Аавын хайр

…Хүү нь хичээлээ таслаад байхаар нь авто засварын газар ажиллуулдаг аав нь “За яахав миний хүү сурах дургүй юм бол хичээлээ орхиод аавынхаа засварын газарт ажиллахаас даа. Маргаашнаас хоёулаа хамт ажилланаа” гэж хэлжээ. Эхнэрийн бэлтгэсэн 2 хүний хоолоо аваад аав хүү 2 ажиллаж гэнэ. Аав тэр ѳдѳр засах машин олон байсан болохоор хүүтэйгээ олон юм ярилгүй ажилладагаараа ажиллаад л байж. Хүүд эхэндээ сонирхолтой ч юм шиг амар ч юм шиг санагдан аавынхаа хэлсэн болгоныг хийнэ. Ѳдѳр тийшээ хүү ч бага зэрэг ядарч, бас ѳлсѳж эхлэв. “Аав аа хоёулаа жаахан амарч хоолоо идэх үү?” Аав ажилдаа улайраад дуугарсангүй ч, урьд ѳдрүүдийн хоолоо иддэг цагтаа л хоолоо идэцгээлээ. Үдээс хойш нилээд их ажиллацгааж, хүү ч ядарч байгаа бололтой. Гэвч аав ажлаа хийнгээ, хааяадаа хүү рүүгээ хяламхийн харна Орой хоолоо идчихээд “гэртээ харих байх” гэж бодсон чинь аав нь үргэлжлүүлэн ажиллаа. Орой болж хүү ядарч байгаа бололтой, дуу нь гарахаа ч болив. Бухимдангүй маягаар хааяа аав руугаа харавч, аав мѳнѳѳх л хэмнэлээрээ хийх ажилдаа хамаг анхаарлаа хандуулах аж. Бүр шѳнѳ болж хүү ямар ч тэнхэлгүй болтлоо ядарч, дотроо хичнээн бухимдавч аавдаа гаргаж үл зүрхэлнэ. Аав ажлаа дуусгаад хартал хүү ямар ч тэнхэлгүй газар шагайн сууна. Газар шагайн гуниглан суух хүүдээ аав нь “Миний хүү аав нь ингэж ажиллаж л ѳѳрсдийнхѳѳ амжиргаа болон чиний сургалтын зардлыг тѳлдѳг юм шүү дээ. Тэгэхээр чиний хувьд хичээлээ сайн хийгээд чадварлаг мэргэжилтэн болох, эс бол аавынхаа засварын газрыг ѳвлѳж аваад над шиг ажиллах хоёрхон сонголт байгаа юм шүү “хэмээн намуухан дуугаар хэлэв. Тэр цагаас хүү хичээлээ таслахаа больсон гэдэг. Энэ түүхийг миний нэг танил надад хүүрнэсэн юм.

 

Чамайг тѳрж байхад чинь цээжний нь чанадаас гэнэт хѳѳрѳн хоолой зангируулан хамрын угт шархирах эмнэг мэдрэмжээ тогтоон аргамжиж, аадрын дуслууд шиг юу юугүй асгарах нулимсаа аньсага дээрээ тогтоон чѳдѳрлѳж, уртаар санаа алдан баяртайгаар мушилзсан тэр хүнийг ААВ гэдэг юм. Чамайг гүйж яваад бүдэрч унахад чинь сэтгэл дотроо уулга алдан тэвдэж, зүрхэндээ ёолж уйлах хэрнээ “Зүгээрээ миний хүү ѳвдѳѳгүй биз дээ? Ѳѳрѳѳ босчих оо” хэмээн хээв нэг тайван хэлж чаддаг хүнийг ААВ гэдэг юм. Чамайг хэн нэгэнтэй муудалцан байдаг чадлаараа уйлж бархирч ирэхэд тань, чамайг ѳмѳѳрѳн арслан бар шиг архирах хилэнгээ зангидсан гарандаа нуун атгаж, чиний урсах нулимсын тоогоор зурхнээс урсах цусны дуслуудыг тогтоон байж “Миний хүүгийн буруу шүү дээ, бусадтай битгий муудалцаж бай” хэмээн хоолойгоо сааралтуулан байж аргаддаг хүнийг ААВ гэдэг юм. Чиний гаргасан алдаа бүхний тоогоор үсэнд нь буурал сор сууж, чиний тэнэглэл бүрийн тоогоор нүүрэнд нь үрчлээ нэмж, чамд тохиолдох зовлон бүрийн хэмжээгээр сэтгэл нь сэмэрч урагдан нуруу нь бѳгтийх хэрнээ, чиний духан дээр зѳѳлхѳн үнсэж хацрыг тань илбэхдээ ч, цээжиндээ наан тэвэрч санаа алдах мѳчдѳѳ ч, чиний хайрыг ѳѳрийнхѳѳ хайранд уусган сүлэхдээ ч энэ бүхнийг мартан цайруулдаг хүнийг ААВ гэдэг юм.

 

Ээж хүн хүүхдээ ѳѳртѳѳ ил хайрладаг бол эцэг хүн хүүхдээ ѳѳрѳѳсѳѳ нууж хайрладаг. Жаргал үрийг нь эвдчих вий гэсэндээ хатуурхаж хайрладаг бол зовлон үрийг нь булаачих вий гэсэндээ аргадаж хайрладаг. Хичнээн ихээр урсах хѳлс үрийг минь хиртээчих вий хэмээн арчдаг, хичнээн муу үйлс үрийг минь сэвтээчих вий хэмээн айдаг, хичнээн их шаналан зовоочих вий хэмээн нуудаг, хичнээн их жаргал үрийг минь эвдчих вий хэмээн хязгаарладаг нь эцэг хүн. Бид ээж уулын нѳмѳрт эрхлэн жаргаж, аав уулын түшигт амар амгалан амьдрахдаа олон ч зүйлийг анзаардаггүй. Хүүхдүүдийнхээ тѳлѳѳ элсэн бие, шаналсан зүрхийг тэгтлээ анзаардаггүй. Хүүхдүүдийнхээ тѳлѳѳ золиосолсон цаг хугацаа, нууж урсгасан нулимсыг тоодоггүй. Чи ѳѳрийгѳѳ аавдаа ямар их үнэ цэнэтэйг мэддэг хэрнээ, аав тань чамд түүнээс ч илүү үнэ цэнэтэйг одоо хэр нь мэддэггүй. Чи ѳѳрѳѳ үртэй болж аав болохдоо л аавынхаа хайрын шивнээг сонсож эхэлдэг. Чи ѳѳрѳѳ үртэй болж аав болохдоо зүрхэн дотроо нууж чадсан тэр их хайрын хэмжээг мэдэрч эхэлдэг. Чи ѳѳрѳѳ үртэй болж аав болохдоо ямар аугаа уудам сэтгэл дотор ѳѳрѳѳ оршиж байснаа ойлгоно. Нэг л ѳдѳр нүүгээд холдсон үүлсийн араас санаа алдан зогсохгүйн тулд ААВЫГАА одоо л ХАЙРЛА.

 

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Irgen (89.24.97.72)

    2017-07-26

    Tiimee.