Оюутны дотуур байр 385-850 мянган төгрөгийн төлбөр авна

 

Орон нутгаас нийслэлийг чиглэх цуваа нэмэгдэж, төрийн байгууллагууд хичээлийн шинэ жилд бэлтгэж эхлээд байна. Тухайлбал, төв замын ачаалал эрс нэмэгдэх үетэй холбогдуулж, төв замын хөдөлгөөнд зохицуулалт хийгээд хоёр хонож байна. Энэ үеэр орон нутгаас ирсэноюутнуудын дунд дотуур байрны эрэлт хэдийнэ үүсчээ. Үүнийг дагаад төлбөр нэмэгдэх вий гэсэн айдас ч оюутнуудын дунд байгаа аж. Энэ жилийн хувьд төрийн өмчийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулийн нийт 44 дотуур байранд 13 мянга орчим оюутан хүлээж авах төлөвтэй гэсэн мэдээллийг Монголын оюутны холбооны зүгээс өгч байна. Үүнээс үзэхэд дунджаар нэг дотуур байр 300 орчим оюутан хүлээн авдаг болж таарах нь.

Гэвч “Оюутны өргөө” гэх мэт цөөн хэдий ч багтаамж ихтэй оюутны дотуур байр бий. Харин тус холбооны дэд ерөнхийлөгч Н.Санчирбаатар “Зарим дотуур байрны бүртгэл ирэх 22-ноос эхэлнэ гэсэн мэдээлэл байна. Харин 25 гэхэд бүх дотуур байр бүртгэлээ хийж, оюутнуудаа авч дуусах байх” гэж ярив. МОХ-ноос жил төрийн өмчийн их сургуулийн харьяа бүх дотуур байраар явж засварын ажилтай танилцдаг аж. Энэ жилийн хувьд урсгал засвараа дотуур байрууд маш сайн хийсэн гэнэ.

Харин төлбөрийн тухайд энэ жил өөрчлөлт орохгүй гэдгийг МОХ болон төрийн өмчийн зарим их сургуулийн зүгээс хэлж байна. Тухайлбал “Оюутны өргөө” ирэх хичээлийн жилд 850 мянган төгрөгийн хөлсөөр нэг оюутан амьдруулах аж. Энэ нь нэг сарын төлбөрт тухайн оюутан 90 мянга орчим төгрөг төлж байна гэсэн үг юм. МОХ-ны зүгээс “Оюутны өргөө” цогцолборт гэрээ байгуулсан их, дээд сургууль, коллеж, МСҮТ-д тодорхой оюутныг оруулах хяналтын тоог өгдөг гэнэ. Гэхдээ дотуур байранд орох оюутнууд өөрсдийн сургуулийн Сургалтын албанд хандан гэрээ байгуулсан байх шаардлагатай гэсэн “босго” тавьдаг байна.

 

 

Өөрөөр хэлбэл, тухайн сургууль оюутны байртай гэрээ байгуулаагүй тохиолдолд оюутан оруулах боломжгүй гэсэн үг. Тэгвэл 2015-2016 оны хичээлийн жилд тус цогцолборт амьдрах оюутны сарын төлбөр 78 мянган төгрөг байжээ.

Мөн тухайн жил МУИС-ийн дотуур байрны нэг жилийн төлбөр 400 мянгаас 630 мянга, МУБИС-ийнх 65 мянгаар нэмэгдэж, 385 мянга болж байж. АШУҮИС 380 мянгаас 430, ШУТИС 400 мянгаас 450, “Улаанбаатар” их сургууль 400 мянгаас 450 мянга болгон нэмсэн байна. МУИС-ийн хувьд жилдээ 3000 гаруй оюутныг дотуур байраар хангадаг бол ШУТИС 1800, МУБИС 2500 орчим оюутан хүлээн авдаг аж. Харин тэд үнийн хувьд энэ жил өөрчлөлт оруулахгүй байхаар болжээ. Албаны эх сурвалжуудын мэдээлж буйгаар үнэд өөрчлөлт орохгүй байх боломжтой гэнэ. Учир нь, энэ жил 30 гаруй мянган оюутнаар их дээд сургууль бүл нэмэхээр байгаа гэнэ. Энэ нь одоогоос хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад 20 гаруй хувиар өссөн үзүүлэлт юм.

Оюутан ихээр элсэх тусам сургалтын төлбөр болоод дотуур байрны хөлс тогтвортой байдаг хандлага бий. Одоогоор нийслэлд байрлах оюутны дотуур байрны жилийн төлбөр дунджаар 600 орчим мянга байгаа юм. Үүнээс гадна Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Г.Чулуунбаатар их дээд сургуулийн захирлуудтай уулзах үеэрээ ирэх хичээлийн жилд сургалтын төлбөрийн хэмжээг өмнөх оныхоос нэмэгдүүлэхгүй байх чиглэл өгсөн. Үүний хариуд захирлууд “Сургалтын төлбөрийг аль болох нэмэхгүй” гэсэн байр суурьтай байгаагаа ч илэрхийлсэн.


Одоогоор ШУТИС, ХААИС, АШУҮИС төлбөртөө өөрчлөлт оруулах эсэх талаар шийдвэр гаргаагүй байгаа бол СУИС, МУИС, орон нутагт байрлах салбар сургуулийнхаа төлбөрийг нэмэгдүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн байна. Үүнийг дагаад дотуур байрны төлбөрт ч өөрчлөлт орохгүй аж. Үүнд:

МУИС 630 мянга
МУБИС 385 мянга
АШУҮИС 430
ШУТИС 400-550 мянга
“Улаанбаатар” их сургууль 450 мянга
“Их засаг” 450 мянга
“Хүмүүнлэг” 650 мянга

ХАЖУУ ӨРӨӨ ба
НИЙТИЙН БАЙР


Монгол Улс жилд 13 мянга орчим оюутан дотуур байраар хангадаг гэж үзвэл энэ нь нийт оюутны ердөө 10 гаруй хувь юм. Тиймээс орон нутгаас ирсэн маш олон оюутанд “толгой хоргодох газар” хэрэг болдог. Тэгээд ч жил бүрийн энэ үед хажуу өрөө, нийтийн байрны түрээсийн үнэ өсдөг зүй тогтолтой. Зарын сонин, цахим хуудсуудад байгаа мэдээллээс үзвэл энэ намар орон сууцны хажуу өрөөний сарын түрээсийн төлбөр 220 мянгаас эхэлж байна.

Мэдээж байршил, шинэ хуучин орон сууц зэргээс шалтгаалж харилцан адилгүй. Гэвч түрээслэгчдийн хувьд төлбөрөө хамгийн багадаа гурваас дээш сараар авах хүсэлтэй байдаг байна. Тухайлбал, “Тэнгис” кино театрын ард байрлалтай орон сууцанд элдэв муу зуршилгүй, нэг оюутан эмэгтэйд хажуу өрөө хөлслүүлнэ...” гэсэн зарыг илгээсэн иргэн төлбөрийг 10 сараар нь авна гэсэн “босго” тогтоож өгчээ.

Энэ жишээнээс үзвэл нэг оюутан хамгийн багадаа ирэх хичээлийн жилд амьдрах орон сууцандаа 2.2 сая төгрөг зарцуулахаар байгаа юм. Тэгвэл гэр хороололд байрладаг, нэг өрөө нь 10 гаруй ам.метр талбайтай байдаг нийтийн байрны сарын түрээс 100-200 мянган төгрөг болж байна.

Тодруулбал, Чингэлтэй дүүрэг, Зурагтад байрлах нийтийн байр сарын түрээсээ 130 мянгаар тогтоосон бол Хайлааст, 5 буудалд байрлах нийтийн байр 100 мянгаар тогтоожээ. Одоохондоо сарын түрээс 100 мянга байгаа хэдий ч өвөлдөө халаалт, цахилгаан зэрэг шалтгаанаар 50 мянган төгрөгөөр нэмдэг байна.

 

Д.ГАНБААТАР

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)