Ж.Эрдэнэбат: Засгийн газарт хууль зөрчих, цаг алдах эрхгүй

 

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр УИХ дахь АН-ын бүлгийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. УИХ-ын гишүүн, бүлгийн дэд дарга  Ж.Батзандан бүлгийн шийдвэрээ танилцуулав.

Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгож эхэлсэн нь ОУВС-гийн хөтөлбөрийг зөрчиж, тэд татгалзаж байгаа эсэхийг тодруулах, мөн 2017 оны улсын төсвийн  тодотголыг УИХ-д өргөн барих, өвөлжилтийн бэлтгэлийг хэрхэн хангаж байгаа талаар УИХ-д мэдээлэл хийхийг АН-ын бүлэг Монгол Улсын Ерөнхий сайдаас шаарджээ. 

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОУВС-гийн ажлын хэсэг саяхан ирж ажиллаад “хөтөлбөр ажилттай хэрэгжиж, эдийн засгийн суурь үзүүлэлтүүд өсөлттэй гарч байгааг, хөтөлбөрийн хүрээнд эхний шатанд төлөвлөсөн эерэг үр дүн гарч байна гэж дүгнэсэн” зэргийг танилцууллаа. Хүүхдийн мөнгө олголт дээр ОУВС, Монгол Улсын Засгийн газар хоёрын дунд ямар нэгэн зөрчил, ойлголтын зөрүү байхгүйг, эдийн засгийн өсөлт, давсан орлогоороо ямар санхүүжилт хийх нь  Засгийн газрын бүрэн эрх гэдгийг ОУВС-гийхан маш сайн ойлгож байгааг Ерөнхий сайд онцоллоо.  Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүсчилсэн байдлаар хангаж байгаа бөгөөд шаардлагатай бол салбарын сайд нар АН-ын бүлэгт мэдээлэл өгөхөд бэлэн гэв.

Хэрвээ хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох гэж байгаа бол заавал төсөвт тодотгол хийх ёстой, та бүхэн өмнөх Засгийн газруудын алдааг давтаж болохгүй гэж УИХ-ын гишүүн Ж.Батзандан нэмж хэллээ. 

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Та бүхний шаардлагыг Засгийн газар алдаа гаргачих вий гэсэн болгоомжлол гэж ойлгож, хүндэтгэж байна. Засгийн газарт хууль зөрчих, цаг алдах эрх байхгүй. Ялангуяа та бүхний шаардлагад дурдсанчлан өвөлжилт хүндэрч болзошгүй төлөвтэй энэ цаг үед биднээс илүү эрчтэй ажиллахыг шаардаж байна” гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)