“MONGOLIAN COAL”-ААС бид юу хүлээж байна вэ

 

Далайд гарцгүй, Азийн төв хэсэгт байрлах манай орны хувьд уул уурхайн баялаг, түүний дотор коксжих
болон хүрэн нүүрсний асар их нөөцтэй боловч түүхий эдийн үнийн цикл тохиосон үед ч боломжийг ашиглаж
чадаагүйг нүүрсний зах зээлийн мэдээллийг бэлтгэж дэлхий дахины мэлмий, сонорт хүргэдэг worldcoal.com сайтадонцлон дурдаж байлаа. Харин шинэ Засгийн газар эмхлэн байгуулагдсанаас хойш зарим нааштай үр дүн гарч эхэлсний нэг нь “Чалко” компанид төлөх 350 сая ам.долларын өрийг тэглэж, Тавантолгойн ордоос
олборлолт хийж буй “Эрдэнэс Тавантолгой” компани “уяанаас алдуурсан” явдал юм. Түүнээс хойш аз болоход дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ бага багаар өсч, тогтворжсон нь үр нөлөөгөө үзүүлж байна.

 

Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр энэ оны эхний долоон сарын байдлаар нүүрсний экспорт 1.4 тэрбум ам.долларт хүрсний 97 хувийг урд хөршид нийлүүлжээ. Энэ нь биет дүнгээр 20.8 сая тонн гэсэн үг юм. Нүүрсний экспорт ийнхүү өсөхөд Хятадын зах зээл, үүний дотор гангийн үйлдвэрлэл сэргэсэн, Хойд Солонгосын нүүрсний экспортод хориг тавьсан зэрэг гадаад хүчин зүйл илүүтэй нөлөөлсөн байна. Хятадын Гаалийн газраас өгсөн мэдээллээр Хойд Солонгост хориг тавьсны дараа Монголын нүүрсний нийлүүлэлт 20 хувиар огцом өсчээ.

 

Одоогоор дотоодын компаниудын хувьд Ганц мод, Гашуун сухайтын боомтоор голчлон экспорт хийж байгаа. Тавантолгойн нүүрсний бүлэг ордод олборлолт явуулж буй “Эрдэнэс Тавантолгой” компани оны эхний долоон сард 5.9 сая тонн нүүрс экспортолсон ба Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “ММС” буюу “Энержи ресурс” компани 250-300 сая ам.долларын ашиг олох төлөвтэй байгаагаа мэдэгдээд байна. Тус компани өнгөрсөн оны эхний хагас жилд 61.7 сая ам.долларын алдагдал хүлээж байсан юм. Орон нутгийн өмчит “Тавантолгой” компанийн хувьд эхний хагас жилд 255 сая ам.долларын борлуулалт хийсэн нь өнгөрсөн оны бүтэн жилийн орлогоос нь 44.0 хувиар давсан үзүүлэлт болж байна. Тэд 57.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Энэ бүхнийг дурдсаны учир нь ирэх сарын эхээр болох “Mongolian coal-2017” олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалттай холбогдож байгаа юм. Зөвхөн нүүрсний салбарт хөрөнгө оруулагчид цуглардаг энэ удаагийн чуулганд оролцохыг хүсэгчдийн лимит аль эрт дууссан байна. Энэ нь гадаадын хөрөнгө оруулагчид Монголын нүүрсний салбарыг хэрхэн сонирхож байгаагийн илэрхийлэл юм. Нөгөө талаар Монголын өмнөх Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчдад “хойд эцэг”-ийн дүр эсгэж, чанга хатуу хандсан ч зарим нэг компани төсөл хөтөлбөрөө үргэлжлүүлсээр байгаа нь бусдадаа сайн үлгэр дуурайл болох шиг боллоо.

Тухайлбал, Баруун Ноён уулын нүүрсний уурхайд олборлолтоо эхлүүлсэн “Terra Com” компани гурван сарын хугацаанд 179 мянган тонн нүүрс олборлож, 90 хувийг нь Хятад руу экспортолсноо 2015 оны тайландаа дурдсан байна.

Мөн Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Aspire mining” компани Монголын хойд хэсэгт нүүрсний болон төмөр замын шинэ төслөө үргэлжлүүлж байгаа билээ. Тэднийх Овоот металлургийн нүүрсний төсөл,
Noble групптэй хамтран “Энхговийн чулуу” төслөө хэрэгжүүлж байна. Тус компани Овоот төслийн хүрээнд хэрэгжүүлж буй төмөр замын төслөө амжилттай дуусгаж, Оросын Транс Сибирийн төмөр замын сүлжээнд холбож чадвал Монголоос Орос, Хятад руу хийх нүүрсний тээврийн хэмжээ 100 сая тоннд хүрэх боломжтой болох юм.

Энэ бүхнээс үзэхэд манай улсын эдийн засагт голлох нөлөөтэй уул уурхайн баялаг, ялангуяа нүүрсний экспортыг нэмэгдүүлэх хамгийн гол гарц нь төмөр зам гэдгийг дотоод, гадаадын мэргэжилтнүүд олон жилийн өмнөөс хэлж, ярьж байсан ч дорвитой ахиц гарсангүй.

Хамгийн сүүлд 2014 оны дөрөвдүгээр сард хамтарсан консорциум Гашуунсухайт-Ганц модны ордын 18 км төмөр зам барих ажлыг эхлүүлсэн ч төсөл цаасан дээр л үлдсэн. Уул уурхайн CRU группийн шинжээч Стефен Дак “Хэрвээ Монголын металлургийн нүүрсний өрсөлдөх чадварыг сайжруулъя гэвэл тээвэрлэлтийн зардлыг боломжит төвшинд бууруулах хэрэгтэй. Энэ нь төмөр зам. Нөхцөл байдал сайнаар үргэлжилсэн ч шинэ төмөр зам 2019 оноос өмнө ашиглалтад орох магадлал тун бага” гэж дүгнээд тухайн онд үсрээд 11 сая тонн нүүрс экспортлохоор таамаглаж байсан юм. Гэтэл бид энэ оны эхний долоон сард 20 сая тонн нүүрс экспортолсон байна.

Цаашид ч асар их боломж бий. Гэхдээ төмөр замын асуудлыг яаравчлах нь чухал гэдэг нь тодорхой. Тун удахгүй манай улсад болох олон улсын хөрөнгө оруулагчдын “Mongolian coal” чуулга уулзалт энэ бүхэнд хариу өгөх байх гэж найдаж байна. Үүнд мэдээж Монголын төрийн бодлого, хууль эрх зүйн орчин чухалнөлөөтэйг умартаж болохгүй.

 

Д.МӨНХЖАРГАЛ 

Монголын үнэн сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)