Г.Доржбат: Хулгайчийн эрхийг хамгаалдаг ч хохирогчийн эрхийг хэн ч ярьдаггүй

 

        Нийслэлийн Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.ДОРЖБАТТАЙ ярилцлаа.

 

-Нийгэмд багагүй хохирол учруулдаг гэмт хэргийн нэг нь хулгай. Хулгайн хэргийг бууруулах талаар цагдаагийн байгууллага ямар арга хэмжээ ажиллаж байна вэ?

 

-Засгийн газраас 2008 онд Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний дэд хөтөлбөрийг баталсан. Үндэсний хэмжээнд хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхэд хулгай багассан ч 2010 оноос хар тамхи, мансууруулах бодис, хүүхэд хулгайлах, бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах, цахим зэрэг шинэ төрлийн хэрэгт түлхүү анхаарах болсон. Улмаар хүмүүс мэддэг, өдөр тутам гардаг, иргэд байнга хохирч байдаг хулгайн гэмт хэргийг бараг л орхичихсон. Үндэсний дэд хөтөлбөрийг энэ оноос үргэлжлүүлэн идэвхтэй хэрэгжүүлнэ. Үүний тулд цагдаагийн байгууллага бүх шатны судалгааг хийж байна. 2017-2020 он хүртэл хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх төлөвлөгөө баталсны дагуу одооноос хулгайтай тэмцэх ажлыг эрчимжүүлж, нэгдсэн зохион байгуулалттай ажиллаж байна.

 

-Хулгайн гэмт хэрэг өмнө нь ч одоо ч гарсаар. Буурахгүй байгаагийн шалтгаан юу вэ?

 

-Буурахгүй байгаа нь хүмүүсийн бэлэнчлэх сэтгэлгээтэй холбоотой. Өмнөх жилүүдэд хүмүүс халамжийн мөнгө аваад зүгээр суудаг байсан. Таван ам бүлтэй айл 105 мянган төгрөгийг сар болгон авах жишээтэй. Нийгмийн нэг хэсэгт энэ мөнгө чухал хэрэгтэй байхад нөгөө хэсэг нь зүгээр суугаад мөнгөө үрдэг байлаа. Мөн залуусын цөөнгүй хэсэг нь ажил хийхгүй, амар хялбар аргаар мөнгөжих сонирхолтой болсон. Тэд зурагтаар гарч байгаа цуврал киног үзээд ажил хийхгүй танхайрч, дээрэм хийгээд баяжина гэх өрөөсгөл ойлголттой болчихсон. Өдрийн арав, хорин мянган төгрөгийн цалинтай барилгын туслах ажлыг голдог. Сард 600 мянган төгрөгийн цалинтай ажил хийдэггүй. Нөгөө талаар хүн амын нягтаршил бас нөлөөлж байна. Хөдөөд ажлын байр байхгүй. Хөдөөнөөс хэчнээн иргэн албан ёсоор шилжиж ирсэн, хэд нь бүртгэлгүй байгаа вэ гэдэг судалгаа алга.

 

-Хохирол нь цалингийн доод хэмжээнд хүрээгүй бол торгоод явуулдаг тогтолцоо хулгайг өөгшүүлээд байгаа юм биш үү?

 

-Засгийн газар энэ оны нэгдүгээр сарын 2-ны өдрөөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 мянга байсныг 240 мянга болгон нэмж тогтоосон. 450 мянган төгрөгийн I Phone 5 утсаар жишээ татья. Иргэн мөнгөө хуримтлуулаад эсвэл зээлээр гар утас авчээ. Гэтэл нэг хоноод утсаа алдчихлаа. Хулгайчид утасны доторх зүйл сонин биш. Гэтэл алдсан хүний утсанд гэр бүлийнх нь зураг, чухал үйл явдлын тэмдэглэл, хэрэгцээтэй утасны дугаарын жагсаалт, хоорондын чухал мессеж байдаг. Зарим тохиолдолд юугаар ч сольшгүй чухал нандин дурсамж нь утастайгаа хамт алдагддаг. Хохирогч утсаа аваад нэг хоног, хоёр сар, жил хэрэглэснээс хамаараад үнэлгээний комисс үнэлгээ хийнэ. Ихэнхдээ хөдөлмөрийн хөлсний хэмжээнээс доогуур үнэл­дэг. Тэгэхээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүйгээр Захиргааны хариуцлагын тухай хуулийн 36.1- д зааснаар зүйлчлээд 5-20 мянга хүртэлх төгрөгөөр торгож, хулгайчийг суллаад явуулчихдаг. Халаасны хулгайч ашигтай ажиллачихлаа. Хулгайлсан утсаа 200 мянгаар зарж баригдвал 20 мянгаар торгуулаад, баригдахгүй бол дахиад хүний эд зүйлийг “хумслаад” явна. Үүндээ урамшчихаж байгаа юм. Ахиад болох юм байна гэж амташдаг. Тэгэхээр хуулийн зүйлчлэл нь хулгайчид боломж олгоод байгаа нь үнэн. Хүний эд зүйл аваад цагдаад баригдсан хулгайчид эрүүгийн хэрэг үүсгээд 145.1- ээр зүйлчиллээ. Гэтэл тухайн гэмт этгээд шалгуулах явцдаа хохирогчийг хохиролгүй болгочихно. Прокурорын шатанд хохирогчтой эвлэрээд хэргийг хэрэгсэхгүй болгодог. Ийм тохиолдол олон. Үүнийг цэгцлэх хэрэгтэй.

 

-Хулгайчтай тэмцдэгээрээ та бүхэн холбогдох байгууллагад саналаа хүргүүлэх ёстой юм биш үү?

 

-Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөд саналаа хүргүүлсэн. Зөрчлийн тухай хуульд ч мөн саналаа өгсөн. Зөрчлийн тухай шинэ хуулиар гэмт этгээдийг 7-30 хоногийн хугацаатай баривчлах болон албадан сургалтад хамруулах гэсэн хоёр төрлийн шийтгэл оноох болсон. Тэр хүнийг баривчилж, өдрийн гурван хоол өгч хашаад яах юм бэ. Бидний санал бол албадан саатуулах биш албадан хөдөлмөр хийлгэх шийтгэл оноох хэрэгтэй. Албадан хөдөлмөр хийж олсон мөнгийг нь хохирогчдод өгдөг тогтолцоог бий болговол зүгээр. Цагдаагийн байгууллага албадан хөдөлмөр хийж байгаа сэжигтэнд хяналт тавьж чадна. Хяналт тавих асуудал нь шийдэх боломжгүй зүйл биш. Гаднын улсад үүнийг хуульчилсан байдаг. Зөрчлөөсөө хамаараад цагийн ажил албадан хийлгэж, оюун санаанд нь мессеж өгөх зөв. Нийгэмд тустай хөдөлмөр эрхэлдэг тийм тогтолцоо их хэрэгтэй.

 

-Хулгайчийн ард байгаа ченжүүдэд ямар арга хэмжээ авдаг бэ?

 

-Судалгаанаас харахад сүүлийн гурван жилийн хугацаанд найман ченжэд холбогдох хэргийг шүүхээр шийдээд торгуулийн ял оноосон. Хариуцлагын тогтолцоог чангатгах хэрэгтэй юм. Сошиал ертөнц, нийгмийн сүлжээ, хүний эрхийн байгууллагууд асуудлыг улстөржүүлээд хүний эрх гэж яриад ажил хийлгэдэггүй. Бодит байдалд хулгайчийн эрхийг хамгаалаад хохирогчийн эрхийг хэн ч ярьдаггүй. Хохирогч хулгайд эд зүйлээ алдсан гээд зурагтаар гардаг. Хулгайчийн ар нуруу, эсвэл царайг далдлаад гаргадаг. Хохирогчийн нүүр царайг гаргасан бол хулгайчийг бас гаргах ёстой. Хүмүүс мэдэг, жигшиг. Гадаадын олон нийтийн сайтад гэмт хэрэгтнүүдийн зураг, намтрыг тавьдаг юм билээ.

 

-Олон улсын худалдааны үзэсгэлэнд Монголын хулгайчид түлхүү оролцдог гэдэг. Энэ үнэн болов уу?

 

-Халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг 500 гаруй хүн байдаг гэсэн судалгаа бий. Үүний 200 гаруй нь гадаадад аж төрж хулгай хийдэг. Ихэвчлэн Зүүн Азийн орнууд болох Макао, Хонконг, Индонез, БНХАУ- аар явж бусдын эд зүйлийг хумсалдаг. Гурван сарын визээр солонгос явсан 40- 45 насны, манай улсын хоёр иргэн Тэгү хотын томоохон захаар явж хүмүүсийн эд зүйлийг хулгайлсан хэрэг гарсныг санаж байгаа байх. Тэд бусдад 2.3 сая гаруй воны хохирол учруулсан. Гадаадад хулгай хийж, Монголд ирээд баригдсан нэг нөхөр ярихдаа “Манайхны олон хүн гадаадад хулгай хийдэг. Бүр амьдралынх нь хэв маяг болчихсон” гэсэн. Энэ үнэн. Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд гадаадад явж байхад манай хулгайчид зэрэгцээд явж л байдаг.

 

-Цагдаа хэргийг шалгах гэж маш уддаг. Ялангуяа хулгайн хэргийг шалгахгүй хаачихдаг гэх гомдол олон сонссон?

 

-Үнэн л дээ. Гол саад нь хуулийн зүйл заалт, дүрэм журам юм. Аливаа хэргийг шалгахдаа прокурорын байгууллагаас заавал зөвшөөрөл авдаг. Үүрэн холбооны компаниуд прокурорын зөвшөөрлөөр гар утасны дуудлага, мессеж, лавлагааг өгдөг. Нөгөө талаар прокурор хөнгөн болон хүндэвтэр гэмт хэргийг шалгах зөвшөөрөл олгодоггүй. Зөвхөн зохион байгуулалттай, онц хүнд гэмт хэргийг шалгах зөвшөөрөл өгдөг. Сая гаруй төгрөгийн I Phone 6 утас алдлаа гэж бодъё. Энэ нь Эрүүгийн хуулийн 145.1-ээр зүйлчлэх хөнгөн гэмт хэрэг. Тиймээс прокурор хэргийг шалгах зөвшөөрөл өгөхгүй. Ингээд л хэргийг хаах болдог. Хэрэв хуулийн ийм заалт тушаа болдоггүй бол оператор компаниудаас утасны холболтуудыг авч хохирогчийн гар утсыг шуурхай олох бүрэн боломжтой.

 

-I Phone нууцлал сайтай учраас эзнээс нь өөр хүн ашиглах боломжгүй биз дээ?

 

-I Phone төрлийн утаснууд IT кодтой учраас Монголд нууцлалыг нь тайлж чадахгүй, сэлбэгт л өгдөг. Эсвэл ченжүүдэд зардаг. Гар утасны хамгийн том зах зээл Хонконгод байдаг. Тиймээс ченжүүд бөөгнүүлж аваад тийш нь гаргаж, Монголд ашиглах боломжтой гар утсаар сольдог. Сольсон утаснууд нь мөн өөр улс орноос буруу аргаар оруулж ирсэн байдаг. Тэгэхээр ченжүүдэд их учир бий. Бид үнэтэй утсаа алдсан хохирогчдод утасны ченжүүдтэй уулзахыг зөвлөдөг ч тэд “утас чинь энэ” гээд гаргаад ирэхгүй л дээ. Уг нь манайд гар утасны хулгайг цэгцлэх боломж бий. Гэвч үүрэн холбооны оператор компаниуд ашгаа бодоод хуулийн байгууллагын саналыг шууд хүлээж авахгүй зөвшилцлийн шатанд явж байна. Иргэд гар утас худалдан авахдаа утасны марк, IT код зэргээ мэддэг бол алдсан даруйдаа оператор компани руугаа хэлдэг, цаад компани утсыг ашиглах боломжийг хаачихдаг бол хулгай эрс багасна. Дэлхийн гэлтгүй Азийн өндөр хөгжилтэй ихэнх оронд энэ тогтолцоог хэдийнэ нэвтрүүлчихсэн.

 

-Хулгайчдын арга хэлбэр нарийсаад байна уу?

 

-Орчин үеийн хулгайчид хэвлэл мэдээллээр гарсан хулгайтай холбоотой нийтлэл, ярилцлага, зурагт, сайтад гарсан нийгэм эрхзүйн мэдээг байнга хардаг болсон. Маш их мэдээлэлтэй. Сонгинохайрхан дүүрэгт хулгайн шалгалт явуулна гэж албаны хүн ярьчихвал тухайн газарт нь үзэгдэхээ байчихна. Мөн хууль уншаад хаана ямар боломжтой заалт байгааг судалдаг. Улмаар байнга зүсээ хувиргаж явах болсон. Жишээ нь, толгойгоо боочихоод юм уу доголоод таяг тулаад явна. Тэгээд рентген зураг авахуулах хүмүүсийн ойр орчмоор эргэлдэж, дотогш орох үед эд зүйлийг нь авсан тохиолдол бий. Мөн их, дээд сургуулиудын номын сангаар явж оюутан дүр эсгээд хулгай хийдэг бүлэг залуус байна. Зарим нь анагаахын сургуульд цагаан халаад өмсчихөөд явдаг. Эмэгтэйчүүд жирэмсэн үедээ хулгай хийх нь элбэг. Жирэмсэн үед ял хойшилдог. Гурван жилийн дараа хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусах юм уу Өршөөлийн хуульд хамрагдана гэдгээ тооцоолдог гэсэн үг. Мөн судалгаа хийсний үндсэн дээр айл өрхийг “ухдаг”. Тиймээс хөршийн хяналтыг сайжруулах шаардлага байгаа юм. Одоо байгуулсан хөршийн холбоо үр дүнтэй ажиллаж чадахгүй байна. Нэг гудамжинд 10 айл байлаа гэхэд тэд нийлж гудамжны хоёр ам, голд нь 360 градус эргэдэг камер байрлуулчихвал зүгээр юм. Бүрэн камержуулъя гэвэл 1.5 сая төгрөг орох байх. Камерын хяналттай гудамж, орон сууцанд хулгайн гэмт хэрэг гарахгүй. Иргэдэд зөвлөхөд эд зүйлээ халаас болон цүнхний арын хэсэгт хийх хэрэггүй. Болж өгвөл цүнхэн дотор, энгэрийн халаасандаа хийх хэрэгтэй. Саяхан “Атибус”, “Тэнүүн-Огоо”, “Блюбус” компанийн ажилтнуудад манайхан сургалт хийсэн. Өглөө автобусыг замын хөдөлгөөнд оруулахаас өмнө ээлжийн ахлагч камерыг шалгадаг юм билээ. Гэвч ихэнх жолооч камерыг санаатай, санаандгүй байдлаар салгаад ажилдаа ордог байдал анзаарагдсан. Тэгдэггүй бол автобусанд гарсан хулгайг илрүүлэх боломжтой.

 

Д.МЯГМАРЖАРГАЛ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • зочин (103.23.51.4)

    2017-06-23

    Ёстой үнэнийг хэлдэг цагдаагийн ажилтныг анх удаа харлаа,ийм хүмүүс дутагдаад байна, удахгүй ийм залуус олшрох байхаа.

  • зочин (202.179.31.15)

    2017-06-23

    Амьдралд байгаа асуудлыг бодиттойгоор ярьсан байна.Хулгайтай тэмцэх ажлыг амьдралд нийцүүлэхгүй бол болохгүй дээ?Манайхан бүх л асуудлыг ардчилал,хүний эрх гэдгээр хааж оромдох их дуртай.ёстой л дүр эсгэсэн ардчилал гэдэг л байх.Үүнийг манай хууль тогтоогчид бодмоор л байгаа юм.Ялангуяа хөдөөд малын хулгайгаар хөлжиж амьдралаа авч явж байгаа нөхөд олон байгаа.Тэдэнд оногдуулж байгаа шийтгэлч алга,хулгайг нь илрүүлж байгаа асуудалч бараг алга болж хулгайчид дархлагдаж байна гэхэд илсдэхгүй

  • tsagdaad (122.201.28.8)

    2017-06-23

    ene zaluugiin heleed bgaa sanaanuudiig heregjvvleh bolomj bgaa, har gart hulgaich nariig yund hamgaaldag yum hulgaich hvn bh yostoi gazraa l bna biz