Mobile хувилбар

Эдийн засагчид ямар хэрэгтэй вэ?

2017 оны 8 сарын 11

 

Эдийн засагчид яг ямар хэрэгтэй вэ гэдэг талаар Нобелийн шагналт эдийн засагч Роберт Шилерийн бичсэн нийтлэлийг орчуулж хүргэж байна.

 

2007-09 оны дэлхийн санхүүгийн хямралаас хойш эдийн засагчдыг их хурц шүүмжлэх болсон. Нөлөө нь одоо хүртэл үргэлжилсээр байгаа тэрхүү явдлыг ихэнх эдийн засагчид урьдчилж харж чадаагүй. Энэ нь олон хүнийг эдийн засгийн мэргэжил нийгэмд ямар нэг чухал хувь нэмэр оруулдаг эсэхэд эргэлзэхэд хүргэсэн. Хүмүүсийн сайн сайхан амьдралд онцгой нөлөөтэй ийм зүйлийг л прогноз хийхгүй юм бол эдийн засагчид ер нь ямар хэрэгтэй юм бэ?

Нээрээ ч эдийн засагчид 1920-21 оны уналт, 1980-82 оны дараалсан рецесс, 1929 оны хувьцааны зах зээлийн уналтыг залгасан их хямрал гэх мэт түүхэн дэх ихэнх том хямралуудыг прогноз хийж чадаагүй. Эдгээр хямралуудын өмнөх жилийн архивын мэдээнээс хайж үзэхэд хүчтэй хямрал ирж буйг анхааруулсан эдийн засагч байсангүй. Харин, нэлээд өөдрөг хандлага давамгайлсан улстөрч, бизнесийнхний үзэл бодлыг сонинууд түлхүү түгээж байж.

Жинхэнэ анхааруулга гэж хэлэхэд хамгийн ойрхон зүйл 1980-82 оны уналтын өмнө л гарч иржээ. 1979 онд Холбооны Нөөцийн Банкны тэргүүн Пол Волкер эдийн засгийн таагүй нөхцөл байдалтай АНУ тулгараад байгааг хэлээд хэцүү шийдвэр, хязгаарлалт, бүр золиос ч хийх хэрэгтэй байгааг анхааруулж байв. 1979 оны газрын тосны хямралын үр нѳлѳѳ арилаагүй байхад ѳндөр инфляцитай тэмцэхийн тулд хийгдэх огцом алхам нэмэгдэхээр ноцтой рецесс үүсэхээр байж.

Гэлээ ч өнгөрсөн зуунд хямрал ойртох болгонд эдийн засагчид арай өөр байр суурь илэрхийлж байв. Миний олж мэдснээр Жон Кейнз, Фредрик Хайк эсвэл Ирвинг Фишер мэтийн одууд хүртэл Их хямрал ирж буй талаар олон нийтэд хандсан зүйл яриагүй байдаг.

Түүхч Дуглас Ирвиний баримтжуулснаар бол Шведийн эдийн засагч Густав Кассел л ганц сондгой тохиолдол байв. Тэрээр 1928 онд Колумбийн их сургууль дээр тавьсан цуврал лекцүүддээ дэлхийг хамрах үргэлжилсэн эдийн засгийн уналт болохыг анхааруулж байжээ. Гэхдээ түүний онолын талдаа яриа нь (мөнгөний онол болон алтан стандартад төвлөрсөн) эдийн засагчдын дунд нэгдсэн шинэ байр суурийг бий болгоогүй ба сонин медиа ч тодорхой сэрэмжлүүлэх мэдээлэл хүргээгүй юм. Сонирхолтой нь, тухайн үеийн мэдээн дунд 1929 оны сүйрлийн дараа олон нийтийн зүгээс эдийн засагчдад уур бухимдлаа илэрхийлсэн баримт бараг байсангүй. Тэгвэл яагаад сүүлийн (2008 оны) хямралыг урьдчилж харж чадаагүй нь эдийн засгийн мэргэжлийнхний талаарх хандлагыг ингэж ѳѳрчлѳв? Эдийн засагчдад үл итгэх байдал урьд нь алдахад нь байгаагүй хэрнээ яагаад гэнэт ихээр бий болов?

Нэг шалтгаан нь олон эдийн засагчдын их л маадгараар сурталчилж байсан нѳгѳѳ үр ашигтай зах зээл нь хувьцаа, хөрөнгийн үнийн уналтыг үүсгэсэн гол зүйл байснаас болсон байж магад. Зах зээл үргэлж хамгийн сайн мэдэж байдаг гэж тэд итгэцгээн хувьцаа ба байрны үнийн хөөрөгдлийн талаарх зарим нэгний (миний ч бас) анхааруулгыг үл ойшоосон. Ингээд аль алиных нь үнэ огцом унахад эдийн засагчийн нэр хүндэд шууд цохилт болсон юм.

Гэхдээ үүнээс болж эдийн засагчид ямар хэрэгтэй юм гэж шүүмжлэх нь шударга бус хэрэг. Бид эмч нарыг бүх өвчнийг маань урьдчилж мэдсэнгүй гэж буруутгадаггүй. Бие муудах нь гэнэтийн тохиолдол байх нь их бѳгѳѳд эмч нар ирэх жил бид ямар өвчин тусахыг хэлж мэддэггүй, өвдлѳѳ ч бүх өвчнийг анагаадаггүй. Гэсэн ч эмч нарын үзүүлдэг тус биднийг баяртай л байлгадаг. Ихэнх эдийн засагчид болохоор хувьцааны зах зээл эсвэл ажилгүйдлийн түвшний төлөв байдлыг тодорхойлохоос нэлээд ѳѳр зүйлд гол чармайлтаа зарцуулдаг. Тиймээс бид хийсэн зүйлд нь л талархалтай байх хэрэгтэй юм.

“Триллион долларын эдийн засагчид” (Trillion Dollar Economists) номондоо Брүкингс Институтийн Роберт Литан эдийн засгийн мэргэжил триллион долларын орлого, эд баялгийг АНУ болон дэлхийн бусад орнуудад авчирсан тухай бичдэг. Энгийн тооцоо хийгээд үзэхэд л харьцангуй жижиг мэргэжлийн хувьд энэ нь дажгүй хувь нэмэр шиг сонсогдоно. Жишээ нь , 20 мянган гишүүнтэй Америкийн Эдийн засгийн Холбоо (би ерөнхийлөгчөөр нь ажиллаж буй) 2 триллион долларын орлого, эд баялгийг бий болгосон гэж үзвэл, энэ нь хүний 100 сая доллар болно.

Тэгвэл эдийн засагчид тийм л ухаантай юм бол яагаад хамгийн баян хүмүүс биш байна гэж асуух байх. Хариулт нь их энгийн: Эдийн засгийн ихэнх санаанууд патент авдаггүй нийтийн бараа эсвэл зохиогч нь л ѳѳрѳѳ эзэмшдэг зүйл байдаг. Тэгэхээр эдийн засагчид ѳѳрсдѳѳ баян биш байлаа ч тэдний санаа бусад олон хүмүүсийг баян болгохгүй гэсэн үг биш юм.

Бизнесээ хэрхэн удирдах эсвэл эдийн засгаа хэрхэн авч явах талаар олон ухаалаг санааг багтаасан нь Литаны номны сонирхолтой тал нь. Эдгээр дотор үнийг оновчтой болгох, маркетингийн механизм, монополийн зохицуулалт, байгалийн баялгийн удирдлага, нийтийн барааны түгээлт, санхүү гэсэн олон салбарыг хамарсан санаанууд бий. Аль нь ч триллион долларын үнэ хүрэхгүй ч, бүгдийг нь нийлүүлвэл Литаны дүгнэлт үнэмшилтэй байж болохоор.

2010 онд гарсан “Эдийн засгийн ухаанаар амьдралаа сайжруулах нь” (Better Living through Economics) номонд болохоор CO2 ялгаруулах эрхийн наймаа, орлогын татварын буцаалт, худалдааны тарифийн хөнгөлөлт, ажил эрхлэлтийг дэмжих халамжийн програм, илүү үр дүнтэй мѳнгөний бодлого, эфирээр шууд дамжуулах эрхийн дуудлага худалдаа, тээврийн салбарын зохицуулалт, монополийн эсрэг сайжруулсан бодлого, сайн дурын цэрэг, тэтгэврийн хадгаламжийг нэмэгдүүлэх дефолт опцион гэх мэт шинэ зүйлсийн бодит ертөнцөд үзүүлэх нөлөөг онцолдог.

Тэгвэл эдгээр номуудад тайлбарласан инновациудаас харахад эдийн засгийн мэргэжил их хэмжээний, маш үнэ цэнэтэй ажлуудыг бий болгосон нь харагдана. Тэр ажлуудыг нэлээд нухацтай зүтгэл чармайлтын үр дүнд гарч ирсэн онцгой баримт нотолгоонууд тодорхойлно. Тийм ээ, ихэнх эдийн засагчид санхүүгийн хямралуудыг урьдчилан тааж чаддаггүй--яг л эмч нар өвчнийг урьдчилж мэддэггүй шиг. Гэхдээ тэд яг л эмч нар шиг амьдралыг илэрхий сайжруулсан гэж хэлж болно.

Эх сурвалж: Монгол банк

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Сэтгэгдлийг ачааллаж байна ...