Mobile хувилбар

Дэлтэй шувуу морь эрдэнэ

2017 оны 8 сарын 9

 Наран мандах зүгээс наран жаргах чигт хүртэл хүн төрөлхтөн холын аяныг хүлгийн хурдаар эвхэж, хорвоогийн гайхамшгийг агтын нуруун дээр бүтээсэн байдаг.

 Эрт цагт Хүннүчүүд тахийг гаршуулж, том гүрнийг цогцлоон байгуулах их үйлийг бүтээсэн байдаг.  Америк, Европчууд ч адууг гэршүүлэн төр гүрнээ хүчирхэгжүүлж байсан түүх тэмдэглэл бий.

 

 

Дэлхийн дайлан дагуулагчид түүхийн жолоог залж явахдаа “Хүний итгэл, морины зүтгэл”-ийг маш сайн тэгнүүлэн бадруулж явсан нь гайхалтай. Морь нь хүн төрөлхтний “Уналагын дээд” болж, адуу малаа хариулах, ан гөрөө хийх, айл саахалтаа эргэх, аян дайнд морьдох зэрэг аль бүхэнд гавьяа зүтгэлтэй.

Урт удаан жилийн нүүдэл соёлын явцад хүмүүс адууны ерөнхий шинж, галбир зүсэм, бие цогц, зан араншин, үйлдэл чадвар зэргийг нарийн шинжиж, нарийн тодорхой нэрийдсэн бөгөөд арчилж маллах, ашиг шимийг нь ашиглах, морийг сэтэрлэж шүтэх, морь шинжих, морь уургалах, эмнэг сургах, морины эдлэл хэрэгсэл үйлдэх ба морин уралдааны ёс горим, унаачийн хувцас засал гэх зэрэг олон тал дээр өв зузаан соёлыг үүдсэн билээ.

Судалгаанд үндэслэвэл, монгол ардын аман зохиолын төрөл зүйлд үндсэн зүс 30 шахам, зүс тодруулан чимэх үгс 400 гаруй бий.  Эдгээр нь мөн морины зүстэй шууд холбоотой байдаг. Монголчууд морийг зүсэлж нэрлэхдээ хээр, зээрд, хар, халтар, бор, саарал, хул, шарга, халзан, борлог, цавьдар, халиун гэх зэргээр 300 гаруй зүсэм ялган хэлдэг. Явдлаар нь алхаа, сайвар, шогшоо, жороо, хатираа, давхиа зэрэг хэдэн арван янзаар ялган нэрлэдэг. Нас, шүдээр нь унага, даага, шүдлэн, соёолон, хязаалан гэх зэргээр олон зүйлээр нэрлэн ангилдаг.

“Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа”, “Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа”, “Агтын сайныг унан байж мэднэ, андын сайныг ханилан байж танина”, “Аавын бийд хүнтэй уулз, агтын бийд газар үз”, “Ил газар морио уя, итгэсэн хүнд үгээ хэл” гэгчлэн морьтой холбож хэлсэн монгол ардын зүйр цэцэн үг маш олон байдаг.

 

 

Ганган эрдэнийн толгойтой, ган дөрвөн туурайтай, гарихан хоёр нүдтэй гэж морио шүлэглэн дуулж, мориныхоо алдар гавьяа, ач тусыг зүрхэндээ мөнхлөн сийлдэг нь монголчуудын эртнээс уламжилсан соёл араншин юм.

Өмнө нь хөдөө нутгийн аль нэгэн малчин айлаар орсон ч хаяа дэрлүүлэн тавьсан эмээл хазаар, ногт цулбуурыг олж хардаг. “Хүн өмсгөлөөр, морь эмээлээр” гэдэгчлэн нүүдэлчдийн үүдсэн морины эдлэл хэрэгсэл олон бөгөөд ганц эмээлээр ярихад бүтэц бүрэлдлийн тал дээр бүүрэг, дөрөө, ганзага, гөлөм, тохом, жирэм гээд 20 гаруй зүйлийн нэрийдэлтэй байж, урчуудын гарын урныг гайхуулсан байдаг.

Морь аль ч амьтнаас илүү нутгархаг, газарч байдгаараа гайхагддаг. Домгийн эрт цагт Чингисийн хоёр загал Хэнтий хан Бурхан халдунаас өвсний соргог, усны тунгалгийг даган явсаар өвст талаар ирж, Улгай голын урсгалаас ундлан Цавчрын бэлчээрт дассан боловч эх нутаг, элгэн саднаа санагалзаж, эцэстээ буцаж ирсэн гэдэг.

 

 

Унаганаасаа хол явсан ч унасан нутагтаа эргээд ирдэг, унасан эзэндээ үнэнч, унаа хөллөгөөнд даацтай, хол замд тэсвэртэй байдаг монгол морины эрхэм нандин зан чанар нь монголчууд төдийгүй бүх хүн төрөлхтөнд нөлөөлж, дэлхийн соёлын баян санд туг тэмдэг болон гялалзсан юм.

Огторгуйг хэмжсэн уургын минь үзүүр

Орчлонг хэмжсэн унагын минь туурай

Адуундаа гэвэл хүлгийн тоосонд булагдахгүй

Аатаандаа гэвэл хүний тоосонд дарагдахгүй.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Сэтгэгдлийг ачааллаж байна ...