З.Түмэнжаргал: Орчин үеийн давалгаанд уусч барууны хэв маягтай уран бүтээл гаргахгүй

        МСНЭ-ийн гүйцэтгэх захирал Б.Галаарид зураач З.Түмэнжаргалыг цөөн өнгө, деталиар гүн гүнзгий утга санаа илэрхийлэх эрмэлзэлтэй уран бүтээлч гэж тодорхойлж байв. Тэрбээр үргэлжлүүлэн “Уран бүтээлч З.Түмэнжаргал адууны толгойны яс, бойтогны хонх, эсгий, шагай зэрэг зүйлийг ашиглан олон бүтээл туурвисан нь хэлбэрийн хувьд орчин үеийнх боловч агуулга нь Монголын уламжлалт зан заншил, бэлгэдэл, язгуур монгол ухааныг хадгалсан, орчин үежүүлснээрээ онцлогтой” хэмээжээ. Үнэхээр ч түүний бүтээл танхим дүүрэн бүтээлээс өөрийн онцлог, агуулгаараа тодрон харагдах аж. Энэ удаад З.Түмэнжаргал Монгол Солонгосын хамтран гаргасан “Гранд арт” үзэсгэлэнд оролцож Гранпри шагналыг нь хүртжээ. Монголын залуу уран бүтээлчдийг олон нийтэд танилцуулах зорилготой “Гранд арт” үзэсгэлэнгийн ес дэх жилийн Гранпри шагналтан түүнтэй цөөн хором ярилцлаа. 

 

-Таны “Есөн” бүтээл шилдгээр шалгарч, Солонгос улсад үзэсгэлэнгээ гаргахаар болжээ. Уг бүтээл тань ямар агуулгатай вэ?

 

-“Есөн” бүтээлийг “Гранд арт”-д зориулан бүтээхдээ хурганы арьс, малын шагай зэргийг ашигласан. Энэ үзэсгэлэнг Монгол, Солонгос уран бүтээлчид хамтран гаргаж буй учир үндэсний шинж, ёс заншлаа хадгалсан бүтээл хийхийг зорьсон. Бүтээлийн нэрнээс эхлээд бэлгэдлийн шинжтэй. Монголчуудад сондгой тооны бэлгэдэл гэж бий. Энэ утгаараа “Есөн” бүтээлд есөн шагай орсон. Шагайг орхиж буусан байдлаар нь бүтээлд тусгасан. Түүнээс биш зориудаар байрлуулаагүй. Дээр нь шагайг хаяхад дөрвөн бэрх буусан учир миний хувьд их бэлгэдэлтэй байлаа. Хурганы арьс болон шагайг байрлуулахдаа цавуу ч юм уу химийн гаралтай зүйл ашиглаагүй. Оёж тогтоосон. 

 

-Ийм бүтээл хийх санаа хэрхэн төрсөн бэ?

 

-Үзэсгэлэн гаргахаас өмнө би хөдөө явсан юм. Тухайн үед нэг айлд ороход хүүхдээ хурганы арьсанд  өлгийдчихсөн байлаа. Тэр нь уламжлалаас хол байгаа бидний хувьд содон санагдсан. Тэндээс л энэ бүтээлийг хийх санаа төрсөн.

 

-Уран бүтээлээрээ дамжуулан үзэгчдэд юу хэлэхийг зорьдог вэ?

 

-“Есөн” бүтээлээ олон нийтэд зориулж хийж чадаагүй. Учир нь, энэ үзэсгэлэнд олон уран бүтээлчийн бүтээлийг дэлгэсэн болохоор тэднээс ямар нэг талаараа ялгарч байх ёстой гэж бодсон. Би бүтээлээ хөрөнгө мөнгө бодож, хүнд таалагдахын тулд хийгээгүй. Хэн ч хараад ойлгох байгалийн зураг зурж болох л байсан. Гэхдээ олон бүтээлээс монгол гэдэг онцлогийг харуулахын тулд их хичээсэн гэж бодож байна. 

 

-Та бүтээлдээ олон өнгө  ашигладаггүй. Нэг л өнгөөр тоглодог юм шиг санагддаг?

 

-Олон өнгийг нэг дор оруулах зохимжгүй гэж боддог. Орчин үеийн давалгаанд цохигдлоо гээд барууны хэв маягтай уран бүтээл гаргахгүй юмсан гэж хичээдэг. 

 

 

-Солонгост гаргах үзэсгэлэндээ ямар бүтээл дэлгэхээ төлөвлөсөн үү?

 

-Солонгост гурван сарын хугацаанд уран бүтээл хийнэ. Тэр үеэр ямар бүтээлээр үзэсгэлэн гаргахаа одооноос сайн төлөвлөхгүй бол малын толгой, арьс болон шагай тэндээс олдохгүй. Монголоос аваад явъя гэхээр хилээр гаргахгүй байх гэж санаа зовоод л байна. Ямар ч байсан холимог техник, уран зураг хослуулсан үзэсгэлэн гаргая гэсэн төлөвлөгөө бий. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Undram (66.181.160.67)

    2017-07-19

    zyraach Tumenjargalda amjilt hvsii