аугаа их амьтнаа хайраа дутааж яваа залуусаас эхлээд хайрлаж амжаагүй бурханд мордуулчихаад халаглан зогсоо зөнөгүүд хүртэл унших хэрэгтэй болж байна, минийхээр бол. Тэр тусмаа суурин иргэншил, хэт их төвлөрөлд дасан зохицож буй хүмүүсийн сэтгэлд нэгэн хөндүүр авчрах ном болж чаджээ гэж дүгнэхээс өөр гарцгүй. Түүнээс би он цагт давтагдахгүй аугаа их бүтээл боллоо гэж хэлээгүй. Яруу найрагчийн мэдрэмж ч байх биз, зохиогч өөрөө цаг үеийг мэдэрсэн байх талтай. Магадгүй, цаг үеэ онож туссан ном бол “Ээж” юм аа гэж хэлнэ.

 

Үүнээс гадна “Ээж” номонд хэдэн тэмдэглэл гэж болохоор зүйл бий. Уран зохиолын төрөл зүйлээс ангид ч авч үзэж болох, мөн сэтгүүл зүйн төрөл зүйлээс ч зайлхийсэн гэж үзэж болох тийм саяхны дурсамжаар амилуулж зохиолч өөрийн арга барилаар бичсэн тийм зүйл “Ээж” номонд олонтаа тааралдана. Гагцхүү онолчид л нэг төрөл зүйлд хамаатуулж чадах биз. Тухайлбал, Солонгос улсад хуралд очсон зохиогч маань тэндээ ажиллаж амьдарч ахуй 100 хүрэхгүй хоногоос сувдлан түүж авсан тэмдэглэл нь зүгээр нэг болсон үйл явдлыг бичсэн мэт боловч, тэнд буй эх орон, ээж аав, элгэн садан түмнээ гэсэн эмзэглэлийг сэтгэл хирдхийлгэм хэрнээ уншууртайгаар дүрсэлснийг дурдахгүй байх аргагүй. Үнэндээ энд тэнд зорчсон сэтгүүлчдийн тэмдэглэлийг мөн ч олон уншсан, “Ээж” номонд багтсан эдгээр тэмдэглэл шиг сэтгэл хөдөлгөсөн нь тун ховор. Тиймээс би энэ нь яруу найрагч хүний давуу тал юм гэж бодлоо. Б.Чулуунцэцэгийн хувьд “Чука”, “Амраг нандин” шүлгийн түүврүүд хэвлүүлсэн яруу найргийн цомогтой найрагч гэдгийг мэдэх байх. Мөнхүү номонд идэр залуу насны хайр,  анд нөхөрлөлийн тухай ч тэмдэглэсэн зүйл бишгүй таарна. Гэхдээ л бүгд ээжээс хамаарсан, ээжээс хамаарах хайр сэтгэл, нөхөрлөл гэдгийг дурдах хэрэгтэй. Би “Ээж” номыг уншаад уран зохиолын ямар нэг төрөл зүйлд хамаатуулах гэж улайрсангүй, үнэнийг хэлэхэд хамаатуулах гээд ч чадсангүй. Хожмын өдөр хэн нэгэн эрдэмтэн тунгаах нь дамжиггүй биз. Ямартай ч номыг ариутган шүүсэн сэтгүүлч Н.Саранчимэг хэлэхдээ “Яруу найрагч Б.Чулуунцэцэг дүүгийн минь “Ээж” номын эссэ нийтлэл нь миний дутууг нөхөж, дундуурыг дүүргэсэн мэт өндөр их сэтгэгдэл төрүүлж сэтгэлийн чанид утсыг хөндөв” гэж цохсон байна лээ. Сэтгүүлч  Н.Саранчимэгийн “Сэтгэлийнг чанид утсыг хөндөв” гэдэгтэй уншигч би вээр ч санал нийлнэ.

 

 Нөгөө талаар яруу найрагч Б.Чулуунцэцэг өөрийнхөө туулж өнгөрүүлсэн амьдрал, амталж өссөн ус, нутгийнхаа агаар, хүн зоныг бичсэн учраас амттай, сайхан болсон хэрэг. Тэр тусмаа түүний дүрсэлж зурсан ахуйд өссөн хүн бол амт үнэрийг нь шууд мэдэрч уншихаар тийм л бүтээл юм. Ямартай ч намайг оюутан ахуй цагт утга зохиолын аваргууд “Та нар мэддэг юмаа л бич. Мэддэг зүйлээ бичиж чадахгүй байж хаа холын мэдэхгүй зүйл рүү бүү яв” гэдэг сэн. “Ээж”-ийг уншиж суухад багш нарын маань энэ үг үе үе санаанд орохын зэрэгцээ Б.Чулуунцэцэг маань өөрийнхөө их сайн мэдэх зүйлийг их сайн бичжээ гэж бодогдлоо. Нөгөө талаар биднийг уран зохиолын шинэчлэл нэрийн дор өрнөдөд нэгэн үе дэлгэрээд алсарсан урсгал чиг хандлагын төлөө улайрч байхад эргээд намтарчилсан хүүрнэл зохиол тэнд нь алт болж байх жишээтэй. Биднийг нэгэн зууны өмнө харьд оволзоод чимээ намдаасан урсгал чиглэлийг энд мандуулах гэж муйхарлан суух зуурт олон зүйл өөрчлөгдөж байна. Үүний нэг хандлага нь Б.Чулуунцэцэгийн “Ээж” ном юм. Яагаад гэхээр энэ бол Б.Чулуунцэцэг гэдэг хүний намтрын нэгэн хэсэг, энэ хэсгээс хальсан хүмүүний орчлонгийн жаргал зовлон, нулимс инээд нь өөрөө уран зохиол болчихож байна гэж бодлоо.    

 

 Би бусад шиг уран зохиолд отго жинс залсан мяндагтан биш ч гэлээ нэрт судлаач гавьяат багш Чойжилжавын Билэгсайхан нараар толгойгоо илүүлж, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж нараар тас загнуулж, Төрийн шагналт Дамбын Төрбат нараар аргадуулж явсан хүн.  

 

Яруу найрагч С.Ууганбаяр

    

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)