Янгирын эвэрт ямаа эрдэнэ

Буурал эмээгээ бас л зүүдэлчихлээ …

 

 

        Алтан хайрханы оройд тэхийн эврээ данхайлган зогсох нь яг л аршийн орны хүлэг шиг сүр жавхаатай харагдана. Арван хоёр үет эвэртэй тэх ар газарт зуун жилд нэг илэрдэг юм гэнэ. Ахиад хөндөж болшгүй дархан сүр тэндээс босоо шуугддаг юм гэнэ. Үхэхдээ хүртэл эвэртээ хөтлөгдөн өндөр оргилоос босоогоороо нөгчдөг юм гэнэ. Яг л ёсоороо хальж дээ. Хөөрхий, хөөрхий …

Байгаль, хүн, амьтны зайд болж өнгөрсөн домог шиг үнэн хийгээд амьтан, хүний тухай ижилсэл, агуу хайр юу бүхэн нь нүүдэл ахуйг бүтээв үү. Эцсийн амьсгаагаа хураахаас өмнө тэхийн хоёр нүд үг хэлж, ар хойно хоцорсон сүргийнхээ мэндийг анчин өвөөгөөс гуйв гэнэ. Бурхан бөхийх энэ үгэнд буурал долоод мэхийв гэнэ. Анчин өвөөг бишрэл түрэн сүрэг янгирыг хамгаалав гэнэ. Нэг л мэдэхэд ямаа гаршиж гэрийн тэжээвэр болоод 6000 - 7000 жилийн урт түүхтэй болсон гэж хууч судлалаар баталсан юм.

Буурал эмээ намайг бага байхад дандаа янгир ямааны тухай хуучилж суудаг байсан билээ …

 

 

Ямаа түйтгэр гэж хэлдэг ч хот хорооноос гаргавал сүргээ дагуулаад гардаг нь бүр ч амар, харин салхи шуурганаар цааш уруудах юм биш биз гэж буурал эмээтэйгээ хамт сүргээсээ холдохгүй сүүлдэж л байдаг. Ишиг хургатай тоглон элсээр нь бургасан морьтой явж байсан бага нас гэж гоё доо.

Хүн төрөлхтний эртний сонгодог нүүдэл монголын өндөрлөгийн зүрхэн дээрээс эхэлж хөдөлсөн гэдэг юм. Тэх -  янгир - ямаа, түүхийн өргөн зайд дэлхийн зоог тэнийтэл нь нүүгээд байв. Он цагийн урт замналд ац туурайтан ямаа монголчуудтай амь заяагаа холбон таван хошуу малын нэг төрөлд багтан хэдэн мянган жилийн туршид үйлдвэрлэл амьдралын чухал бүрэлдэхүүн хэсэг болж ашиг шимээр хангасаар ирсэн амьд эрдэнэ болсон байна. Хөл хөнгөн, авирч харайхдаа дадамгай зэрэг зан араншингаас нь болж, хонин сүрэгт зохих харьцал эзлүүлэн маллаж, сүрэг дагуулах чадалтай, сүргийн түрүү болгодог юм.

 

 

Наран буман мянган алтан утсаараа тэнгэрийн хойд хаяаг шаглалаа. Буурал эмээ бид хоёулаа сүргээ эргүүлэн явахад ямаан сүрэг тоос татуулан гүйлдэнэ.

Ордос хотын ямааны ноолуур, Арвасын ямааны мах, Алшаа цагаан ямааны сүү … алтан дэлхийд алдартай. Урт хугацааны байгалийн шилэлтээр дамжин хоёр богдын цагаан ямаа, Арвасын цагаан ямаа, Үзэмчин цагаан ямаа, Алшаа цагаан ямаа, Хан уулын цагаан ямаа зэрэг нутгийн үүлдэр байгаль нутагтайгаа ижилсэн, нүүдэл соёл ахуйн чухал бүрэлдэхүүн болж, малын арьс шир, яс, мах, сүү, эвэр туурайд нь хүртэл боловсруулж хэрэглэдэг болж, нэг мэдэхэд үйлдвэрлэл амьдралын чухал бүрэлдэхүүн болсон билээ.

Эх байгальд эв нэгдэлтэй оршин амьдарч ирсэн нандин сайхан зан горимтой, байгаль дэлхийтэйгээ нөхөрсөг үндэстнийг боловсон үндэстэн л гэж хэлэх байх. Тэнгэр аав, газар эх гэж ярьдаг нь арга билиг ухаан билээ. Арга билгийн нийлэлт бол амь үүсэхийн үндэс сурвалж гэж ухаарна Тэгэхээр харин ямаа нь байгалийг сонгож, хүн нь ямааг сонгосон юм.

 

 

 

“Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй”.

Бараан цайгаа самрах гээд барьсан тавьснаа алдсан буурал эмээгийн минь гуулин шанага сүү үгүйлж жив сууна. Хүн байгаль өрсөлдөж ямаа түүний эзэн малчин хоёр, зүрхэндээ нулимстай. Тэх хилэгнэв, ямаан сүргээ хураах зарлиг буулгав. Малчин ямаагаа алдаж эзгүйрэв, ямаа буцахад тэжээж өсгөсөн нутаг орон нь энгэр дүүрэн нулимстай. Юм бүхний буруушаал, тоосго мэт хатуухан зэмлэлийн аль аль нь ч ар араас нь буув.

Зүгээр нэг шагай хаяад цайгаа ууж суухад зөв буруу хоёр талд нь зөн билэг дүүрэн байдаг. Зүгээр нэг цайгаа оочиход шагайгаа орхиод босоход зүүн, баруун хоёр талд нь зовлон гуниг дүүрэн байжээ. “Ямаанд ямар ял байх вэ, ялд унаж явсан ч ямаагүй бол таван хошуу мал, дугариг соёл байж чадахгүй, ямаа байхгүй бол нүүдэл ахуйг өгүүлж чадахгүй юм” гэж эмээ минь уртаас урт шүүрс алдана. Хот хорооноос эхлэн дов толгод, өвс ургамал хүртэл нэг л царай алдаад явчих шиг санагдах юм.

Гэрэл сүүдэр алагладаг гэдэг юм. Ямааны цаана түүх зүүрмэглэж, түүх эмзэглэж, хатуу сургамжаас нь түүх аниртаж, аль нэг элс, алаг чулуу, бут бургаснаас түүх ханхалж буй гэдгийг хэн ч үгүйсгэж эс чадна.

Гэхдээ он цагийн орчлоор ямаа зүүд шиг зөнгийн холоос нүүнэ. Чөлөө завгүй сүүл годгонуулж, цаг хөггүй сахал хийсгэн, зуун зууны эхээс сүргийн тэргүүнд тэргүүлж харагддаг, хол холын ууланд сэлмэн эвэр нь омог зоригийг нь хөвчлүүлдэг. Ямаа сүргээ дагуулна, хэдий чинээ том эвэртэй бол, төдий чинээ сүрэгтэй болно. Сэрийсэн хоёр эвэртээ амь заяагаа тэнцүүлэв, чихээ хөдөлгөж чимээгүй тэнцүүлэв, биеэ шилгээж бүгдийг тэнцүүлэв.

 

 

Ямааны сүү, мах сэрүүн чанартай, биед сайн, манайхны ямаан ноолуур дэлхийд гарч, дэлхийд алдартай тансаг хэрэглээнд материал хангадаг гэнэ, Ордос дэлхийн хэмжээний ноолуурын хотыг байгуулж эхэлсэн …

Тэнэгэр нутаг бодолд дулаахан шаргалтаж, ямаан сүрэг буцан буцан майлна. Нүүдлийн чарга үл мэдэгдэм үзэгдэх шиг. Нутаг тэлэх, хаяа тэлэх, хараа тэлэх гэдэг нүүдэлчин монголын соёлын араншин. Ямааны түүх үргэлжилсээр байна, гэхдээ энэ нь хаваржаанаас зуслан руу, хангайгаас говь руу очих шиг амар биш, харин соёл, аж үйлдвэрлэл рүү хөвөрч байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)