Хоёр дахь санал хураалттай холбоотой асуудлыг хэлэлцэв

 

        Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр хуралдаж  Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит анхан шатны санал хураалтын дүнгийн тухай асуудлыг хэлэлцээд Сонгуулийн тухай хуулийн 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн анхан шатны санал хураалтад оролцож саналаа өгсөн нийт 1357788 сонгогчдоос Ардчилсан Намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулга 517478 санал буюу 38.11 хувь, Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд 411748 санал буюу 30.32 хувь, Монгол Ардын Хувьсгалт Намаас нэр дэвшигч Сайнхүүгийн Ганбаатар 409899 санал буюу 30.19 хувийн санал авсан болохыг баталсан шийдвэр гаргалаа.

 

Мөн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин нэгдүгээр зүйлийн тав, Сонгуулийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 105.2 дахь хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн хоёр дахь санал хураалтыг 2017 оны 7 дугаар сарын 09-ний өдөр явуулахаар, Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдээс санал авах хоёр дахь санал хураалтыг 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр явуулахаар тус тус зарлав.

 

     Анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн хамгийн олон санал авсан Ардчилсан Намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулга /517478 санал/, Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд /411748 санал/ нарыг хоёр дахь санал хураалтад оруулахаар тогтоов.

 

 Түүнчлэн хуралдаанаар саналын хуудасны загвар, нэгдсэн дугаар тоо батлах тухай тогтоол батлав гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
    
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)