Ким Жон Ун армийнхаа төлөвлөгөөтэй танилцав

 

Умард Солонгосын Ардын армийн удирдлага Номхон далай дахь АНУ-ын цэргийн түшиц газар Гуам арал руу пуужин харвах төлөвлөгөөгөө удирдагч Ким Жон Унд энэ сарын 14-нд танилцуулжээ. Тус улсын Цахилгаан мэдээний агентлагийн мэдээлснээр, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун АНУ-ын үйлдлийг нухацтай ажигласныхаа дараа Гуам арал дахь бааз руу пуужин харвах эсэхээ шийдэх аж.

АНУ-ын бөмбөгдөгч нисэх онгоцууд байрладаг Гуам арлын Андерсон баазыг чиглүүлэн дөрвөн пуужин харвах төлөвлөгөө боловсруулж эхэлснээ Пхеньян өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн билээ. Эх сурвалжид дурдсанаар “Удирдагч Ким Жон Ун Батлан хамгаалах яамныхаа боловсруулсан төлөвлөгөөтэй нухацтай
танилцаж, армийн удирдах албан тушаалтнуудтай ярилцаж, зөвлөлдсөн” гэв. Умард Солонгосын удирдагч “Манай улсыг олон тооны стратегийн цөмийн зэвсэг, техник хэрэгслээр бүсэлсэн АНУ зөв шийдвэр гаргах хэрэгтэй.

Хэрвээ тэд Солонгосын хойгийн нөхцөл байдлыг намжааж, цэргийн мөргөлдөөн болохоос урьдчилан сэргийлэхийг хүссэнээ үйлдлээрээ бидэнд үзүүлэх хэрэгтэй” гэж Төв телевизээрээ ард түмэндээ хандан мэдэгджээ. Тэрбээр пуужин хөөргөхөд бэлэн байхыг армийнхандаа үүрэг болгосон байна. Пхеньян дахь эх сурвалжуудын мэдээлж буйгаар Умард Солонгосын 3.5 сая иргэн АНУ-ын эсрэг дайнд эх орноо хамгаалан тулалдахаар сайн дураараа цэрэгт татагджээ. Тус улсын арми энэ сарын дундуур Гуам аралд цохилт өгнө гэсэн мэдээлэл олон улсын анхаарлын төвд байгаа билээ. Энэ бол Вашингтоны эрх баригчдад өгөх Пхеньяны анхааруулга гэдгийг шинжээчид онцолж байна.

Тодруулбал, БНАСАУ “Хуасон-12” загварын дунд зайн тусгалтай дөрвөн пуужинг Гуам арлыг чиглүүлэн хөөргөж магадгүй гэж АНУ-ын цэргийн тагнуулууд таамаглаж байгаа юм. Пуужингууд Японы Шиманэ, Хирошима болон Коти муж дээгүүр нисч 18 минут буюу 1065 секундэд 3356 км зай туулахаар төлөвлөжээ. Умард Солонгосын харвасан пуужин Гуам дахь Андерсоны цэргийн баазаас 30 километр зайд далайд унана гэж тооцоолж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Пхеньян Вашингтонд заналхийлвэл хариуд нь “Гал болон уур хилэнгээр хариу барина” хэмээн мэдэгдсэн. Тэрбээр Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтай өнгөрсөн ням гарагт утсаар ярихдаа “Вашингтоны засаг захиргаа БНАСАУ-ын зүгээс учирч буй цөмийн аюулыг арилгахын тулд дипломат болон эдийн засгийн арга хэмжээ авна. Хэрвээ үр дүнд хүрэхгүй бол цэргийн хүч хэрэглэхэд бэлэн байна” гэжээ. БНАСАУ болон АНУ хооронд дэгдсэн “үгэн” дайн үйлдэл дээр ямар байх талаар олон улсын цэргийн шинжээчид өөрсдийнхөөрөө тайлбарлаж байна.

Хэрвээ Умардын тал устөрөгчийн бөмбөг үйлдвэрлэсэн тохиолдолд байдал улам хурцадна гэж “Вашингтон пост” сонинд бичжээ.

Х.ЭРДЭНЭЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)