Ч.Солонго: Миний бийрийн яриа

 

Уран бүтээлч Ч.СОЛОНГО дөрөв дэх бие даасан үзэсгэлэнгээ дүрслэх урлагт шимтдэг үзэгч, сонирхогчдодоо толилуулахад бэлэн болжээ. Салбартаа өөрийн орон зайгаа бүрдүүлж чадсан түүний бүтээл дахин давтагдашгүй. Урлаг судлаачдаас өндөр үнэлгээ авсан уран бүтээлчтэй ярилцах зуур энэ удаагийн үзэсгэлэнгээ “Солонгын долоон өнгө” хэмээн нэрийдсэнийг сонслоо. Цэцэг мэт өнгө алаглах долоон өнгөөр ертөнцийн түмэн зүйлсийн хэсгээс хэрхэн илэрхийлснийг өнөөдөр “BUM” арт галерейд нээлтээ хийх үзэсгэлэнд зочилж үзэх боломжтой ажээ.

 

Би үзэсгэлэнг уран бүтээлчийн ажлын тайлан гэж боддог. Энэ удаад та үзэгч олондоо ямар уран бүтээлээ толилуулах гэж байна вэ?

-Баярлалаа. Тийм шүү. Чөлөөт уран бүтээлч хүн үзэсгэлэнгээ уран зураг сонирхдог үзэгч түмэндээ хүргэх нь тайлагнаж байгаатай адил юм. Бид чинь ингэж л хүмүүст урлагийг хүргэдэг. Бас өөрийнхөө хүчийг сорьдог. Энэ удаагийн үзэсгэлэндээ би сүүлийн үеийн бүтээлээ оруулсан. Урьд нь нэг сэдвийн хүрээнд уран бүтээлээ тайлагнадаг байсан бол энэ удаа олон өнцгөөс харж болохоор онцлогтой үзэсгэлэн гаргахыг хичээлээ.

 

-Бурхны сэдэвтэй монгол зургийн аргаар бүтээсэн бүтээлийг тань үзэгчид андахгүй. Энэ удаагийн үзэсгэлэнд энэ сэдвээ үргэлжлүүлэх үү?

 

-Энэ сэдэв маш өргөн хүрээтэй. Өмнө нь 108 цамын сэдвээр үзэсгэлэн гаргахдаа “Цамын тухай ийм байсан, тийм уламжлалтай байсан шүү” гэдгийг таниулах, уран зургаар ойлголт өгөх зорилготой байлаа. Энэ удаад аливаа зүйлд баригдахгүй чөлөөтэй зурснаараа илүү онцлогтой.

 

-Чөлөөтэй гэхээр шашнаас өөр сэдвийн зураг зурсан гэсэн үг үү. Ийм бүтээлээсээ нэрлэвэл?

 

-Хийморь, эр зориг, зүүд, Чингис хааны хөрөг зэрэг сэдэв бий. Бүтээл бүрт яг л солонгын долоон өнгө шиг өнгө өнгийн сэдэв, санаа, бодол, гунигаа “тусгасан”.

 

 

-Үзэсгэлэнгээ ямар бэлгэдлээр “Солонгын долоон өнгө” гэж нэрлэсэн юм бэ?

-Миний бүтээлүүд солонгын бүх өнгөөр цацарч байгаа. Намайг Солонго гэдэг. Би Солонгын долоон өнгө гэдэг хийморьтой зураг хоёрыг бүтээсэн. Амьдралд дөнгөж хөл тавьж байх үед сонин дээрээс хүмүүсийн нэр тухайн хүний яаж амьдрах ямар явахтай шууд холбоотойг уншсан. Тэр үед Солонго нэртэй хүмүүс тийм ч бүтэлтэй байдаггүй. Нэр шигээ хоосон зэрэглээ шиг гэж бичсэнийг уншаад ээждээ энэ тухай хэлсэн. Тэгэхэд ээж минь “Юу гэж дээ. Миний охинд солонгын бүх өнгө оршиж өнгө өнгөөр цацарна” гэж хэлж байсныг бодож энэ удаагийн үзэсгэлэндээ солонгын долоон өнгөтэй морийг зурсан.

 

-Тэр нь таны онцлох бүтээл үү?

 

-Би бүх бүтээлээ онцолно. Бүгд л миний бийрийн яриа. “Энэ бүтээлдээ илүү хайртай” гэж ярьдаггүй. Бүх бүтээлдээ бие сэтгэл, хүч оюунаа дайчилж чин сэтгэлээсээ зурдаг учир надад бүгд онцгой санагддаг.

 

-Зураасан зураг болон монгол зургийн аргаар бүтээл туурвихад нарийн ажиллагаа шаарддаг. Урт хугацааны туршид бясалгал хийсний үндсэнд бүтээл төрдөг болов уу?

 

-Тийм ээ. Монгол зураг, зураасан зураг маш нарийн ажиллагаа шаарддаг. Энэ төрлийн онцлог нь энэ л дээ. Бүтээл янз бүрийн байдлаар төрнө. Сэтгэл хөөрөх, гутрах, гуних,баярлах мөн удаан бясалгах гээд янз бүр байдаг. Энэ нь зураачдын өөр өөр зан байдалтай холбоотой юм шиг санагддаг. Зарим зураач бүтээлээ богино хугацаанд зурдаг бол бодож, бясалгаад л явж явж нэг өдөр бүтээлээ хийдэг нь ч бий. Би тэдний удаан бодож бүтээлээ хийдэгт нь орох байх.

 

-Өнгө хувьсамтгай зүйл ч зураач хүний хувьд өөрийг нь илэрхийлэх гол зүйл болдог. Таны бүтээлд ямар өнгө давамгайлдаг вэ?

 

-Өнгө таны хэлсэнчлэн хувьсамтгай. Зураач хүнийг илэрхийлдэг ч нэг янзаараа байдаггүйг би ажигласан. Өөрийн болон бусдын бүтээлийг харахад өнгө нь хувьсаж, өөрчлөгдсөн байдаг. Тэр нь тухайн зураачийн сэтгэл зүйтэй холбоотой юм болов уу. Их бараан суурь өнгөтэй бүтээл хийдэг байснаа хурц тод болсон байдал ажиглагддаг. Эсвэл завсрын зөөлөн өнгөтэй байснаа эрс тэс өнгө рүү орох жишээтэй. Зураач хүнд нэг төрлийн өөрийг нь илэрхийлэх өнгөнөөс гарч өөр өнгө рүү орох үе бий. Намайг хурц тод өнгөтэй гэдэг. Урьд нь би бүүдгэр завсрын өнгөөр зурдаг байсан нь бүтээлээс харагддаг.

 

-Та тод өнгөөр тоглодог юм шиг санагдсан. Энэ таны сонголт уу, эсвэл хэвшил үү?

 

-Өнгөөр тоглодог  гэж хэлсэн нь сайхан санагдлаа. Үнэхээр тоглодог шүү. Сонголт ч байдаг. Мөн дадал болсон байдаг юм.

 

-Таны бүтээлийг байгууллагууд өөрсдийн нүүр царайгаа болгож онцлох бүтээгдэхүүнийхээ өнгө төрх болгосон. Одоо хамтран ажиллаж буй болон ажиллах гэж байгаа газар бий юү?

 

-Өвөрмонголын Шилийн голын монгол үндэсний сургуульд урилгаар багшлах санал ирсэн. Кристина Нобелийн сангийн асрамжийн хүүхдүүдэд зураг заах хамтран ажиллах батламж ирээд байна.

 

-Уран бүтээлчийн туйлын зорилго гэж бий. Таны хувьд?

 

-Уран бүтээлч бүгд л ижил зорилготой байдаг байх гэж би боддог. Бид чинь соёлын өвийг биедээ тээгчид учраас хэдэн зуунаар дамжих гайхалтай бүтээлийг төрүүлэхийн төлөө л амьдардаг. Тийм бүтээл төрүүлэх нь миний туйлын зорилго.

 

-Өөрийн мэдсэн сурснаа уламжлуулан үлдээх гарын шавь бэлтгэж байгаа юу?

 

-Би олон шавьтай. Саяхан нэг гайхалтай уран бүтээлч надад их сайхан урмын үг хэлсэн. Тэр хүн “Би чиний гарын шавь Сувдмаа гэж энэ охины бүтээлүүдийг хараад Солонгоо өөрийгөө, өөрийнхөө бүтээлийг, өөрийнхөө үргэлжлэлийг, өөрийнхөө эрдмийг үлдээж чаджээ” гэж хэлсэн. Ингэж хэлэхэд нь би их баярлаж бас шавиараа бахархсан.

 

Ч.Солонгын цамын бүтээлийн талаар урлаг судлаачид юу хэлэв

П.Цогзол /Урлагийн гавьяат зүтгэлтэн, киноны зураач/ -Монголчууд бид хуучнаа сэргээж, Чингис хаанаа сэргээж, ард түмэн маань шашин шүтлэгээ сэргээж буй энэ шинэ эрин үетэй мөр зэрэгцэн цамын цуврал бүтээлээ бүтээсэн Солонгоо зураачдаа баярлаж, мэхийн хүндэтгэж байна. Энэ бүтээлч маань зураачийн хувьд ганц нэгэн зураг бүхэл том хэсгийг хийж чадсанаараа агуу зураачдын мөрт замаар орж, нээлт хийж чадсанд нь дахин дахин баяр хүргэмээр байна. Мэдлэг чадвартай хүмүүс ярих юм бол дүрс болгоны төлөө, хөдөлгөөн, болгоны төлөө бүгдийг ярьж болно. Нэг зураг нь хэдэн хуудас ярихаар зураг зурсан байна. Энэ нь зүгээр нэг зураг биш олон үе уламжлагдан ирсэн хатуу дэг журмын дагуу хийснээрээ онцлог. Нөгөө талаар харахад энэ нь Хятадын ч юмуу, Японы зураач зурсан биш монгол гэсэн уламжлал дүр төрхийг хадгалж чадсан зураач юм. Энэ бол бүтээлд их чухалд орох зүйл юм. Ер нь монгол зургийн зураачдаас ингэж бүхэл бүтэн хэсгээр зурж байгаагүй. Энэ нь цаг үе нөлөөлсөн мөн энэ зураачийн уйгагүй бүтээлч чанар харагдаж байна. Ингээд зураачдаа цаашдын урлан бүтээх үйлст нь өндөр амжилтыг хүсч байна.

А.Батчулуун /УСШУ-ы доктор, профессор, академич урлаг судлаач/

-Эдгээр цамын уран бүтээлүүдэд маш өндөр сэтгэгдэлтэй байна. Яагаад гэвэл, зураач Үржингийн Ядамсүрэн гуайн 80 гаруй жилийн өмнө бодож санасан бүтээж байсан үеийн үргэлжлэл шиг санагдаж байна. Үртэй болгон дэлгэрдэг юм хойно. Энэ урлаг соёл цэцэглэн хөгжиж Солонго зураачийн бүтээлүүд бүтээгдэн үлдэж байгаа явдал нь жигтэй сонин том үйл явдал гэж бодож байна. Үүнийг би Б.Ренчин багш Ү.Ядамсүрэн гуай хоёрын ярьж байсан ярианаас сонсч байсан. Хачирхан үзэхийн цаг дуусч харшуулан үзэхийн цаг ирэхэд бид мөнх гэж хэлж байсан. Ийм л үйл явдал болсон байна хэмээн бодож би их баяртай байна. Тэр тусмаа Солонго зураачийн эдгээр бүтээлүүд нь зурлага бичлэг, зохиомж, уран хэтрүүлэгтэй үндэсний урлагийн үнэр танартай сайхан бүтээлүүд болсон байна. “Сорыг галд хаяж байгаа нь” гэдэг бүтээл, эдгээр хөргүүд, цамын болон бурхан шашны нүдээр үзэхүйц билэгт урлагийн бүтээл, үл үзэгдэхүйц дүрслэлийг ямагт дотогшоогоо хандаж, хүний дотоод ертөнц бурхны гэгээрлийн дотоод ертөнц амьдралын мөн чанарыг хослуулсан их сонирхолтой бүтээлүүд болжээ. Цаашдаа ийм залуучуудыг их дэмжээсэй. Энэ бол бурхны урлаг хэдий ч урлагийн талдаа их давуу жинтэй бүтээлүүд болсон байна.

 

Б.СЭЛЭНГЭ

www.unen.mn

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)