Мэдээллийн технологийн шилдгүүд өрсөлдөнө

Мэдээллийн технологийн салбарын залуус Монголын тухай мэдээллийг тэр тусмаа гадаадын жуулчдад хэрэгтэй мэдээллүүдийг нэгтгэн боловсруулж мэдээллийн технологийн орчин үеийн бүтээгдэхүүн гаргахаар нэгджээ.

Монголын Мэдээллийн технологийн салбарын зургаан компанийн төлөөллөөс бүрдсэн Мэдээллийн Технологи Хөгжлийн Гарц ТББ-ын гишүүд Монголын тухай мэдээллийг, эхний ээлжинд жуулчдад нэн шаардлагатай байгаа мэдээллийг эмхлэн боловсруулах аж.

Үүний тулд тэд олон улсад Хакатон нэрээр танил болсон залуус баг болон хоорондоо өрсөлддөг тэмцээний хэлбэрийг сонгон авчээ. “Hack UB” нэртэй энэ тэмцээнд 5-7 хүнээс бүрдсэн нийт 10 баг тус бүрдээ дээрх зорилгыг мэдээллийн технологийн вэбсайт аппликэшн зэрэг бүтээгдэхүүн болгож хоорондоо өрсөлдөх гэнэ. Хамгийн сонирхолтой нь дэлхийн хамгийн том онлайн худалдааны сайт Amazon.com-д ажилладаг Монгол залуу А.Лувсаншарав, АйБиЭм компанид программ хангамжийн инеженерээр ажилладаг Б.Нараа, Фэйсбүүк компанид програм хангамжийн инженерээр ажилладаг Э.Хонгор зэрэг олон улсад мэргэжлийн туршлагаараа танигдаж хүлээн зөвшөөрөгдсөн 10 монгол залуу HACK UB тэмцээнд оролцох баг тус бүрт техникийн зөвлөгөө өгч, менторийн үүрэг гүйцэтгэх аж.

Энэ нь дэлхийн томоохон компаниудад ажиллаж стандарт, технологийн трендүүдийг ойлгосон Монгол залуус сурсан мэдсэнээ эх орондоо байгаа залуустаа түгээх чухал боломж юм. Харин багуудын бүтээгдэхүүнийг шүүх шүүгчид нь АНУ-ын Цахиурын Хөндийн технологийн компаниудад 10 гаруй жил ажилласан Сан Франциско хотод мэргэжлээрээ ажиллаж байгаа М.Сувдмаа, Apple компанид ю-экс дизайнераар ажилладаг Б.Тэргэл, Монголд IT-н салбарт ажилладаг Английн иргэн Ихаб нар шүүнэ.

Энэ нь бүхэлдээ Монголынхоо тухай мэдээллийг боловсруулан дэлхий нийтэд хүргэх сайн дурын, ашгийн бус ажил болж мэдээллийн технологийн салбарын монгол болон гадаадад байдаг залуус нэгдсэн томоохон арга хэмжээ болох ажээ.

Гадаадад байгаа зарим менторууд онлайн хэлбэрээр багийнхантайгаа харьцаж зөвлөх юм байна. HACK UB тэмцээн наймдугаар сарын нэгний өдрөөс долооны өдрийн хооронд таван өдөр зохиогдож ялагч нэг багаа тодруулж урамшуулах юм байна. Тэмцээн англи хэл дээр явагдаж, бүтээгдэхүүн англи хэл дээр гарах шалгууртай. Шагналын сан 10,000 америк.доллар. Тэмцээний үр дүнд гадаадын yelp.com, airbnb.com, uber.com зэрэгтэй дүйцэхүйц мэдээллийн технологийн хөгжлийг ашиглан өөрт шаардлагатай мэдээллийг хурдан шуурхай авч болох IT-ийн бүтээгдэхүүнүүд гарна гэж зохион байгуулагчид хүлээж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зочин (66.181.181.23)

    2017-07-26

    Тэнгис кинотеатрын чанх хойно, гал зуух тусдаа 2 өрөө байр түрээслүүлнэ 99041126