Наадмын үеэр сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна

 

        Сүүлийн үед усны ослын тоо нэмэгдэж, ой хээрийн түймрийн нөхцөл байдал зарим хэсэгт хүнд байгаа аж. Улсын баяр, наадам ойртож буй энэ өдрүүдэд эдгээр ослын тоо улам нэмэгдэх хандлагатай байдаг байна. Тиймээс энэ талаар өнөөдөр Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээлэл хийлээ.

 

 Гамшгаас Урьдчилан Сэргийлэх Газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр "Цаг уурын байгууллагаас өнөө, маргаашдаа төв, говийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай усархаг аадар бороо орох мэдээг ирүүлсэн. Дуу цахилгаантай усархаг аадар бороо орох үеэр үер, аянга цахилгаан буух, түр зуурын хүчтэй салхи болох эрсдэлүүд гардаг. Тиймээс баяр, амралт, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, бага насны хүүхдийг хараа хяналттай байлгах талаар эцэг эх, асран хамгаалагчид анхаарах хэрэгтэй байгаа онцлон сануулах байна.

 

Он гарсаар өнөөдрийн байдлаар 58 хүн усны ослоор амь эрсдсэн байна. Үүнээс 12 нь хүүхэд байна. Бага насны хүүхдийг гол, усны орчим орхиод эцэг эхчүуд архидан согтуурдаг, хүүхэд, залуучууд сэрүүцэх болон тоглох зорилгоор ус руу ордог, гол, усанд орох үедээ согтууруулах ундаа хэрэглэж өөрийгөө болон бусдыг хянах чадвараа алддаг зэрэг олон шалтгаануудаас усны осол болдог. Тиймээс олон хоногийн амралт эхлэх энэ үед хүүхэд багачуудаа хараа хяналтнаас салгахгүй байхыг сануулж байна" гэв.

 

Гал түймэртэй тэмцэх газрын мэргэжилтэн, ахмад С.Галтзул "Он гарсаар нийт 135 удаагийн ой, хээрийн гал түймрийн тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 30 хувиар өссөн үзүүлэлт. Энэ нь энэ жил маш халуун, хуурай байгаатай холбоотой. Мөн иргэдийн болгоомжгүй үйлдлүүдээс болж ой хээрийн түймэр гарах давтамж нэмэгдэж байна. Яг өнөөдрийн байдлаар 4 удаагийн ой хээрийн гал түймрийн тохиолдол бүртгэгдсэн ОБЕГ-ын албан хаагчид ажиллаж байна. Хоёрыг нь цурманд оруулсан. Хүндэрсэн нөхцөл байдал байхгүй байна. Иргэддээ анхааруулж хэлэхэд баяр наадмын үргэлжилсэн удаан амралт эхлэх гэж байгаа энэ үед хөдөө, аялал зугаалгаар явахдаа галын аюулгүй байдлаа хангах хэрэгтэй. Хүүхдүүдээ ил гал, шүдэнзээр тоглуулж болохгүй. Түүдэг гал асаасан бол бүрэн гүйцэт унтраах хэрэгтэй гэж сануулмаар байна" гэлээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.9.42.145)

    2017-07-08

    архи уугаад элий балай болсон хүмүүс яг л сэрэмжтэй байж харагдаач