М.Энхболд: Монгол Улс Булангийн орнуудын хооронд үүссэн асуудлыг энхийн замаар шийдвэрлэхэд зуучийн үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна

 

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд Катар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Султан Аль-Мансуриг хүлээн авч уулзлаа.

УИХ-ын дарга ноён Элчин сайдтай уулзаж байгаадаа баяртай байгаагаа уулзалтын эхэнд тэмдэглээд, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж, өндөр дээд түвшний харилцан айлчлал тогтмолжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн Катар Улс манай батлан хамгаалах, хуулийн салбарын ажилтнууд болон төрийн албан хаагчдыг сургахад онцгой анхаарч байгаад талархал дэвшүүлэв. Тэрбээр “Монгол Улс Катар Улстай найрсаг харилцаатай. Хоёр талын хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэх сайхан боломж бий. Парламент хоорондын хамтын ажиллагааны эхлэл тавигдсан. Худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд парламентуудын хамтын ажиллагаа чухал нөлөөтэй. Тиймээс хууль тогтоох байгууллагуудын харилцааг өргөжүүлэхийн төлөө байна” гээд 2008 онд Катарын нийслэл Доха хотноо болсон НҮБ-аас зохион байгуулсан улс орнуудын хөгжлийн асуудлаарх олон улсын хуралд оролцохдоо Катарын Эрхэм дээд Эмир, Засгийн газрын тэргүүнтэй уулзаж, санал солилцож байснаа дурсан санахад таатай байна гэлээ.

Ноён Элчин сайд Султан Аль-Мансури хүлээн авч уулзаж буйд нь УИХ-ын дарга М.Энхболдод талархал илэрхийлээд, Катарын хууль тогтоох байгууллага Зөвлөлдөх Зөвлөлийн дарга Мохамед Бин Мубарак Аль-Хулейфигийн мэндчилгээг УИХ-ын дарга М.Энхболдод гардуулан өгөв. Түүнчлэн Катар Улсад айлчлахыг урилаа.

Тэрбээр “Манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоод 19 жил болжээ. Энэ хугацаанд харилцаа сайн хөгжиж байна. Хамтын ажиллагаагаа улам өргөн хүрээнд, илүү идэвхтэй хөгжүүлэх ёстой гэж бид үздэг. Өчигдөр би Монгол Улсын Ерөнхийлөгч, Гадаад харилцааны сайд, Батлан хамгаалахын сайд нартай уулзаж, санал солилцлоо. Монгол дахь Катарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн төлөө би ажиллах болно. Хоёр орны Засгийн газар хооронд байгуулсан 5 хэлэлцээр бий. Эдгээр хэлэлцээрт туссан зорилтуудыг бүрэн хэрэгжүүлэх, харилцааг өргөтгөж, агаарын тээвэр, спорт, эрүүл мэнд зэрэг салбарт хөгжүүлэхийг чармайх болно” гээд Катар Улс Монгол Улсад байнгын ажиллагаатай Элчин сайдын яамаа нээхэд дэмжлэг үзүүлнэ үү гэлээ.

Ноён Султан Аль-Мансури парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх нь харилцан туршлага, мэдээлэл солилцох, хоёр орны ардчиллын ололт амжилттай танилцах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх сайхан боломжийг олгоно гэдэгт итгэлтэй байна гэв.

Тэрбээр Булангийн орнуудад үүсээд байгаа хямралт байдлын талаар товч мэдээлэв.

УИХ-ын дарга М.Энхболд “Монгол Улс Булангийн бүх орнуудтай найрсаг харилцаатай. Үүсээд буй нөхцөл нь Булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн эв нэгдэлд сөргөөр нөлөөлж, бүс нутгийн аюулгүй байдлыг тогтворгүй болгох үр дагавартай. Тиймээс Монгол Улс сөргөлдөгч талуудыг асуудлаа аль болох ойлголцол, зөвшилцлөөр шийдээсэй гэж хүсэж байна. Монгол Улс асуудлыг энхийн замаар шийдвэрлэхэд зуучилж, дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна” гэлээ.

Түүнчлэн Катар Улс Улаанбаатарт Элчин сайдын яамаа нээхийг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлээд, “Катарын хууль тогтоох байгууллага Зөвлөлдөх Зөвлөлийн дарга Мохамед Бин Мубарак Аль-Хулейфи мэндчилгээ ирүүлж, эх орондоо айлчлахыг урьсанд гүнээ талархаж, урилгыг хүлээн авлаа. Та миний мэндчилгээг ноён Мохамед Бин Мубарак Аль-Хулейфид дамжуулж өгнө үү” гэж хүслээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.       

 
 
 
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • иргэн (202.72.245.122)

    2017-08-17

    МАН-ын дотрох хямралаа шийдэж чадахгүй байж юун Булангийн орны хямрал зохицуулах вэ?