Mobile хувилбар

Тэнгэрийн амьтан тэмээ эрдэнэ

2017 оны 8 сарын 9

Домог ба үнэний хооронд дурсагдаж дуулагдаж ирсэн тэмээг судалгааны бичигт сээртний аймгийн хөхтөний ангийн туурайтны багийн тавагтны дэд багт харьяалагддаг хэмээн тэмдэглэж байдаг.

 

 

  Эртний амьд бодисын судлал ба газар шинжилгээний чулуужмалын судлалд үндэслэвэл одоогоос 35-аас 50 сая жилийн өмнө Умард Америк тивийн нэгэн туулайн чинээ биетэй зөөлөн тавагт амьтнаас гаралтай. Галав ертөнц, байгаль ахуйн хувиралт дунд энэхүү туулайн чинээ биетэй “Анхны зөөлөн тавагт амьтан” улиран хувирсаар байж, одоогийн “Уулын чинээ” аварга том биет амьтан боллоо гэдэг. Түүхийн сурвалж бичиг, чулуужмал, хадан зураг зэргээс шинжвэл хүн төрөлхтөн тэмээг номхотгон гаршуулж, дасган гэршүүлсэн нь нийтийн он тооллын 3000-аас 4000 жилийн өмнөх л явдал байсан төлөвтэй.

Тэмээ голдуу Өмнөд Америк тив, Африк тив, Ази тивийн говь нутаг жар сүрэглэн амьдардаг. Хятад улсад хос бүгд тэмээ голдуу Өвөр монгол, Гансүү, Хөхнуур, Шинжаан зэрэг муж орноор тархаж, улсын дотоодод Өвөр монголын тэмээний тоо толгой хамгаас олон. Монголчууд тэмээг “тэнгэрийн амьтан” хэмээн чимэглэн нарладаг.

Уугаад гарвал бэлчээрээ чимдэг, усандаа байвал сүргээ чимдэг, уяандаа байвал хотоо чимдэг, унаад гарвал эзнээ чимдэг тэмээ гэгч амьтан арван хоёр жилд суудал авч чадаагүй ч арван хоёр жилийн шинжийг нэг биедээ багтаасан гайхамшигт амьтан ганц тэр билээ. “Тэмээтэй нутаг тайван, тэмээтэй айл тансаг”, “Гаднаа тэмээтэй айл өвөлдөө дулаахан”, “Тэмээн дээрээс нар ойрхон, тэргэл говиос хүсэл саруулхан” хэмээн ярьдаг.

Тэмээгүйгээр говь нутгийн хараа алдам тэнүүнийг яаж сонирхохсон бол⁈ Тэмээгүйгээр говийн малчны дэлхий эргэм тайвууханыг юутай зүйрлэхсэн бол⁈ Тэнгэр газар хоёрын дунд амьтан байгаль бүтэхдээ тэмээ говь хоёрыг ижилшүүлэн тогтнуулсан нь юутай гайхамшиг.

“Загийн цэнхэр говьдоо

Задгай зэрэглээн нялхарна

Заяан дураараа бэлчих

Зүс нь хүрэн тэмээд минь гэж нутаг тэмээ хоёроороо бахархсан тэмээчин хүний сэтгэлийн дуу аяндаа ивэлнэ.

Тэмээ тэмдэглэх, зүслэх, нэрлэх, гаршуулах, тэмээ сургах, ингэ саах, тайлаг адлах, буур сонгох, аян тээвэр хийх, тэмээ уралдах, тэмээ сэтэрлэх … зэрэг маш олон нарийн ялгалтай, нууцгай зүйтэй зан үйл бий болж уламжлагдан ирсэн төдийгүй тэмээний эдлэл тоног хийх ба түүний хэрэглээний ёс заншлууд нь бүхий л монголчуудын нүүдэл мал аж ахуйн зан соёлын цар хүрээг дэлхий гайхтал тэлэх билээ.

“Элсэн цөлийн хөлөг” гэгдсэн тэмээ говийн малчинд л хүчээ өгсөн төдийгүй бүхий л хүн төрөлхтөнд ч хэлж дуусашгүй, хэмжээлж чадашгүй ач тусаа үзүүлсээр байгаа юм. Өчигдөр тэмээн жингийн цуваа айл хотны хоорондох ус түлээний тээврээс Ази, Европын хаалттай үүдийг нээж, хүн төрөлхтний бодисын гүйлгээ ба соёлын солилцоонд мөнх сийлэгдсэн алдарт торгоны замыг нээлээ. Өнөөдөр тив дэлхий хөгжиж, тэмээн жингийн бараа тасран арилсан ч эртний торгоны замаар “Нэг бүс нэг зам”-ын жингийн дуун дахин жингэнэж холын холд сонордон хорвоо дэлхийн хамтын хөгжлийн эрчит дууг цуурайтуулна.

 

 

Зулай дээрээ зоосон хуартай

Зогдор дотроо ноосон хуартай

Эрүү дотроо эрдэний хуартай

Өвдөг дотроо мөнгөн хуартай …

Говийн монголчууд тэмээг зөвхөн унаж эдэлсэн төдий биш, харин ингэж урлагаар учирлан таньсан нь гайхалтай. Есөн есийг эрхэмлэдэг монголчуудын найр наадмын есөн ес наян нэгийн бэлгийн түрүүнд мөнгөн буйлтай цагаан тэмээ уул шиг сүртэй зогсоход урсам цалхим “Буурын магтаал” чихнээ юутай сонсголонтой билээ, цээжнээ юутай омголон билээ.

Хөх тэнгэр одон мичдээрээ бахархдаг шиг, хөрст дэлхий амьтан ургамлаараа бахархдаг шиг, тэргэл говийн малчин хүн тэмээгээрээ бахархдаг.

 

 

Тэмээ - Галбын говиор нүүсэн тэнгэрийн цагаан ботго, газар хотойтол тэшүүлсэн элсэн цөлийн хөлөг, нүүдлийн тоосонд цохилсон говийн улаан зүрх, нүүдэлчин удмын өвлөсөн малчин заяаны хишиг. Тэмээтэйгээ байсан цагт тэргэл говь уянгаар дутахгүй, тэмээтэйгээ байсан цагт тэнгэрлэг тавилан жаргалаар хомсдохгүй …

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Сэтгэгдлийг ачааллаж байна ...